Төрийн тамгыг хэрхэн хэрэглэдэг вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн яамныхаа ажилтны төрсөн өдөрт барьсан бэлэг олны анхаарлыг татаж байна. Ингэхээс аргагүй. Олон нийт өмнө нь төрийн тамга дарсан төрсөн өдрийн мэндчилгээ харж байгаагүй. Харин А.Ариунзаяа сайдын хувьд энэ нь шинэ зүйл биш ажээ. Учир нь, тэрээр өмнөх дөрвөн жилд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байхдаа ч ажилчиддаа төрсөн өдрийн мэнд хүргэсэн мэндчилгээний хуудсанд гарын үсгээ зураад тамгаа дардаг байсан гэдгээ хэллээ. Ажилчдаа ингэж хүндлэн урамшуулдаг хэлбэр нь зөв ч агуулгын хувьд төрийн тамгыг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байгаа тухай шүүмжлэл цахим орчинд хөвөрч байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор 2001 онд баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааварт төрийн тамгыг хэрхэн ашиглах тухай заасныг танилцуулъя.

Энэхүү тогтоолын гуравдугаарт бүлэгт төрийн тамга атгадаг албан тушаалтнууд тамгаа юунд хэрхэн ашиглах талаар дараах байдлаар заажээ.

Гурав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх:

31. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын тамгыг Ерөнхийлөгч,  Улсын Их Хурлын дарга болон дэд дарга, Ерөнхий сайдын гарын үсэг зурсан баримт бичигт дарна.

Монгол Улсын сайд нь Засгийн газрын гишүүний хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд Засгийн газрын өмнөөс санал оруулах, албан бичиг явуулахад Засгийн газрын хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ.

 32. Яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүнчлэн үйл ажиллагаа нь  хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн  байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж  байгаа дипломат төлөөлөгчийн газрын тамгыг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дарга, дэд дарга; тэмдгийг газар, хэлтэс, тасаг, албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.

33. Бүх шатны Засаг даргын тамга, тэмдгийг Засаг дарга, тэдгээрийн  орлогч, хот, тосгоны захирагчийн тамга, тэмдгийг хот, тосгоны захирагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Нарийн бичгийн дарга, Иргэдийн Нийтийн Хурлын тамгыг Хурлын Тэргүүлэгчдийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.

34. Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн хуулбарыг баталгаажуулж  тэмдэг дарна.

35. Гадаад хэргийн яам, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар нь ноот, санамж  бичиг, солилцсон захидлыг ноот бичгийн цаасан дээр бичих бөгөөд тамга дарахгүй.

Төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдаас гадаадад явуулах илгээлтэд тусгай хэвлэмэл хуудас хэрэглэх буюу түүн дээр тамга дарахгүй.

Мөн энэхүү тогтоолд төрийн тамганы хадгалалт хамгаалалтыг ч зааж өгчээ. Ингэхдээ "Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд бөх бат саванд хадгална. Тамга, тэмдгээ түших болон хэвлэмэл хуудсыг хариуцах хүнийг байгууллагын удирдлага томилно" хэмээн заасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ улс бүр мөсөн сүйрч байна даа

    0 0 Хариу бичих
  2. 0 0 Хариу бичих
  3. Umuuruh hereggui Yos juram aldagdsan l bn Jadaj juram zaavraa sudal daa

    0 0 Хариу бичих
  4. Төрийн тамга төрийн албан хаагчдаа хүндэтгэл үзүүлсэн байна. Юу нь болохгүй байгаа юм. Төрийн ажлын голыг тэд (төрийн албан хаагч) л нугалдаг. Албан хаагчдаа дарамталж, "бөгс ухаж", урмыг нь хугалж ажилладаг дарга нарыг бодоход харин ч тэднийг жижиг ч гэсэн зүйл дээр урамшуулж, албан үүргээ гүйцэтгэхэд нь сэтгэл зүйн дэмжлэг болж байна. Юу нь буруу гэж?

    0 3 Хариу бичих