Бейрутын дэлбэрэлтэд одоогоор 135 хүн нас барсан нь тогтоогдоод байна

Бейрут хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчдын хэлж байгаагаар аммонийн нитрат гэх бодисыг аюулгүй байдлын арга хэмжээ авалгүйгээр Бейрут боомтод олон жилийн турш хадгалж байсан гэлээ.

Оросын мэдлийн хөлөг онгоцоор 2750 тонн аммонийн нитратыг 2013 онд анх Бейрутад хүргэсэн байна. Тодруулбал, тус бодисыг хөлөг онгоцоор Гүржээс Мозамбикруу тээвэрлэж байсан аж. Бейрутад ирэх төлөвлөгөөгүй байсан боловч тус боомт дээр ирснээр техникийн зөрчлөөс шалтгаалан боомтын захиргаа саатуулсан байжээ.

Тус боомтын гаалийн дарга энэхүү химийн хүчтэй бодисыг боловсруулах болон устгалд оруулах талаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан байна. Түүний нэг нь эмгэнэлт явдал болохоос дөрвөн сарын өмнө аж. Мөрдөн шалгалтын үеэр аюултай ачааг бүхэл бүтэн зургаан жилийн дотор яагаад байлгасан  бэ гэдгийг нарийвчлан тогтоохыг зорьж байгаа аж.

Тус дэлбэрэлтэнд одоогийн байдлаар 135 хүн амь насаа алдаж, 5000 гаруй хүн гэмтэж, боомтын ихэнх ажилчин далай руу шидэгдсэн байна. Одоогоор 100 гаруй хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Бейрут хотын захирагч Марван Аббуд  “Дэлбэрэлтийн улмаас 10-15 тэрбум ам.долларын хохирол амсаад байна” гэжээ.

Франц улс дэлбэрэлтийн улмаас гарз хохирол амсаад байгаа Ливан улсын Бейрут хот руу эмч болон эмнэлгийн хэрэгслийг илгээхээ твиттер хуудсаар мэдэгджээ. Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казыми мөн Бейрут хотод тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Өнөөдөр Иракаас эмнэлгийн тусламж зөөсөн онгоц Ливаныг зорих юм. Түүнчлэн ДЭМБ гэмтэж шархадсан иргэдэд мэс заслын эмчилгээний хэрэгсэл илгээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оросууд үүнд хамаагүй. Хужаанууд юм уу америкууд тэгсэн байх.

    1 0 Хариу бичих