Боловсролын салбараар бага оролдох нь Кембриж нэвтрүүлэхээс илүү тус байж мэдэх юм

Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Н.Учрал нарын нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхий боловсролын 40 сургуулийг Кембрижийн боловсролын хөтөлбөрөөр хичээллүүлэх ажлыг Засгийн газрын ирэх дөрвөн жилийн  мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санаачилга гаргасан нь олон нийтийн анхаарлын төвд орж, нийгмийн олон анги давхаргынхан өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Хувийн өндөр төлбөртэй сургуулиудын хэрэгжүүлж буй хөтөлбөрийг төрийн санхүүжилтээр арай өргөн хүрээнд хэрэгжүүлэх гэж байгаад талархалтай хандах хэсэг байхад үндэсний стандарт бий болгож хөгжүүлэн нийтээр мөрдүүлэх ёстой, бүх биш, тодорхой хувьд /Нийт сурагчдын 10 орчим хувь гэж тооцож буй/ олон улсын стандарт нэвтрүүлснээр боловсролын тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх нь хэмээн эсэргүүцэх нь ч байна. Энэ бол эрүүл үзэгдэл л дээ. Гол нь сүүлд гарах шийдвэр нь зөв байх учиртай.

Хэр бодитой вэ 

Кембрижийн стандарт манай улсын хувьд цоо шинэ юм биш. 10 жилийн өмнөөс тодорхой төвшинд хэрэгжүүлж, туршаад явж байгаа. Тухайн үед Засгийн газраас “Кембрижийн стандартад бүрэн шилжинэ” гэсэн шийдвэр гарах нь гарсан байдаг. Энэ талаас бодож үзвэл Х.Ганхуяг нарын гишүүдийн хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг зөвтгөж болно. Гэвч бодох юм бий. Дээр дурдсан шийдвэр гарахдаа “2018 он гэхэд Кембрижийн стандартад бүрэн шилжинэ” гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр 2020 он болчихоод байхад бүрэн шилжиж чадаагүй байна. Юм үнэнээрээ сайхан.

Ирэх дөрвөн жилд тодорхой сургуулиудыг Кембрижийн стандартад шилжүүлнэ гэж зорилго тавилаа гэхэд биелэх магадлал бага. Өмнө нь хийж  байснаа, одоо байж байгаагаа харсан ч, ирэх дөрвөн жилд олох мөнгөө бодсон ч хэрэгжих боломж маш бага байна.

“Шинэ Монгол” сургуулийн захирал П.Наранбаяр

/”Кембридж хөтөлбөрийн стандарт өндөр. Нэг ангид байх хүүхдийн тоог 20-24 болгож хязгаарлана. Тэгэхээр нэг ээлж рүү оруулах асуудал тулгамдаад байна. Өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харлаа. Нэг ээлжид суралцдаг хүүхдийн тоог 80-аас доошгүй хувьд хүргэнэ гэсэн байсан нь хасагдсан. Ийм байдалтай байхад юун Кембридж вэ”/ 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

/”Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд үндсэндээ гурван сургуульд л Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Гэтэл энэ гурван сургуулийн хоёр нь одоо хүртэл байргүй байна. Тэгэхээр судалгаа хийгээд харахаар цаашид Кембрижийн хөтөлбөртэй 40 сургууль нэмэгдүүлбэл тэр 40 сургуулийн нэг жилийн сургалтын зардал нь 56,9 тэрбум төгрөг болох нь. Энэ бол зөвхөн сургалт явуулах зардал. Үүн дээр багш нарын зардал болон тоног төхөөрөмж, байрны зардал ороогүй”/

Дөрвөн жилд зорилтоо хэрэгжүүлж чадахгүй бол өнгөрсөнтэйгөө нийлээд 15 жил алдана гэсэн үг. Цаг хугацаа ямар ч үнэ цэнэгүй гэж үү. Эндээс үндэслээд нэг санаа гарч ирнэ. Аз болоход, эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж байгаа гишүүдийн зорилго нэг чигт байгаа. Тэгэхээр, эндээс дундын шийдэл гаргаж болно.  

УИХ-ын гишүүн Г.Дамдинням 

Кембрижийн стандарт нэвтрүүлье гэж байгаа гишүүд үндэсний стандартыг сайжруулж хөгжүүлэхийг эсэргүүцээгүй, харин ч дэмжиж байгаа гэдгээ хэлж байгаа. Тэд 40 сургуульд Кембрижийн стандарт нэвтрүүлэх нь "Үндэсний стандартаа олон улсын жишигт нийцүүлэх ажлын зөвхөн нэг хэсэг нь" / “Үндэсний боловсролын тогтолцоог Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэх нь” нийтлэл/ гэж баталж буй.

Харин УИХ-ын гишүүн С.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын зэрэг нөгөө хэсэг нь ийм завсрын үе гаргалгүйгээр шууд үндэсний стандарт боловсруулж тогтвортой хэрэгжүүлье гэж байна. Кембрижийн сатандарт нэвтрүүлсэн гурван сургууль, тодорхой хичээлүүд дээр хэсэгчлэн хэрэгжүүлсэн 31 лаборатори дунд сургуулийн 10 жилийн ажлын үр дүн бидэнд байна.  

/”Бид өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага, зорилго, онцлогийг шингээсэн үндэсний хөтөлбөрийг илүү хөгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Бидэнд суралцах зүйлс их бий. Гэхдээ одоо бидэнд хуримтлуулсан туршлага, алдаа, оноогоо дүгнээд урагшлах бүрэн нөөц боломж бий гэж үзэж байна” Ч.Ундрам/.

Энэ санаачилга, эсэргүүцлийн аль, аль нь “Монголчууд бид олон улсын түвшинд ойртсон, үндэсний онцлогтой хөтөлбөрийг боловсруулж, тогтвортой хэрэгжүүлэх цаг болсон” гэдгийг л харуулж байна.

Улстөрчид боловсролын салбараар бага оролдох нь Кембриж нэвтрүүлэхээс илүү тус байж мэдэх юм

Кембрижийн стандарт нэвтрүүлэхийг дэмжиж байгаа хүмүүс өнгөрсөн 10 жилд лаборатори дунд сургуулиудын сурагчдын сурлагын амжилт энгийн дунд сургуулийн сурагчдынхаас давж гарсан, олон улсын шалгалтад өндөөр оноо авдаг болсон гэсэн шалтгааныг гол болгосноо хэлж байгаа. Тэгвэл тэдний дорд үзээд байгаа энгийн сургуулиуд яасан бэ. Цөм хөтөлбөр нь байнга шахам өөрчлөгддөг. Сурах бичиг нь 1-2 жил болоод шинэчлэгддэг, энэ нь улс төрчдийн мөнгө олох арга хэрэгсэл болчихсон. Энэ нь сурлагын чанарт сөргөөр л нөлөөлнө. Харин Кембрижийн стандарт бол тэгдэггүй. Нэг стандарт хичээл, агуулгаа тогтвортой судлаад явдаг. Тэгэхээр, Кембрижийн стандарт нэвтрүүлсэн гэх сургуулиудын хамгийн гол давуу тал нь хөтөлбөр, агуулга тогтвортой байдаг нь юм байна.

/”Манайхан чинь ерөнхий боловсролын сургуульд хүн бүр өөрийн сонирхсон хи­чээлээ оруулах гэдэг. Одоо бол Кембрижийнхээ стандартаар ямар хичээл судлах ёстой вэ, тэрийгээ л судална” БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр. News.mn сайт 2011.II.28/

Гэсэн ч улсын хэмжээнд зохиогдож байгаа олимпиадуудад энгийн сургуулийн хүүхдүүд амжилт гаргасаар байгаа нь нөөц бололцоо байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс бид энэ нөөц бололцоондоо түшиглээд цааш явъя. Өндөр өртөгтэй, гаднын хөтөлбөрөөс авахыгаа авч, хаяхыгаа хаяад өөрийн гэсэн хөтөлбөр боловсруулъя. Хамгийн гол нь, тогтвортой хэрэгжүүлж, бага оролдъё. Үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг байсгээд оролдож сурах бичгийн шахаа хийдгээ л больё. Тэндээс хэмнэсэн мөнгөөрөө сор болсон эрдэмтдээр чанартай хөтөлбөр боловсруулж, дор хаяж 10 жил тогтвортой хэрэгжүүлээд дүнгээ харъя. Тэр болтол эцэг, эхчүүд тайван ажлаа хийг.  

Эцэст нь хэлэхэд, Боловсролын сайдаа жил бүр сольдог нам стандарт, тогтвортой байдлын асуудлыг хөндөж тавьсанд баяр хүргэе. Харин хийх ажлын тухайд, боловсролын салбараараа бага оролдох нь энэ салбарт хүргэж буй хамгийн том тус ч байж мэдэх юм шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гадны стандартыг хэрэгжүүлэх нь буруу. боловсролын салбарт тогтвортой байдал үгүйлэгдэж байна.

    0 0 Хариу бичих