Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорих дотоодын аялагчдын тоо 30 хувиар өсжээ

Монгол орны аялал жуулчлалын тулгуур бүс болсон Өвөрхангай аймгийн Хархорин сумыг  энэ зуны хоёр сарын хугацаанд 75 мянган дотоодын аялагч зорин очжээ. Харин өмнөх жилүүдэд дотоод болон гадаадын  нийлээд 40-50 мянган жуулчин зорин очдог байжээ. Аялагчид тус сумын Эрдэнэ зуу хийд болон Хархорин музейн түүхэн дурсгалт үзвэрүүдийг илүүтэй үздэг байна.

Эртний нийслэл Хархорум хотын нэрээр нэрлэгдсэн Хархорин музей Улаанбаатар хотоос 360 орчим км-ийн зайтай оршдог.  Хархорум хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг тус музейг 9 жилийн өмнө байгуулж байсан юм. Дотоодын болоод гадаадын жуулчдын сонирхлыг татах энэ музейн үзэгчдийн 70-80 хувийг гадаадын жуулчид эзэлдэг. Харин энэ жил ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор гадаадын бус дотоодын аялагчдын тоо жил жилийнхээс 30 хувиар нэмэгджээ.

Хархорин музейн захирал Л.Шинэбат “Манай Хархорин музей 2011 онд нээлтээ хийсэн. Хархорум хот болон Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах олон нийтэд сурталчлах, судалгаа хийх, боловсрол олгох зорилготойгоор Япон Улсын буцалтгүй тусламжаар баригдсан.  Музей хоёр үзэсгэлэнгийн танхимтай. Ихэвчлэн Орхоны хөндийн түүхт газруудаас илэрсэн олдворуудыг үзэж болно"

Хархорин музей, Эрдэнэ зуу хийдийг өдөрт дунджаар 2200 орчим хүн зорин очдог. Гадаадын аялагчид сонгодог утгаар буюу хогоо ил задгай хаяхгүй үзвэрээ үзээд буцдаг бол манай улсын дотоодын аялагчид хогоо ил задгай хаяж, байгалийн дурсгалт газрыг гэмтээж байгааг нутгийн олон хэлж байлаа.

Л.Энхбат: Орхон голын соёлын дурсгалт газруудыг бохирдуулах үзэгдэл их гарч байна

Хархорин сумын засаг дарга Л.Энхбат “Бид Соёлын яамтай болсон. Соёлын дурсгалт газруудаар монголчууд аялахдаа хэрхэн аялах талаар сургалтыг маш сайн хиймээр байна. Байгаль орчинд цэвэр, соёлтой аялах ухамсрыг иргэддээ суулгаж өгөхгүй бол бас л Орхон голын соёлын дурсгалт газрыг бохирдуулах зүйл байнга илэрч байна.  Энэ жил дотоодын аялал жуулчлалдаа нэлээд өргөн хүрээнд явагдлаа.  Энэ хүрээнд орон нутгийн хувьд нэмж хийх ажлуудад хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг нь харагдлаа. Дэд бүтэц, бие засах газрын асуудлыг шийдэх гээд олон зүйлс орон нутагт тулгарч байна” гэв.

Хархорин сум 12500 орчим хүн амтай. Энэ жилийн хувьд Хархорин суманд улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хархорин музей, эрдэнэ зуу хийдийг холбосон  аялал жуулчлалын гудамж, задгай театр байгуулахаар болсон байна. Үүний хүрээнд Хархорины хэмжээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэд бүтцийг шийдсэн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.