Т.Ням-Очир: Хүүхэд сурах бичиггүй гэх асуудал гарвал хариуцлагыг сургуулийн захиргаа үүрнэ

Дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 60 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээслэнэ

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр сурах бичиг худалдаалагдахгүй, номын сангаар дамжуулан сурагчдад түрээсээр ашиглуулах шийдвэр гарсан. Энэ дагуу сурах бичгийн нөхөн хангалт улс орон даяар хийгдэж дууссан, хэрэв сурагчид  ямар нэг сурах бичиггүй гэх асуудал гарвал хариуцлагыг сургуулийн захиргаа хариуцна гэлээ.

Өнгөрсөн жилээс бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг үнэ төлбөргүй үлдсэн 60 хувиа сургуулиар дамжуулан түрээсээр олгох бодлого хэрэгжих болсон. энэ хичээлийн жилд 690 мянган хүүхэд ЕБС-д суралцана гэсэн тооцоо бий. Салбар яамнаас сурах бичгийн нөхөн хангалтыг хийж сургуулиудын захиалсан тоогоор 100 хувь олгосон байна.  

Үндэсний цөм хөтөлбөр ирэх арван жилд тогтвортой хэрэгжинэ

БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Бид долоодугаар сард 100 гаруй нэр төрлийн нэг сая сурах бичгийг хэвлүүлэн орон нутагт хүргүүлсэн.  Тухайн сургууль тоогоо зөв гарган, статистик мэдээ нь үнэн бодит бол ямар нэгэн байдлаар сурах бичгийн хомсдол үүсэхгүй. Хэрвээ одоо сурагч сурах бичиггүй байх юм бол хариуцлагыг тухайн сургуулийн номын санч, захирал хүлээнэ. Учир нь яам сурах бичгийг тоогоор нь хэдийнээ хүргүүлсэн” гэв.  

Харин сурах бичгийн аль 40 хувийг үнэ төлбөргүй ашиглуулах, аль 60 хувиа түрээсээр ашиглуулах вэ гэдийг сургуулийн захиргаа өөрөө шийдэх юм байна. Ерөнхий боловсролын цөм хөтөлбөр 2013-2014 онд бага боловсролд, 2015  суурь боловсролд, 2016 оноос ахлах ангийн сургалтанд нэвтэрсэн. Цаашид Цөм хөтөлбөрийн үзэл санаа, агуулга 10 жил тогтвортой хэрэгжих шийдвэрийг өмнөх сайдын үед гаргачихсан.

Тодруулбал, ирэх 10 жилд сурах бичгийн агуулга солигдохгүй тогтвортой байна гэсэн үг. Мөн эцэг эхчүүд жилд сурах бичиг худалдан авах гэж 50-60 мянган төгрөг зарлагадахгүй болж байгаа юм.