“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол хүртээж, “Эхийн алдар” одон гардууллаа.

Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс нэгдүгээр зэргийн одонг найм, хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг онцлов. 

Мөн энэ үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга "С.Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ. С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10 мянга 677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээхээр болжээ. Улмаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга "Эхийн алдар" одонг засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Өндөр настай алдар цуутай хүнд Ерөнхийлөгч шагнал өгөнгүүт бараг маргааш нь чад хийчихээд байгаа. Фронт Цэгмид гуай урт насалж удаан жаргаарай. Тэрнээс гадна, фронтод бэлэг хүргэж явсан жирийн нэг эмэгтэй урт удаан сайхан насалж байгаа нь сайхан юм. Тухайн түүхэн үйл явдлын гэрч гэдэг утгаар Ойн медаль, Улс түмнүүдийн найрамдлын медаль, эсвэл Сүхбаатарын ч юм уу эсвэл Алтан гадас одон гээд зохих өөр одон медалиуд бий дээ. Гавьяат малчин гэдэг чинь шал ондоо зүйл.

    2 0 Хариу бичих