Тэтгэвэрийн зээлийг байхгүй болгох арга

Өмнөх нийтлэл

Монголчууд бид саяхныг хүртэл, ердөө 2002 онд л гэхэд “зээл” гэдэг үгийг ганцхан утгаар мэддэг байлаа. Хүнээс их мөнгө авна, хэсэг хугацааны дараа хүүтэй нь эргүүлж төлнө, боллоо. Зээл, зээлийн хүү гэдэг нь санхүүгийн системийн ойлгоход хамгийн энгийн хялбар механизм. Гэхдээ ийм энгийн механизмд хүртэл “цалингийн зээл”, “хэрэглээний зээл”, “машины лизинг”, “ипотекийн зээл”, “зээлийн карт”, “бизнэсийн зээл”, “тэтгэвэрийн зээл”, “хадгаламж барьцаалсан зээл” гээд өчнөөн олон төрлийн үйлчилгээ байдаг гэдгийг сүүлийн арваад жил л ойлгож авав. Жишээ нь 2002 онд “цалингийн зээл нь ийм учиртай, машины лизинг нь тийм ялгаатай” гэж ярьсан бол бараг хэн ч ойлгохгүй “зээл л бол зээл ш дээ..” гэх байсан биз. Үүнтэй ижил өнөөдөр бид “тэтгэвэр” гэдгийг ганцхан утгаар ойлгож байгаа, залуудаа мөнгө төлнө хөгшрөөд эргүүлж авна, боллоо. Харин хөгжсөн орнуудад тэтгэвэрийн даатгалын маш олон төрлийн үйлчилгээ, сонголт байдаг ажээ. Магадгүй бид удахгүй эдгээрийг мэддэг болно.

Ерөнхийдөө тэтгэвэрийн хуримтлал нь “provident fund”, “pension fund” гэсэн хоёр төрөлд хуваагддаг байна. Аль аль нь өнөөгийн бидний “эв санааны нэгдлийн” зарчмаар нийтээр нь биш хэрэглэгч тус бүрээр нэрийн данс үүсгэдэг, даатгуулагч нас барсан тохиолдолд гэр бүлд нь үлдэгдэл хуримтлалыг өвлүүлдэг. Аль аль нь санд хуримтлагдсан мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлж өсгөдөг. Жишээ нь манай Оюутолгойд оруулж буй зарим доллар Канад эмээ нарын тэтгэвэрийн мөнгө байж ч болно. Харин“provident fund”, “pension fund” хоёр зөвхөн төрийн оролцоо, уян хатан чанар, үйлчилгээний төрлөөрөө ялгагдана.“Provident fund” нь санд хуримтлагдсан мөнгийг төр, хувийнхан хамтарч хөрөнгө оруулалтанд зарцуулдаг механизм. Эсрэгээрээ “pension fund” нь зөвхөн хувийн хэвшил ажилладаг, илүү уян хатан шинжтэй, олон төрлийн үйлчилгээтэй. Манайд өрнөж буй “Тэтгэвэрийн сан” үүсгэж тэтгэвэр шинэчлэх талаар яриа нь голцуу “provident fund”–ын механизмыг шууд хуулбарлах тухай байдаг, “pension fund” –ын талаар бараг дурдахгүй. Гэтэл “pension fund”-ын шууд орчуулга нь “тэтгэвэрийн сан”. Гэх мэтээр тэтгэвэрийн даатгалын талаар үг хэллэгүүд хүртэл сайн жигдрээгүй, нийтийн ойлголт ч бүдэг бадаг яваа юм. 

Зүгээр нэг жишээ дурдахад Монголоос өөр арай дориухан улсад “тэтгэвэрийн зээл” гэсэн марзан үйлчилгээ байдаггүй. Тэтгэвэрийн насныхандаа зээл өгдөггүй харгис хатуу бодлоготой эсвэл тэтгэвэрийнхэн нь их мөнгөндөө ханачихсан гэсэн үг мэдээж биш. Хүний мөн чанар хаана ч ижил, хөгшчүүлд заримдаа их мөнгө хэрэгцээ гарна. Харин түүнийг нь зээл олгож шийддэггүй, “тэтгэвэрийн даатгал” гэсэн үйлчилгээгээр шийддэг. Тэтгэвэрийн зээл авна гэдэг нь үндсэндээ ахмадууд тэтгэвэрийнхээ зарим хэсгийг урьдчилж авч байгаа л хэрэг, мэдээж зээл учраас хүү төлнө. Харин тэтгэвэрийн даатгалтай бол хүү төлөхгүйгээр зарим тэтгэвэрээ урьдчилж авч болно. Тэтгэвэрийн дэвтрийг нь үндэслэж, тэтгэвэрийн зээлийн хүүг буулгаад байдаг нь яг л тэтгэвэрийн даатгалын үйлчилгээг хар зөнгөөрөө нийгэм нь шаардаад, улс төрчид нь ч хар ухаанаараа хийх гэж оролдоод буй л хэрэг юм.

“Тэтгэвэрийн сан А”, “Тэтгэвэрийн даатгал Б” гэсэн хоёр төрлийн үйлчилгээ байна гэж үзье. “Тэтгэвэрийн сан А” –д иргэн Бат 45 настайдаа тэтгэвэр төлж, 50 настайдаа хөдөлмөрийн чадвараа алдлаа гэхэд 5 жил хуримтлуулсан мөнгөө л авна, тэтгэвэрт гарсан хойноо ч багахан мөнгө авна. Үлдсэн 10 жилийн халамжийг муу нэртэй Нийгмийн Даатгалын сангаас өгч таарах байх. Товчхондоо “Тэтгэвэрийн сан А” байгууллагын үйлчилгээг авсан хүн эрсдэлд орлоо гэхэд тэтгэвэрийн хүн биш шууд группийн хүн болж хувирна. Харин “Тэтгэвэрийн даатгал Б” –д Бат 45 настайгаас таван жил шимтгэл төлж 50 настайдаа хөдөлмөрийн чадвараа алдлаа гэхэд 60 хүртэл юу ч төлөхгүй байсан ч яг ижилхэн тэтгэвэр авч болдог. Группын хүн болчихгүй, тэтгэвэрийн хүн болно. Мэдээж үнэгүй зүйл гэж хаана ч байхгүй, ид шид биш учир зарчмын хэдэн тоо ярья. “Тэтгэвэрийн сан А”, “Тэтгэвэрийн даатгал Б” хоёр компани аль аль нь 100 хүнээс шимтгэл аваад 9999$ хуримтлуулсан бөгөөд даатгуулсан 100 хүний нэгт нь эрсдэл учирсан байг. “Тэтгэвэрийн сан А” нь шимтгэл төлсөн 99 хүндээ 101$ болгож өсгөж өгнө, эрсдэл учирч шимтгэл төлөөгүй 1 хүнд дахиж юм өгөхгүй. Харин “Тэтгэвэрийн даатгал Б” нь 99 хүнд 100$ болгож өсгөж өгөөд, эрсдэл учирсан 1 хүнд 99$ үргэлжлүүлэн өгнө. Эрсдэл учраагүй 99 хүнээс тус бүр 1$ -ийг эрсдлийн санд хуримтлуулж, эрсдэл учирсан ганцыгаа тойглож буй хэрэг. Үүнийг л сонголт гэж нэрлээд байгаа хэрэг. А сонголт нь “99% магадлалтай 101$ авах, 1% магадлалтай хоосон хоцрох”. Харин Б сонголт нь “99% магадлалтай 100$ авах, 1% магадлалтай 99$” авах. Хүн хар зөнгөөрөө “Тэтгэвэрийн даатгал Б” үйлчилгээг түлхүү авдаг. “Тэтгэвэрийн сан”, “Тэтгэвэрийн даатгал” гэсэн анх сонсоход ялгаагүй юм шиг үгсийн ялгаа энд тод харагдана. “Сан” бол сангийн ажлаа л хийж, чи хэдийг төлнө түүнийгээ авна. Харин “Даатгал” бол чи эрсдэлд орсон ч айлтгүй авах ёстойгоо авна. 

Дэлхийн аль ч улсад банкны хуримтлалаас татвар авч, харин тэтгэвэрийн хуримтлалд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Учир нь тэтгэвэрийн хуримтлал урт хугацааны өгөөжтэй, найдвартай, эрсдэлгүй сан бөгөөд нийгмийн олон асуудлыг шийддэг. Харин ойлголт, мэдлэг дутуу дулимаг байдгаасаа шалтгаалж зарим төрлийн тэтгэвэрийн даатгалын үйлчилгээг нь орхигдуулж болохгүй юм. Асуудлын гол нь одоо манайд “Тэтгэвэрийн сан”, “Тэтгэвэрийн даатгал”, “Тэтгэвэрийн хуримтлал” гэсэн үгнүүд сайн бэхжээгүй, тэтгэвэрийн даатгалын бүтээгдэхүүний талаар жигд ойлголтгүй байна. Тэтгэвэрийн шинэчлэлийн талаар хуулийн төслүүд, энд тэнд зохиогдож буй формууд дээр дурдсан “Тэтгэвэрийн даатгал” төрлийн үйлчилгээг орхигдуулж зөвхөн “Тэтгэвэрийн сан” төрлийг дурдсан анзаарагддаг. Хэрэв “Тэтгэвэрийн даатгал” төрлийн үйлчилгээг орхигдуулбал хөгшчүүл тэтгэвэрийн зээлэндээ зүдэрсээр л үлдэнэ. Манайд энэ төрлийн үйлчилгээг ярьдаг угаасаа ганц л компани байдаг учраас зарим нь мэдээгүй байж магад. Олон нийт, шийдвэр гаргагчид нь ийм бүдэг бадаг ойлголттой байвал 90 –ээд оны өмч хувьчлал, банкнуудын дампууралшиг завхрал үүсэж, цөөхөн хүн том бялуу хуваагаад дуусаж ч мэдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)