Ногоон дадал

Чиний ертөнц дээрх бодит үнэ цэнэ чиний сайн зуршлуудаас мууг нь хасаад үлдэх тэр зүйл.

Бэнжамин Фрэнклин

Нэгэнт дадал, зуршил болсон зүйл бидний тархины заавал хийх ёстой ангилалд ордог ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах шат дамжлага болон бусад бүх зүйл маш зохион байгуулалттай, эмх замбараатайгаар биднийх болсон байдаг. Яг л компьютер комманд гүйцэтгэж буй мэт. Бид бүгдээрээ нэг дэлхийтэй. Хүрээлэн буй байгаль орчноо хамгаалахын тулд бид энгийн ногоон дадлуудыг бий болгох хэрэгтэй. 

Хог ангилан хаях дадал

Байгальд ээлтэй хэрэглээний сонголт хийх. Энэ нь амьдралынхаа туршид хэрэгжүүлэх урт хугацааны процесс юм.  Хог хаягдалгүй, хүрээлэн буй орчиндоо хор хөнөөл багатай амьдрах амьдралын нэгэн хэв маяг. Хогийг хогийн саванд хийвэл хог болно. Хэрэв дахин боловсруулах боломжтойг нь дахиварын үйлдвэрт хүргэвэл бүтээгдэхүүн болох боломжтой юм. Эко хэрэглээ зарим үед зөрчилдөж байдаг. Жишээ нь, эко бүтээгдэхүүн гэсэн шошготой, хуванцар савтай, байгалийн гаралтай шампунь. Энэ нь нэг талаараа химийн найрлагагүй хийгдсэн шампунь хэрнээ нөгөө талаараа хуванцар савтай учраас хог хаягдал үүсгэнэ гэх мэт. Нэг ширхэг хатуу шампунь, ангижруулагч нь дөрвөн ширхэг хуванцар савтай шампунь, ангижруулагчтай тэнцэнэ. Дунджаар жилд 12 ширхэг хатуу шампунь, 12 ширхэг хатуу ангижруулагч хэрэглэнэ гэж тооцвол нийт нэг хүн 48 ширхэг хуванцар савнаас татгалзах боломжтой гэх тооцоолол ч байдаг. Энэ бүтээгдэхүүн нь хог хаягдалгүй, байгалийн гаралтай жинхэнэ эко бүтээгдэхүүн нь юм байж. Гэтэл Монголд дандаа үүнийг худалдан авах, гадуур их борлуулалт болон хүн бүр хэрэглэх боломж бий юү? Үнийн судалгаа хийхэд хамгийн хямдхан нь 15000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй. Монгол орны өнцөг булан бүрт, сумын жижигхэн дэлгүүрт ч зарагддаггүй болохоор энэ нь хог хаягдал багасгах асуудалд нөлөөлөх явц нь удаан. Зөвхөн бидний өргөн хэрэглээний үс цэвэрлэх бүтээгдэхүүний хаягдал  л ийм байна. Цаашлаад хуванцар савалгаатай бүтээгдэхүүн хэрээс хэтэрсэн. Байгальд хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг. Энэ тал дээр хамгийн зөв шийдэл нь хуванцар савыг дахин боловсруулах үйл ажиллагаа болон хогийг ангилан хаях явдал юм. Манай орны хувьд айл болгоныг хогоо ангилж хаях дадалд хэвшүүлэх, дахин боловсруулах үйлдвэрийг аймаг болгонд барих нь зүйтэй. Нийслэлийн хэмжээнд дахин боловсруулах үйлдвэр 29 байдаг бөгөөд бусад аймгуудад байдаг гэсэн нарийн судалгаа байдаггүй. Үнэндээ ангилах нь үнэхээр амархан! Өөрсдийн байнгын зуршлаа багахан өөрчлөөд нэг хогийн савны оронд хэд хэдэн савтай байхад л хангалттай юм. Дахин боловсруулах нь олон гайхалтай боломжуудыг олгож, асар их байгалийн баялгийг хэмнэдэг давуу талтай. Гэвч бид хог хаягдлаа бүр 100 хувь дахин боловсруулдаг болсон ч дахин боловсруулах үйл явцад ус, цахилгаан, олон төрлийн химийн бодисууд шаардагддаг.

Zero waste буюу тэг хаягдал

“Stop plastic pollution” цахим хуудаснаа мэдээлснээр таны өөрийн мэдэлгүй хийсэн сонголт тань ногоон дадал болсноор бид байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэсэн байдаг. Өөрөө ч мэдэлгүй хийдэг ногоон дадлын жишээнээс танилцуулъя.

Мөхөөлдөс авахдаа тетрапак буюу хатуу цаасан савалгаатай зайрмаг сонгохоос илүүтэйгээр гадуураа пиченьтэй зайрмаг сонгох ч юм уу энэ жижигхэн үйлдэл нь хүртэл цаана байгаль дэлхийгээ хамгаалж байгаа хэрэг шүү. Дэлхий даяар живхний нэг жилийн хэрэглээг үйлдвэрлэхэд 150 мянга гаруй тонн цаас, 12 мянган тонн буюу нэг сая 700 мянган зааны жинтэй дүйцэхүйц хуванцар хэрэглэдэг аж. Түүнийг орлуулах бүтээгдэхүүн бол даавуун живх юм. Энэ нь эргүүлж угааж болдгоос гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Мөн дэлхийн нийт хуванцар материалын хэрэглээний 50 хувийг зөвхөн нэг удаагийн зүйлс үйлдвэрлэхэд ашигладаг. Тиймээс нэг удаагийн тор, аяга, чихний хөвөн, ариун цэврийн хэрэгсэл, живх гэх мэт зүйлсээс татгалзаж энэ зүйлсээр орлуулснаар мөнгө болоод эрүүл мэнд, байгальд ээлтэй байх хамгийн энгийн алхам юм. 

Ус, цахилгааныг хэмнэх нь хамгийн чухал ногоон дадал

Манай дэлхийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн хэдий ч зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус юм. Гэвч үүний ихэнхи нь мөнх цас, мөс хэлбэрээр тогтох бөгөөд дөнгөж 0.25 хувь нь ашиглагдах боломжтой. Тэгэхээр бид усны маш бага нөөцтэй гэсэн үг юм. Бид хэрэглээнийхээ мөнгийг цаг тухайд төлдөг юм чинь яаж ч хэрэглэж болно гэж ойлгодог. Гэхдээ үүнийг зөвхөн зөөвөрлөх зардал гэж үздэг. Тэгэхээр бид усыг үнэгүй ашигладаг гэсэн үг. Өдөр тутамдаа шүдээ угаах, аяга таваг угаах, шүршүүрт орох гэх мэт үйлдлүүддээ хяналт тавьж усаа хэмнэснээр хэдэн жилийнхээ усыг нөөцлөх боломжтой юм. 

Дэлхийн дулаарлыг бий болгож буй шалтгаануудын нэг нь эрчим хүчний хэрэглээ байдаг. Цахилгаанаа зөв зарцуулах нь мөнгө хэмнэхээс гадна гал ахуйн гал түймрээс сэргийлэх нэг арга болно. 1992 онд Европын холбооноос цахилгаан бараануудын эрчим хүчний мэдээллийг нэг стандарт бүхий наалтаар илэрхийлэхээр шийдвэрлэсэн байдаг.

A-G хүртэлх цахилгаан зарцуулалтын үнэлгээ

G үнэлгээ нь цахилгаан зарцуулалт ихтэй болохыг заана. Түүнээс дээш багассаар, А нь хамгийн бага цахилгаан зарцуулалттай барааны үнэлгээ юм. Сүүлийн үеийн цахилгаан бараанууд эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх шинэ технологиуд дээр суурилж байгаа учраас 2012 онд А-аас хойш A+, A++, A+++ гэдэг гурван үнэлгээг гаргажээ. Хуучны цахилгаан бараанууд ихэвчлэн B болон түүнээс доош үнэлгээтэй байдаг. Энэ нь цахилгаан барааны төрөл, ажиллагаа бүрээс шалтгаалан үсэг бүртээ өөр өөр хэмжээг заадаг. Өөрөөр хэлбэл A+-тэй хөргөгч, A+-тэй угаалгын машин хоёрын үнэлгээ нь ижил боловч зарцуулах тог бөгөөд мөнгө нь өөр гэсэн үг юм. Тиймээс шинээр бараа авахдаа үсэгний тал дээр аль болох А+ сонгох нь цахилгаан бага зарцуулах нэг боломж юм.

Хэмнэлттэй чийдэн

Хуучны тунгалаг шил­тэй уламжлалт чийдэн хэрэг­лэ­хээс татгалзаад эрчим хүч хэмнэгч чийдэн хэрэглэдэг болох хэрэгтэй. Гол нь эрчим хүч хэмнэгч жинхэнэ гэрэл хэрэглэх шаардлагатай шүү. Манайхны ярьж сурснаар "ориг” эрчим хүч хэмнэдэг чийдэн нь ердийн гэрлээс нэлээд үнэтэй байдаг ч шаталгүйгээр 6-8 дахин удаан хугацаагаар асах чадвартай, цахилгааныг гурав дахин бага хэрэглэдэг.

Хэрэглээгүй үедээ салгаж сурах хэвшил

Утас цэнэглэгч, зурагтны залгавар, уртасгагч, өрөөний гэрэл, ус буцалгагч, плитка зэрэг маш олон зүйлийг хэрэглэчихээд цахилгаанаас салгаж сурвал эдийн засаг болоод эрчим хүчний хэмнэлтэд асар их нөлөөтэй, бодит үр дүнгээ шууд өгдөг хэвшил юм. "Дуслыг хураавал далай" гэдэг шиг дуслаар алдсаар байвал далайг алдана. 

Хүн бүр яагаад ногоон дадал хэвшүүлэх ёстой вэ?

Энэ нийтлэлээрээ эх дэлхийн экологийн тэнцвэрт байдалд тулгамдсан асуудал болоод байгаа хувь хүнээс шалгаалах гурван чухал сэдвийн талаар ерөнхийлөн авч үзлээ. 

Төрөл бүрийн хог нэгэнт холилдсон нөхцөлд дараа нь ангилж боловсруулахад маш хүндрэлтэй болдог. Ялангуяа хөрсөнд булагдаж эсвэл аюултай бодистой холилдсон бол. Ийм учраас л бүх төрлийн хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах нь маш чухал бөгөөд хог болохоос нь өмнө нөөц болгох шаардлагатай юм.  Эх газарт үүссэн хуванцар салхинд хийсч, гол усаар дамжин далайд хүрч асар том хогон арлуудыг хаа сайгүй үүсгэх боллоо. Хог, тэр дундаа хуванцар эх газрын болон далайн ан амьтдад аюул учруулж байна. Хоол хүнсний гинжин хэлхээгээр дамжин бидний тавган дээр хуванцар ирэх нь элбэг болсон.

Өнөөдөр дэлхий нийт хүн амын таван хүн тутмын нэг нь усны хомсдолтой амьдарч байна. 2030 он гэхэд л Улаанбаатар хотын цэвэр усны нөөц шавхагдана гэсэн судалгааг Ус сувгийн удирдах газраас гаргасан байдаг. Одооноос л бид усаа хэмнэж ирээдүй хойчдоо нөөцлөхгүй бол хүн үхлийн эрмэгт очно. Угаас усгүй бол яаж амьдрах билээ. Африкийн улс орнуудын араас ороход ойрхон байна л гэсэн үг. 

Эрчим хүчийг хэмнэснээр дэлхийн эрчим хүчний эх үүсвэр нөөц болох байгалийн хий, нүүрс, газрын тосны хэрэглээг багасгаж байгаль дэлхийгээ хамгаалах юм. Нүүрс нь Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд бөгөөд мөн нүүрстөрөгчийн давхар исэлийн гол үүсвэр болж байна. Энэхүү исэл нь хүлэмжийн хий бөгөөд цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын гол шалтгаан гэж үздэг. Энэ бүхэн бүгд цаашлаад эцсийн зогсоол нь хүлэмжийн хий, дэлхийн дулаарал болж хувирдаг. Тэгэхээр бидний амьдралдаа хэрэгжүүлэх жижигхэн ногоон дадал маань явсаар явсаар эх дэлхий, эрүүл мэндээ хамгаалах асар том үйлс болж хувирна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. chuxl medeelel bn

    0 0 Хариу бичих