Богд уулын жимээр

Нар мандахтай уралдан цэвэр агаар, байгалийн тансаг үнэрийг мэдрэхээр хоол цайгаа цүнхлэн Богд уулын өөд тод жимээр алхлаа. Шувуудын жиргээ, горхины урсгалын чимээг сонсож, энд амар амгаланг мэдэрч байгаа нь зөвхөн би биш. Таягаа тулсан хөгшчүүл, өнгө өнгийн цэцэгс харан баясаж, хад чулуугаар дамжин гүйх 10-аадхан насны хүүхдүүд ч энд уулын алхалт хийж байна. Бид бүгд л энд амар амгаланг мэдэрч, эрч хүчээр цэнэглэгдэх мэт.

Миний тухлах дуртай өргөн булагтай хэсэгт найз нөхдөөрөө анх удаа ууланд гарч байгаа бололтой залуус зам зуур хэсэг тухлав. Замаас салж, цаахан нь хадан дээр сууцгааж,  кимбаб, талх, хиам идээд л буу халцгааж гарлаа. Гараа алдлан, тэнгэр өөд ширтээд өглөөний сайхныг мэдэрч, цэвэр тунгалаг агаарыг чадлынхаа хэрээр уушгилахыг оролдох залуу найзууддаа амралтын өдөр бүр ингэж агаарлахыг санал болгов. Бусад нь ч тэгье гэж дуу нэгтэй зөвшөөрч байна. Уулын өндөр лүү нэлээд гүн мацах төлөвлөгөөтэй ирсэн ч эхний өдөр болоод амьсгаадаж ядарцгааж байгаа нь тэдний ярианаас ойлгогдоно.

Өнгөрсөн долоо хоногийнхоос илүү өндөрт гарахыг зорьсон би тэдний хажуугаас холдож, жимээ дагахаар хөдөллөө. Ундааны сав, хиамны хальс гэх мэт хогоо хаяхгүй цүнхлээд яваарай гэж нэгэндээ захих охины үг хажуугаар нь өнгөрч буй надад бүр ч тод сонсогдоно. Аялж зугаалсан ч, идэж уусан ч хогоо аваад явах ухамсартай ийм залуус олон болоосой. Харамсалтай нь, хэчнээн хэлээд ч үг авдаггүй, өөрсдийгөө л амьдарч буй мэтээр ойлгох хүмүүс энд цөөнгүй ирнэ. Суусан газраа хогоо хаяж, хаа таарсан газраа бие засчихдаг унхиагүй хүмүүстэй ч таарах нь цөөнгүй. Гэхдээ өнөөдөр ийм хүмүүстэй таарсангүй. Бүгд л эерэг сэтгэгдэл төрүүлсэн хүмүүстэй нэг жимийн дагуу уул өөд мацлаа.

Зургаан жил амралтын өдөр бүр ууланд алхдаг эчнээ танил эгчтэй ч таарч яриа өрнүүлэв. Тэр бол 45 настай Л.Насанцэнгэл. Тэрээр ууланд алхаад өөрийгөө өөрчилж, уулын спортод эргэлт буцалтгүй дурласан Л.Насанцэнгэл эгч өглөө 6.30 цагт босож Богд ууланд алхдаг. Тэрээр “Эхэндээ ууланд алхах  нь битгий хэл ажил руугаа хүртэл таксидаж явдаг байсан. Харин анх удаа ууланд гараад алхах дасгал хөдөлгөөн хийж бие хөнгөрч амьдралын идэвхтэй болсон. Амралтын өдөр ууланд алхаж өөртөө цаг зав гаргадаг болсон. Богд уул руу алхдаг маршрутыг ч цэгцэлж, тохижуулж байгаа. Авто зогсоол, хогийн сав байрлуулснаар байнга ууланд алхдаг хүмүүст их таатай байгаа” гэв.

Биднийг ийн ярьж байх зуур ах, эгч, эмээ өвөөгөө даган гүйлдэн тоглох хүүхдүүд цаанаа л тайван жаргалтай байгаа нь харагдана.  Байгаль дэлхий хүнийг ингэж тайван амгалан болгодог ажээ.

Өнөөдөр бас бахархмаар хэдэн залуустай таарлаа. Хогийн тор барьчихсан зам дагуух хогийг нэгд нэгэнгүй түүж харагдана. Байгалиа хайрлах сэтгэлтэй, ажилсаг залуусын төлөөлөл болох А.Батсайхантай уулзаж, хэсэг ярилцав. Тэрээр найзуудтайгаа хааяа ууланд алхахдаа хүмүүсийн хаясан хогийг түүгээд буудаг гэв. Миний цаашлах замд үнэхээр хог харагдсангүй. Ийм сэтгэлтэй, ухамсартай залуус олон байвал хот минь улам л өнгө зүс орох шинжтэй. Залуус өөрчлөгдөж байна.

Австраличууд үргэлж гүйж, усан спортоор “амьсгалдаг” бол Хятадууд орой бүр бүжиглэж, бүх нийтийн соёл болтол нь хөгжүүлсэн. Харин монголчууд гүйх зам, сэлэх бассейн дутмаг ч уулаа зорьж, унтах, идэхээ зохицуулж, зөв дадалд суралцаж байна. Энэ бага ч гэсэн бахархал шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)