Бодлого ба дахин бодлого

Монголын соёл урлагийг зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэхээр энэ салбарын “концепци”, Монголын төрөөс урлагийн талаар баримтлал “номлол” хэрэгтэй байна. Үүнийг 1990 оноос хойш....Нийгэм эдийн засгийн бүтцийн өөрчлөлт урлаг соёлыг эдийн засаг зах зээлийн менежменттэй холбохыг шаардаж байна. АНУ, Англи, Франц, Герман зэрэг хөгжилтэй орнуудад залуучуудыг менежмент, имиджмейкер, импрессарио, продюссер зэрэг мэргэжлээр суралцуулахгүй бол энэ салбар өөрийн эрхгүй хоцрогдлоо. 

Засгийн газар, Гэгээрлийн Яамны түвшинд төрийн соёл урлагийн бодлогыг бодитойгоор тодорхойлбол юутай хэрэгтэй? Ер нь уламжлал шинэчлэлийн харилцаа, түүхэн хүрд, жам ёсыг ажин байхад залуу үе ямагт шинэ оновчтой уран сайхны шийдвэр гаргадгийг нийгмийн диалектик нотолно. Их гүрний нийслэл Хархорин ордны жүжиглэн, Өндөр гэгээн Занабазар, Говийн догшин хутагт Данзанравжаа, Богд хутагт VIII-р Жавзандамба нарын төрийн урлагийн уламжлал Монголын нийгмийн сэтгэлгээний үнэт зүйлс бөгөөд ертөнцөд бусдаас ялгарах гоц чанар нь юм.

Анхлан Европын гэж магтан шагшиж, “идэвхитэй зарчим” хэмээн бишрэн сүслэж байсан урлагийн чиглэлийг яах аргагүй Монголд түгээсэн хүмүүс бол манай “алтан үеийнхэн” мөн. Гэхдээ нэгэн бодол ой тойнд эргэлдэн байгаа билээ. Юу гэвээс аль эрт эзэнт их гүрний нийслэл Хархорин хотын түмэн амгалант харшийн өмнө загалмайтан дархан Вильгельм Бушьегийн урласан бурхны элс хүү мөнгөн бүрээ татаж эх болсон газар ээжээс мөнхийн холбоотой галбирваа модноос идээний дээж сархад, айраг, сүү, таван амтат оргилон урсаж их нийслэлийн зон олон хааны жүжиглэнгийн хүрээлэнгийн бишгүүр, зэмсэг болсон наадмыг баясан үзэж гоо сайхны нь таашаадаг байсан буй заа.....

Ухаант өвөг дээдэс маань соёл, урлаг, шүтлэгийг Өрнө, Дорно гэж ялгалгүй тив дэлхийн эрхэм дээд гоо цогцсыг хүндлэн ертөнцийн төв байсан Хархоринд залж дээдлэн хүндэлдэг байсныг юу гэж мэргэн уншигч та болгоох вэ?

О.Дашбалбар найрагчийн хэлсэнчилэн

Агшин зуур ялагдахдаа зуун жил ялах хүнээ дотроо хадгалж
Аугаа ертөнцөд өөрийгөө булаалгамгүй оршсон
Ард түмэн минь надад, миний үр садад

Ану хатан, Мандухай сэцнийг төрүүлж өгсөн
Алтан дэлхийд бахархах төгс сайхан хүмүүстэйгээ
Амьд яваадаа би дүүрэн баярламуу! хэмээн болгоосноор “Алтан үеийнхэн”-ний маань тухай бодох эгшинд, амьдралын их замыг туулаад, ухаан оюунд тодорхой болгоод хий сүүмэлзэх дөлийг бөхөөж, сэтгэлийг ёроол захгүй хар оргил өөд аваачиж, тэнгэрт анивчин чичирхийлэх түмэн од угалз, бас нууцыг сэнхрүүлэн бадруулах гайхамшигт яруу сонсголонт тэнгис далай лугаа хөгжмийн эгшиглэнг дуурсгана гэж санагднам.

Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн тогтолцооны шинэчлэл нь оюун санааны дэвшлийг урамшуулан Монголын соёл иргэншилд цоо шинэ хувилбар гарган ирэхийг тулгаж байна. 

Өнөөгийн нөхцөлд эл эрт хэрэгцээ нь нэгдүгээрт: өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нийгмийн хөгжлийн шинэ захиалгаар, хоёрдугаарт, глобалчлал дэлхий нийтийг хамрах төлөв бүхий XXI-р зуунд монгол түмэн энэхүү үйл явцад татагдан орохдоо монгол иргэншил, хэл, түүх, үндэсний бахархал, зан заншлаа товойлгон хөгжүүлж, монголчуудын менталитетийг илэрхийлсэн өөрийн байр суурийг эзлэхийн чухлаар, гуравдугаарт, нийгмийн харилцааны цэнэг болсон нийгмийн шинжлэх ухааны түвшин, сэтгэлгээ өндөр байх бодит шаардлагаар, дөрөвдүгээрт, монгол судлал, нүүдэл иргэншлийн асуудал манай өөрийн орны эрдэмтэд судлаачдын хүрээнээс аль хэдийнээ хальж Япон, АНУ, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, Герман, Англи, Турк зэрэг гадаад орнуудад нэн эрчтэй судлагдаж байгаагаар, тавдугаарт, монгол улс гадаад орчноос улам нарийн судлах, бүс нутгийн хийгээд дэлхийн улс орнуудын харилцан хамааралд нийцсэн гадаад бодлогын шинжлэх ухааны үндсийг боловсруулах шаардлагаар тус тус нөхцөлдөж байна. 

Өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгмийн тогтолцооны судалгааг анхаарч үзвэл нийгмийн шинжлэх ухааны цаашдын хөгжилд судалгааны тэргүүлэх чиглэлүүд зохион байгуулалтын хэлбэр, санхүү, эрхзүйн орчинтой холбогдсон асуудалд судлаачдын ч, төр засгийн ч анхаарлыг төвлөрүүлэх шаардлагатай болж байна.

Монгол улс хөгжлийнхөө хамгийн эгзэгтэй зурвас үедээ байгаа буурай хөгжилтэй орны хувьд нийгэм, хүмүүнлэгийнхээ шинжлэх ухааныг төр ивээлдээ байлга, түүнийг дамжин хөгжүүлэх нь зайлшгүй юм. Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагааг өрнүүлэхэд бас их анхаарах шаардлага гарлаа. Нэн ялангуяа эрдэм шинжилгээний ажлын зардлыг олон улсын байгууллага болон гадаад орнуудын санхүүжилттэй хамт шийдэх чиглэлд эрдэм шинжилгээний байгууллагуудын захирлууд идэвхитэй, овсгоотой ажиллах нь чухал юм.

Энэ нь дэлхийн сонгодог урлагтай манайх уран бүтээлчдийг танилцуулах мөн урлагийн бизнесийн орчин бүрдүүлэх, урлагийнхний боловсролын түвшинг дээшлүүлж танин мэдэхүйн хүрээг тэлж, тэднийг “монголчлох”, “хялбарчлан бүдүүлчлэх” сэтгэлгээтэй зууралдахаас нь салгаж эрин зууны хөгжилтэй хөл нийлүүлэн явах боломж нээлээ. “Монголын урлагийн гадаад харилцаа хангалттай биш үндэсний соёл урлагийг хөгжүүлэх асуудалд хэт явцуу” урлагаар үйлчлэх хүрээнд ойлгож оюуны хөдөлмөр гэгээрлийн салбарт багтах” тус чиглэлд “улсын төсвийн үлдэгдэл”-ийн зарчмыг академич Б. Ширэндэв гуайн хэлж байснаар “шавхруудасын” төсвөөр санхүүжүүлж ирсэн гажуудлаас аль болох түргэн ангижирвал “Монгол улсын их урлаг, соёлын бодлого” концепци хэрэгжиж эхлэлийн анхны алхам болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)