Намын санхүүжилтийн завхралын жишээ 16 давхар орон сууц

Дээрээ нэг намын эрх мэдэл хэт давамгайлахад доороо хуулийг уландаа гишгэн туйлдгийн жишээ болсон нэгэн зураг сошиал орчинд цацагдлаа. Дүүргийн намын хорооны захиалгаар үйлчилгээ, орон сууцны зориулалттай 16 давхар барилгыг Баянзүрх дүүрэгт барьж байна. Бүр тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрны замын ард, нэгдсэн эмнэлгийн урд энэхүү орон сууцыг барьж эхэлжээ. Энэ газарт өмнө нь Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны нэг давхар барилга байсан бөгөөд тус намын хороо үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барих захиалга өгч, хууль зөрчиж буй нь энэ. Уг нь нам өөрийн хөрөнгийг худалдаж болох ч ашиг олох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон заалт Улс төрийн намын тухай хуульд тодоос тод бичээстэй бий. Тодруулбал,

Улс төрийн намын тухай хууль

16 дугаар зүйл. Намын хөрөнгө, орлого

16.1.Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.

16.2.Намын хөрөнгөд дараахь зүйл хамаарна:16.2.1.гишүүний татвар;

16.2.2.гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив;

16.2.3.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

16.2.4.намын бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа эд юмс;

16.2.5.намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны орлого;

16.2.6.өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого;

16.2.7.намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү.

16.3.Энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас бусад хэлбэрээр ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

17 дугаар зүйл.Намын орлогын зарцуулалт

17.1.Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд тусгагдсан үйл ажиллагаа явуулахад зарцуулна.

17.2.Намын орлогыг өөр зүйлд зарцуулах, гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахыг хориглоно гэж заажээ.

Хэдийгээр нам өөрийн хөрөнгөө худалдаж, түрээсэлж болох ч үйлчилгээ, орон сууцны зориулалттай олон давхар барилга бариулж, түүнийгээ худалдан ашиг олох нь эцсийн бүлэгтээ хууль зөрчиж буй үйлдэл мөнөөс мөн. Дээдсийнхээ эрх мэдэлд дулдуйдан доодос нь ийн хууль зөрчсөөр байгааг хэн хянах вэ. Найман жил дангаараа эрх мэдэлтэй байлаа гээд дураараа хууль зөрчиж болохгүйг дээдэс, доодосгүй ойлгуулмаар байх юм, МАН-ынхаан.

Намын санхүүжилтэд хяналт алга

Нөгөөтэйгүүр улс төрийн намын санхүүжилтийн хяналт аль ч шатанд сул байгаагийн жишээ нь намын хорооны захиалгатай орон сууц болов.

Намын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатайг судлаачид төдийгүй улстөрчид өөрсдөө ч хэлдэг. Гэвч улс төрийн намууд өөрсдөө хандиваа ил болгохыг, санхүүжилтээ хянуулахыг тэр бүр хүсдэггүй нь олон судалгаа баримтаар нотлогдсон.  “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн судалгаагаар намуудад хариуцлага тооцох механизм байхгүй, намын гишүүдийн ихэнх нь татвараа төлдөггүй, хандивлагчаа нууцалдаг, санхүүжилтийг ил тод байлгахыг үзэл санааны хувьд дэмждэг ч ил болгох хүсэл, сонирхол байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн намуудын удирдах түвшнийхөнтэй уулзахад санхүүжилт өөрт нь төдийгүй бусад гишүүдэд хаалттай байдгийг хэлжээ.

Уг нь намын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын газраас хяналт тавьдаг ч тухайн намаас гаргасан тооцоонд л шалгалт хийж буй нь үр дүнд хүрдэггүй. Тиймээс зөвхөн аудитын байгууллага гэлтгүй олон нийтийн хяналтад тулгуурлан намын санхүүжилтээ ил болгох хуулиа чангаруулах нь зүйтэй. Үүнийг судлаачид ч үг нэгтэй хэлдэг. Бусад улс оронд хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан намуудаа сонгуульд оролцуулдаггүй жишиг бий. Энэ жишгийг нутагшуулахад буруудахгүй нь намуудын энэ мэт үйлдлээс харагдах биз ээ.

Харин манай улсад намын санхүүжилтийг ил болгох, хяналтыг сайжруулах агуулга бүхий Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх сураг гараад даруй гурван жилийн нүүрийг үзлээ. Цаашдаа ч жил дараалсан сонгуулийн дуулианд намын хуулийн өөрчлөлт дарагдаад мөд дөө хэлэлцэхгүй нь бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)