Монгол ялав

Өнөөдөр зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн дууссаны 75 жилийн тэгш ой болж байна. Хүний түүхэнд болсон хамгийн аймшигт энэ дайныг дуусгахад Монгол улс дэлхийн шударга ард түмнүүдтэй нэгдэн дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан нь Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах маш том ололт болсон юм. 1. Дэлхийн II дайны ялагсадын талд орсноороо олон улсын тавцанд нэр хүнд олсон. 2. Москвад болж байсан СССР-Хятадын хэлэлцээрт хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүргэсэн том хүчин зүйл нь энэ болсон. 3. БНМАУ-ын тусгаар тогтнолыг Гоминданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх хариуцлагыг АНУ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. 4. Монголын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрөх Ялтын гэрээ энэ явцын үр дүнд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх гэсэн томъёлол болон тогтсон. Монгол ялсны учир энэ! Энэ тухай МОНГОЛ ТҮҮХ номын 4-р хэвлэлд бичсэн хэсгийг сонирхуулж байна.

Сталинтай хийх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Сун 1945 оны наймдугаар сарын 7-нд Москвад эргэж ирэв. Энэ хооронд ертөнц дээр үй олон үйл явдал болж өнгөрчээ. Юун түрүүн Сун өөрөө ГЯЯ-ны сайдаа больсон тул хэлэлцээг ахлах шинэ сайд Ван Шизегийн бараа бологч болсон аж. Потсдамын бага хурал болж өнгөрсөн ба хэлэлцээний явцад АНУ хүн төрөлхтний хамгийн анхны атомын бөмбөгийг Невадагийн талд дэлбэлж туршлаа. Сунг Москвад ирэхийн урьд өдөр америкчууд Хирошима хотод атомын бөмбөг дэлбэлж хүн төрөлхтөн цөмийн эрин, цөмийн сүйрлийн ирмэг дээр ирж байгааг анх удаа зарлав. 

Америкчууд Японыг мөддөө буулгаж авч чадахгүй гэж Сталин дүгнэж байсан тул “СССР нь наймдугаар сарын сүүлчээр Манжго дахь Японы арми руу дайрна. Үүний өмнө давших өдрөө Хятадтай тохирно. Хятадтай зөвшилцөөгүй тохиолдолд Японтой дайтах боломжгүй” гэж Подстамд мэдэгдлээ. Мөн “Герман манайд довтолсон учир бид тэдэнтэй байлдсан. Гэтэл Япон бидэнд довтлоогүй атал бид тэдэнтэй дайтаад унавал манай ард түмэн ойлгохгүй шүү дээ. Гадаад Монгол, Манжуурын асуудал шийдэгдээгүй байхад Японы эсрэг дайнд нэгдсэнээ Молотов бид хоёр Зөвлөлтийн иргэдэд юу гэж тайлбарлах вэ?”[1] гэж ярьж байлаа. Энэ бол Японд довтлохыгоо үнэ хүргэж, өөрийн барьцаа чангалж буй хэрэг.

Гэтэл америкчууд ирээдүйн Японд СССР-ийн нөлөөг тогтоолгохгүйн тулд, зөвлөлтүүд энэ бүс нутагт ямар нэг эрхтэй болохоос сэргийлж шийдвэрлэх тулалдааны өмнө цөмийн зэвсгээ ашиглажээ. Хирошимад атомын бөмбөг хаях хүртэл Японтой аанай л дайн эхлээгүй байсан Сталин гэнэт сандарч, Ялтын гэрээ утгаа алдахаас айн япончууд бууж өгөхөөс өмнө яаралтай хөдлөв.

Наймдугаар сарын 8-нд СССР Японд дайн зарлаж наймдугаар сарын 9-ний шөнийн 12 цаг 10 минутад Улаан армийн Алс Дорнодын I, II фронт, Өвөр Байгалын фронт, Номхон далайн флот, Амурын флотилын хүчээр Манжуур болон Солонгосын хойг руу цөмрөн орлоо. Зөвлөлтийн армийн нийт бие бүрэлдэхүүн 1 685 500 хүрч, 5 250 танк, 5 200 онгоцтой, Квантуны арми сая цэрэг, 1 200 танк, 1 900 онгоцтой аж.[2] 

Маргааш нь БНМАУ мөн Японд дайн зарлав. Үүнийг Сталин хүсэж Чойбалсанд хэлсэн аж. Монголчууд дайнд орсноор нийтийн дайсныг сөнөөх үйл хэрэгт оролцож буй тусгаар улс гэдгээ хятадуудад харуулахаас гадна япончуудтай сүлбэлдсэн барга болон өвөр монголчуудыг цус нэгтэй Монголын ардын журамт цэрэг амархан ятгаж буулгаж болох сайн талтайг ажигласан байх.

Сталин Чойбалсанд “Танайд байлдааны мэдлэг туршлага сайтай генерал Плиев гэдэг хүн манай цэргийг командалж очно” гэж хэлжээ.[3] Армийн генерал И.А.Плиев гэх энэ осетин хүн хожим 1962 онд Карибын хямралын үеэр Куба дахь Зөвлөлтийн цэргийн командлагч байв.

Америк, Британи, Хятадын хамтарсан хүчтэй цохилт болон атомын бөмбөгнөөс сүрдсэн япончууд наймдугаар сарын 14-нд албан ёсоор бууж өглөө. Харин япончууд гал зогсоох санал Москва тавиагүй байгаа гэдгээр шалтаглан Хойд Ази дахь байлдаан үргэлжилсээр наймдугаар сарын 23-нд арай гэж дуусав. Зөвлөлтүүд Ялтын хэлэлцээрээр олж авсан газраа ямар ч байсан эзлэх гэж яарчээ. Нөгөөтээгүүр тэд дараагийн сөргөлдөөнд бэлтгэж байв, юу гэвэл удахгүй Хятадын засгийн эрхийн төлөө алалдах Маогийн коммунистуудыг зэвсэглэх хэрэгтэй байлаа. Дараа нь 1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Японы тал бууж өгөх актанд гарын үсэг зурснаар яг 6 жил үргэлжилсэн, хүний түүхэн дэх хамгийн цуст дайн төгсгөл боллоо. Манжуурын байлдаанд Зөвлөлтийн талаас 8 200 хүн үхсэн бол Япончууд 83 200 хүнээ алдаж 594 мянган цэрэг нь олзлогдов.[4]

Монголын жижиг арми энэ дайнд маршал Малиновскийн командалсан Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүн дотор “Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг” нэртэйгээр оролцож Хянганы нурууг даван урагш 960 километр хоёр чиглэлээр давшиж Жэхэ хүрчээ. Плиевийн командалсан энэ бүлэг 40 мянга орчим хүнтэй байсны 21 мянга гаруй нь[5] Монголын армийнх байлаа. Наймдугаар сарын аагим халуун, ус бороон дундуур Их говийг танк, авто хөсгөөр гатлах бололцоогүй нь мэдээж учир морь, тэмээг зүтгэх хүчнээр ашиглав. Дайнд малаа дагаад дээлтэй малчин явахгүй нь ойлгомжтой тул Монголын арми цөл гатлах үйлст үнэхээр ч хэрэгтэй байсан билээ. Хамаг эрчүүдээ 1937-1938 онд хядуулчихсан цөөхөн монголчууд энэ дайнд 21 мянган цэрэг гаргах бололцоогүй байлаа. Иймээс байсан бүх малчдаа хуу цэрэгт татан Читагаас цэргийн дүрэмт хувцас яаралтай татан нийлүүлж өмсгөн жигдэлжээ. Өвөр Байгалын фронтыг командалж байсан маршал Родион Малиновский дурсахдаа: 

“Зөвлөлт Монголын морин цэрэг усгүй элсэн цөлийг богино хугацаанд гаталсан… Монгол дайчид бол төрөлхийн морьтон ардын удам. Зүг чигээ алдах хязгааргүй элсэн говь, худаг ус ховор нар төөнөсөн өргөн тал бол тэдний амьдарч өссөн нөхцөл. Эцэг өвгөдийн үеэс тэд морин дэл дээр өсөж, үеэс үед дамжин иржээ. Цэрэгт татагдсан малчин монголыг морь унахад болон морин аялалд сургах шаардлагагүй нь монгол цэргийн давуу тал. Чухам үүний хүчээр л морьт механикжуулсан групп ердөө долоо хоногийн дотор 700-800 километр замыг туулж байлдааны үүргээ биелүүлэн тусалсан юм.”[6]

Жанчхүүгийн (Zhangjiakou) даваа хүртэл байгалийнхыг тооцохгүй бол ямар ч саад тотгоргүй чигээрээ цуваагаар шуурхайлан заримдаа өдөрт 120 километр хүртэл урагшилсаар 10 хүрэхгүй хоногт амжин давхиад оржээ. 

Эзэн хааны бууж өгөх тухай тушаал хүрээгүй 500 орчим цэрэгтэй японы жижиг хороо уулаасаа байгалийн хамгаалалт болсон энэ даваан дээр Монгол-Зөвлөлтийн армийг тосон авлаа. Энэ даваан дээр цорын ганц жижиг тулалдаан болоод цааш давшин Хаалган оров. Хятадууд зөвлөлтүүдэд Бээжинг чөлөөлөх зөвшөөрөл өгсөнгүй. Ингээд л Жэхэд (Chengde) баярын парад хийгээд буцлаа. Монголын армийг хил хүргэж өгөх үүрэг аваад мордсон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал юунаас болсон нь үл мэдэгдэх шалтгаанаар мөн Жэхэ орчихжээ. Түүнийг дуудаж онгоцоор Улаанбаатарт авч ирэв. 

Энэхүү зүдэргээтэй хүнд маршийн явцад Монголын армиас 78 хүн үрэгдсэний 10 нь Жанчхүүгийн тулалдаанд эрсэдсэн.[7] Өлсөж цанган мориныхоо шээсийг ууж байсан гэж дайнд оролцогчид дурссан байдаг. Намрын ган халуун нартай энэхүү байгалийн хүнд бэрхшээл дундуур энэ хол замыг өдөр шөнө ялгалгүй хоол унд нойргүй зүтгэсэн нь замын хүндэд олон хүнийхээ амийг өргөсөн учир энэ.

Гэхдээ Жанчхүүд хэнтэй тулалдсан нь тодорхойгүй байдаг. Плиевийн өөрийнх нь яриагаар Жанчхүүгийн бэхлэлтэд байсан 10 мянган япон цэргийг буун дуу гаргалгүйгээр буулган авч бүх зэвсгийг нь хураасан гэх[8]. Япон цэргийн штаб Жэхэ хотын хэрмэн дотор байрладаг, харин уулын аманд байдаг тус хотыг оросууд бүсэлчихсэн байжээ.[9] 

Дэ вангийн монгол цэрэг эсэргүүцэл үзүүлсэн учир тулалдсан гэх яриа байдаг ч Шилийн гол, Цахарыг тавьж өгөх Дэмчигдонровын тушаалыг 1945 оны наймдугаар сарын 10-нд дэслэгч генерал Тэгшбуян бүгдэд танилцуулсан ба тэнд: “Зөвлөлт, Монголын хамтарсан цэрэгтэй тулалдаан хийж, сум хөдөлгөж огт болохгүй. Хошууны цэргийг зэр зэвсгийнх нь хамт бүр элсэнд шилжүүлж оруулагтун”[10] гэсэн байна. 

1945 оны тавдугаар сарын 1-нд 39 дүгээр армийг резервийн арми болгож Монгол руу шилжүүлэн байрлуулах шийдвэр гарч, мөн оны зургадугаар сарын 20-нд Өвөр Байгалын фронтын мэдэлд өгчээ. Энэ арми наймдугаар сард Тамсагбулагаар Монголын хилийг давж Хянган-Мүгдэний фронтоор Японы эсрэг давшсан юм. Дайны дараа Улаан цэргийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирсэн юм. Тэдний хүчээр төмөр зам барих ажил эхэлсэн. Үнэндээ энэ нь “власовчууд” гэх Гулаг-ийнхан байлаа.[11]

ХХ зуунд Алс Дорнодын дайны театрт Орос Япон хоёр нийтдээ дөрвөн удаа байлджээ. Эхнийх нь 1905 онд Япон ялалт байгуулж Порт Смоутын гэрээгээр Орос ялагдлаа хүлээсэн. Хоёр дахь нь 1922 онд япончууд Приморьегоор дамжин цэрэг оруулж илт давамгай байдал үзүүлээд гарч явсан. Гурав дахь нь Халх голд тулалдан аль аль тал хүнд хохирол хүлээсний эцэст тэнцсэн гэж үзээд байлдааныг зогсоох хэлэлцээр Москвад хийн хоёр тал гарын үсэг зурсан. Ингээд энэ хоёр орны дөрөв дахь тулалдаан 1945 оны намар Манжуурт болж Япон бууж өгснөө хүлээн зөвшөөрснөөр бүтэн зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн төгсгөл болсон юм. [12]

Хүний түүхэнд болсон хамгийн аймшигт энэ дайныг дуусгахад Монгол улс дэлхийн шударга ард түмнүүдтэй нэгдэн дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан нь Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах маш том ололт болсон юм. 1. Дэлхийн II дайны ялагсадын талд орсноороо олон улсын тавцанд нэр хүнд олсон. 2. Москвад болж байсан СССР-Хятадын хэлэлцээрт хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүргэсэн том хүчин зүйл нь энэ болсон. 3. БНМАУ-ын тусгаар тогтнолыг Гоминданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх хариуцлагыг АНУ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. 4. Монголын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрөх Ялтын гэрээ энэ явцын үр дүнд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх гэсэн томъёлол болон тогтсон. Монгол ялсны учир энэ!

[1] Сюнь Цайшүнь Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай (Шаньдун мужийн Биньжоу Их сургууль) [Sun Tsaishun About Outer Mongolia`s independence]

[2] Барынькин, В. М Маньчжурская наступательная операция (Военно-исторический журнал 1995, №5) ст-15

[3] Бат-Очир, Л. Сталин, Чойбалсан нарын 1940-өөд оны уулзалтууд (Ардын эрх сонин 1995) №145-152 [Bat-Ochir, L. The meetings between Stalin and Choibalsan in the 1940`s]

[4] Clubb, Edmund. O. Chine and Russia; The “Great Game” (Columbia University Press, New York and London 1971)

[5]Дэлхийн II дайнд БНМАУ Квантуны армийг бут ниргэсэн нь (Улаанбаатар 1989) [How MPR smashed the Kwangtung army in World Wor 2]

[6] Малиновский, Р. Я. Маршалы Советского Союза. Личные дела рассказывают (Москва. “Любимая книга” 1996.)

[7] Даваасүрэн, Б. Дэлхийн II дайны төгсгөл ба МАХЦ (Дэлхийн II дайн ба чөлөөлөх дайны ялалтын 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал,1995) [Davaasuren, B. The end of World War and the Mongolian army]

[8] Плиев И. А.Через Гоби и Хинган. — М.: Воениздат, 1965

[9] Цэдэнбал, Ю. Би тангарагтаа үнэнч байсан. (Улаанбаатар 1996) х-75-76 [Tsedanbal, Yu I was loyal to my oath]

[10] Очирбат, Д. Дэ вангийн хөвгүүний өчил (Улаанбаатар 2014) х-16-17 [Ochidat, D. Confessions of De wang`s son]

[11] Баярхүү, Д. Монгол дахь Зөвлөлтийн цэргийн түүхээс цухас өгүүлэхүй (Pax Mongolica. ШУ- Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн сэтгүүл. 2016. # 1) х-28-29 [Bayarhuu, D. Speaking briefly of Soviet troops in Mongolia]

[12] Боханов, А. Н., Горинов, М. М. Дмитриенко. В.П… История России, ХХ век (Москва 2012)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. НААД НОМ ЧИНЬ ХААНА ЯМАР ҮНЭТЭЙ БАЙГААН

    0 0 Хариу бичих