Ипотекийн зээлийг бууруулах талаар судлах ажлын хэсэг байгуулагджээ

Ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болгох талаар судлах ажлын хэсэг байгуулагдан Монголбанкинд ажиллаж байгаа гэдгийг дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэллээ. Тэрээр "Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа манай улсын хувьд төсвийн болон халамжийн шинж чанартай үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх ёстой хэдий ч иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогыг барьж ажиллах ёстой" гэв. 

Уг хамтарсан ажлын хэсгийн зүгээс олон улсын ипотекийн зээлийн жишиг, 2021 онд баримтлах зээлийн журмыг дахин боловсруулахаар судалгаа хийж байгаа аж. 

Монголбанк өнгөрсөн тавдугаар сараас арилжааны банкнуудад ипотекийн зээлийн санхүүжилт болгон өнөөдрийг хүртэл 146.3 тэрбум төгрөг олгоод байгаа юм байна. Нийт 73 мянган зээлдэгчээс 38 мянга нь ипотекийн зээлийн төлбөрийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргаад байгааг бид мэдээлж байсан. Ингэснээр нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг аравдугаар сарын 31-нийг дуустал хойшлуулаад байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)