Хандивлагч орнууд Ливанд тусламж амласан ч улс төрийн шинэчлэл хийхийг хүсжээ

Олон улсын хандивлагчид Бейрутийн дэлбэрэлтээс таван хоногийн дараа Ливанд 250 сая гаруй еврогийн тусламж үзүүлэхээ амлав. Тухайлбал, Францын хандивлагчдын санаачлан зохион байгуулсан онлайн уулзалтаар Ливан улс шинэчлэлээ нэгэн зэрэг хийх хэрэгтэй хэмээн уриалав. Ливаны иргэд Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлбэрэлт бий болсон хэмээн жагсаж, хоёр хоногийн турш мөргөлдөөн гарсан.  Улмаар жагсагчид Бейрутын төв хэсэгт байрлах цагдаагийн газар, дэлгүүрүүд рүү галлаж, парламентын байранд нэвтрэхийг хориглосон хаалтуудыг эвдэлж сүйтгэжээ. Жагсаалын үеэр гал гарч, үймээн самуун дэгдэж, хотын төвөөр эмх замбараагүй байдал үүссэн байна.

Улмаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй хандивлагчдын дээд хэмжээний уулзалтад Засгийн газрын 15 удирдагч "Их хэмжээний хандив тусламж" амлаад байгаа юм.  Хандивлагчдын гаргасан албан ёсны мэдэгдэлд тусламжийг цаг тухайд нь хангалттай хэмжээгээр үр дүнтэй, ил тод байдлаар иргэдэд хүргэнэ гэж дурджээ. Түүнчлэн тус улс иргэдээ сонсож Засгийн газартаа шинэчлэл хийвэл хотыг урт хугацаанд сэргээхэд туслах хандивлагчид бэлэн байгаа аж. Ерөнхийлөгч Макроны ажлын алба дээд хэмжээний уулзалтаас 252.7 сая еврогийн (297 сая фунт) хандивын амлалт авсан гэж мэдэгдэв.  Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас 15 тэрбум ам.долларын хохирол учирч, 158 хүн амиа алдаж, 6000 хүн шархдаж, 300 мянган хүн орон гэргүй болжээ. Энэ нь химийн бодис хадгалснаас болж их хэмжээний хохирол учруулсан анхны тохиолдол болсон байна. 

Ливан улс 1975-1990 оны иргэний дайнаас хойш эдийн засгийн хамгийн хүнд хямралд орж, өдөр бүр цахилгаан тасарч, ундны цэвэр ус, эрүүл мэндийн хязгаарлагдмал байдалд оршдог улс юм. Түүнчлэн валютын ханшийн уналтад орж 10 тэрбум ам.долларын өрийн асуудлаар Олон улсын валютын сантай хийсэн яриа хэлцэл зогсонги байдалд орсон байна. Мэргэжилтнүүд дэлбэрэлт нь  эдийн засагт шууд нөлөөлж сэргэлтийн төлөв байдлыг эрс дордуулж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Олон улсын хандив тусламжийн хэмжээ

  • Европын Холбоо- 63 сая евро
  • Их Британи – 25 сая евро
  • Герман – 12 сая евро
  • Франц - Сэргээн босголтод шаардагдах материал, эмнэлгийн болон хүнсний тусламж
  • Испани - Улаан буудай, байр, эмнэлгийн хэрэгсэл
  • Швейцар - 4.38 сая ам.доллар
  • АНУ - 15 сая ам.доллар
  • Катар - 50 сая ам.доллар
  • Кувейт - 40 сая ам.доллар
  • Дани - 20 сая евро
  • Норвеги - 6.5 сая евро
  • НҮБ- Хүнс, ус зэрэг яаралтай хүмүүнлэгийн тусламж

НҮБ-аас эмнэлэг, сургууль зэрэг дэд бүтцийг сэргээн босгоход 100 сая гаруй ам.доллар шаардлагатай гэж үзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ “Ил тод мөрдөн байцаалт явуулахыг уриалж байна. АНУ туслах болно” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)