"CoVid19 халдвар авсан 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа"

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийт 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд наймдугаар сарын 5-нд АНУ-аас ирсэн  251 иргэн, тусгаарлалтад байгаа 53 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ хамаарч байгаа. Халдвар авсан 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Энхийг сахиулагч 14, долдугаар сарын 6, 15-нд ирсэн хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. 

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 33 хүн эмчлүүлж байна. Тэдний 30 нь хөнгөн, гурван хүндэвтэр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д эмчилгээ тандалтад 60 хүн байгаа. Халдвартын клиникт наймдугаар сарын 1-нд БНСУ-аас ирсэн нэг иргэн ажиглалтад байгаа. Коронавирусийн гурван удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан. Элэгний хатууралтай, өөрчлөлттэй хүн байгаа. Тухайн хүний биеийн байдал маш хүнд байгаа. 

Өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 07.30 цагт газардсан. Онгоцноос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлаад байна" гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)