"Бага насны хүүхдийг хөхөөр хооллох нь CoVid19 халдвараас сэргийлэх нэг арга"

Эрүүл мэндийн яамнаас CoVid19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар 216 улс оронд бүртгэгдэж 17 сая 693 мянган хүн халдвар авсан байна. Үүнээс 683 мянган хүн эндэж, 11 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

24 цагийн хугацаанд 289 мянган хүн шинээр халдвар авч, 6000 хүн нас барсан байна. АНУ-д 69 мянга, Энэтхэгт 54 мянга, Бразилд 45 мянган хүн халдвар авсан нь өвчлөл өндөртэй эхний гурван орон болж байна.

ОХУ-д 5462 хүн халдвар авч, 95 хүн энджээ. БНХАУ-д 179 тохиолдол шинээр бүртгэгдсэний 16 нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Япон улсын хувьд сүүлийн хоёр өдөр халдварын тархалт нэмэгдэж байна. Тус улсад 24 цагийн хугацаанд шинээр 1536 хүн өвчилж, хоёр хүн нас барсан.

ДЭМБ-ын Онц байдлын хорооны дөрөв дэх хурал өчигдөр болсон. Энэ хурлаар цар тахлын эсрэг урт хугацааны хариу арга хэмжээ авах шаардлагатайг хэлсэн. Өвчлөл өндөртэй байгаа улс орнууд ямар хариу авч байгааг дурдъя. Тухайлбал, Англи улсын хувьд бүх хүн амны хаалт зүүхийг анхааруулж байна. Албан байгууллага ажилчдаа хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Хэрвээ ажлын орчин нөхцөлөөс хамаарч ажилтан нь халдвар авсан бол тухайн байгууллагад хариуцлага тооцохоор болжээ. Европ, Азийн зарим орны эрдэмтэн судлаачид бохирын уснаас коронавирус илрүүлжээ. Тиймээс хүүхдээ бохир усанд тоглуулахгүй байх, түүхий ус хэрэглэхгүй байхыг эрдэмтэд анхааруулж байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд өчигдөр өөрийн оронд үйлдвэрлэсэн вакциныг аравдугаар сард хийж эхлэхээр болсныг зарласан. Ингэхдээ эмнэлгийн ажилтнуудад вакциныг эхэлж хийхээр болсон байна. АНУ-ын Халдварт өвчин, харшил  судлалын үндэсний төвийн захирал 2021 оны эхээр CoVid19 халдварт өвчний вакцин бэлэн болохыг мэдэгдсэн. Улмаар эрсдэлт нөхцөлд байгаа иргэдээ эхэлж вакцинжуулна гэсэн байна.

АНУ-ын Манчестерийн их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар авч эдгэсэн 121 хүнд судалгаа хийхэд удаан хугацааны туршид сонсох чадвар алдагдаж байгаа нь мэдэгджээ.

Манай улсын хувьд өчигдрийн байдлаар 2782 хүн гэрийн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байна” гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Маргаашаас Хөхөөр хооллох дэлхийн долоо хоног эхэлж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас бага насны хүүхдийг хөхөөр хооллосноор дархлаа тогтож, CoVid19 халдвараас сэргийлэх нэг арга болно гэдгийг анхааруулсан. Улмаар бүх эхчүүдийг бага насны хүүхдээ хөхөөр хооллохыг уриалж байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ok

    0 0 Хариу бичих