Тээврийн товчоодод 24 цагийн эргүүл ажиллана

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй тарваган тахлын аюулаас сэргийлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн авто тээврийн товчоогоор наймдугаар сарын 15-аас аравдугаар сарын 15-ныг хүртэл 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл ажиллахаар болжээ. Авто тээврийн товчооноос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллах аж.

Түүнчлэн энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн байна.  Мөн гэнэтийн шалгалтаар БГД-ийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлсэн байна.

Улмаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ил шархгүй үхсэн тарвага байсныг олж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, сэг зэмээр нь оролдохгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэдэд зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэж явахгүй байхыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)