Монголчууд хөл бөмбөгөөр бөмбөрцөгт нэрээ гаргаж, Монгол хэл бичиг дэлхий даяар дуурсан буй тухайд өгүүлэх нь

Улаан залаатай халимаг торгууд нарын улаантнаас дүрвэсэн түүхийг өгүүлэх бичил оршил 

1920 онд Халимагийн Чилгэр хэмээх газар тус улсын хувьсгалч нар хуралдан, эх Монгол улсдаа үлдсэн ах дүү нартаа урилга явуулахдаа ийн дурдсан билээ: 

“Улаан залаатай Халимаг Торгууд угсаа нэгтэй улсаас салж Ази тивийн дундах Алтай уулын ар бэлээс нүүж, Европ тивийн хэл буруутай христоосийн шашинтай Орос улсад ирснээс нааш гурван зуун жил болсон бөлгөө. Урьд цагт элдэв сайхан тууж түүхтэй алтан дэлхийд алдаршсан Чингис богд тэргүүлэн Төмөр лэн баатруудтай амгалан жаргалангийн үрийг эдэлж явсан улаан залаатай Халимаг Торгууд Оросын дунд оршин буурч, орчлонгийн зовлон ба олон эзэрхэг ноёд баядын дарлалыг онцтой олон жилд эдэлж явсан бөлгөө....” (Эхийг “Дорнодахины судлал” сэтгүүл болон Цонгоол Нацагдоржийн ФБ хуудсаас авав)

Хүний нутаг бол хүний л нутаг. Ази тивийн дундах Алтай уулын ар бэлээсээ нүүж, хэл буруутай, христийн шашинтай Оросуудын дунд 300 жил аж төрсөн боловч, тэр хооронд олон хаан, хатан, төр засаг Орост солигдсон ч гэлээ, Халимаг түмэн хил хязгаарыг нь хамгаалж, атаат дайсныг нь даралцаж явсан ч гэсэн “Оросын олон эзэрхэг ноёд баядын дарлалыг онцтой олон жил эдэлсээр” л явжээ. Ялангуяа Октябрийн хувьсгал мандсанаас хойш Халимаг ах дүүс ч ялгаагүй, цагаан улаан хоёр талд орон хоорондоо байлдахад хүрснээс гадна Оросын Цагаан хаанд үнэнч зүтгэж асан халимагууд улаантнуудыг ялахад гадаад улс орон руу дүрвэн гарахаас өөр аргагүй болжээ.

Дэлхийн дайн болоод Орос дахь иргэний дайнд халимаг монголчууд хамгийн хүндээр өртөж, ерөөс оршин тогтнох аргагүй болсон тухайд тэр үеийн Монголын сонин хэвлэлд бас мэдээлж байв. 1922 оны 5 сарын 21-ний өдөр Өргөөд хэвлэгдсэн хураангуй сэтгүүлд гарсан “Торгууд аймгийн хөөрхий болсон учир” хэмээх мэдээнд Халимагийн талаар өгүүлсэн нь: “Торгууд аймгийн ард нь Ертөнцийн их байлдаан (Дэлхийн 1-р дайныг хэлж байна. М. С.) ба ялангуяа Орос улсын өөртөө самуурч, харилцан алалдсан учир шалтгаанаас (Иргэний дайныг хэлж байна. М.С.) түүний аймгийн хүн сөнөөгдөж, гэр хөрөнгө хохирсон нь нэн үлэмж бөгөөд суудлын иргэн нэгэнт амьдрахуйя бэрх болоод бас тариалангийн явдлыг боловсруулан чадахгүй, олон амьтан өлсөх даарах зовлон зүдгүүрт унаж үхэх зэргээр Торгууд аймаг (Халимаг М.С.) бүрнээ сөнөж, барагдахуйд хүрэв хэмээнэ” (Эхийг Тугалхүүгийн Баасансүрэн, “ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл”, УБ 2009 номоос авав)

Астраханьд төрсөн халимаг монгол Армадаг гуай залуудаа Австри-Унгарын хил дээр хоёр жил цэргийн алба хаасан, Дэлхийн 1-р дайнд байлдаж явсан цэрэг эр ажээ. Иргэний дайн эхлэхэд улаантны эсрэг байлдаж байгаад 1920-иод оны эхээр Франц улсад шууд дүрвэн гарсан байна. Армадаг гэх нэр нь Ардаг гэдэгтэй язгуур нэг, “хүчтэй, золбоотой” гэсэн утгатай үг юм.

Баасан буюу Басанов овогт халимаг эр мөн л тэр үед, гэхдээ өөр замаар буюу Врангелийн Цагаан армийн хамтаар Крымээс эхлээд Турк руу гарсан бөгөөд тэндээс үр хүүхдүүд нь Чехословакт очоод, бүр сүүлд Франц хүрчээ.

1952 оны Парисын цом

Францын хөл бөмбөгийн холбооноос 1952 онд Парисын цом тэмцээнийг сонирхогчдын дунд зохион байгуулжээ. Хаанаас гараад ирэв гэж гайхмаар хэдэн ази залуу учраа болгоноо бүгдийг ялсаар түрүүлсэн нь Халимаг монголчуудын баг байлаа. Гарааны 11 тамирчны 3 нь нэг айлын хөвгүүд, ах дүү гурав байсан нь өнөөх Крым-Турк-Чех-Франц гэсэн өртөөгөөр амьдрал хайн, удтал аялсан Басановын хөвгүүд байлаа. Эцэг нь харин урт насалсангүй, 29 насандаа өөд болж, гурван өнчин хөвгүүнийг авга ах нь болох Молом Басанов хэмээх гэлэн өсгөсөн ажээ. Амьдралын хатуу хөтүү, аяны урт зам, дүрвэгч цагаачдын бэрхшээл зовлон энэ бүгд хөвгүүдэд хатуужил тэсвэрийг олгож, эр өсөж эсгий сунахад бүгд сайн тамирчид болон хүмүүжжээ. Гурвуул сайн хөл бөмбөгчид болохоос гадна 1922 онд төрсөн ууган ах Алта Басанов нь газрын теннисээр хичээллэж өндөр амжилтад хүрсэн бол дунд хүү Менгя Басанов нь 1946 онд жиндээ Францын боксын аварга болж байв. 1926 онд төрсөн отгон дүү Марсель Басанов нь жигитовка гэдэг морин спортоор дэлхийн хэмжээнд хориод жил зодоглосон алдартай тамирчин юм. 

Парисын цомоос хойш Франц дахь халимаг монголчууд нийлж баяраа тэмдэглэдэг, хөл бөмбөгөө тоглодог уламжлалтай болжээ. Нэг удаагийн баяр дээр нөгөө Басановтой ойролцоо цаг хугацаанд боловч, өөр замаар Европ руу гарч одсон Армадаг гуай ирэв. Хүү нь хэдийн мэргэжлийн хөл бөмбөгчин болоод байсан тул Армадаг гуай харин амьдралд хөлөө олчихсон байж. “Баруун монгол аялгаар сайхан ярьдаг тэр хөгшин хөл бөмбөг тоглодог залуус бидэнд бүтэн багийн өмсгөл бэлэглэж байлаа шүү дээ” хэмээн Алта Басанов Элистад ирээд байхдаа дурсан ярьжээ. 

Армадагийн мэргэжлийн хөл бөмбөгчин тэр хүү нь харин бүх халимаг залуусаа нэг баг болгоод өөрийнхөө тоглодог клубтэй нөхөрсөг уулзалт зохион байгуулж, хөл бөмбөг сонирхогч залуусыг шүтэн биширдэг тамирчидтай нь уулзуулж өгч байсан буянтан аж. 

 

 1952 оны Парисын цомын эзэн Халимаг Монгол баг. Арын эгнээний зүүн гараас гурав дахь Алта Басанов, урд эгнээний зүүн гараас эхнийх нь Марсель Басанов. Наран Илишкиний номоос авав. 

Парис, Сэн Жэрмэн хоёр нэгдсэн нь буюу хөл бөмбөгийн дэлхийн аварга болсон монгол хүү

Астраханьд төрсөн халимаг монгол Армадаг гуайн хүүгийн тухай одоо хуучилъя. (Армадагийн овог нь Жоркаев гэдгийг хэлээгүй бил үү?) Хориод оны эхээр улааны аюулаас дүрвэн гарч чадсан халимагуудын олонх нь эрчүүд байлаа. Учир нь Цагаан арми, цэрэг хүчний зорилгоор тэднийг гаргасан ажээ. Үсээ хусаж, эр цэргийн маягаар хувцасласан цөөхөн халимаг хүүхэн л Оросоос гарч чадсан гэдэг. Учир иймийн тул халимаг залуус хэдий хэл соёл, Бурханы шашнаа хадгалсаар ирсэн боловч нутгийн бүсгүйтэй гэрлэх боломж тохиол гэж бараг байсангүй. Тэгээд ч Армадаг польш бүсгүйтэй, хүү нь армян эмэгтэйтэй гэрлэсэн ажээ. Овог нь ч франц төрхийг олж Жоркаев нь Djorkaeff болсон бол өнөө Басанов нь Bassanoff хэмээн ардаа хоёр Ф үсэгтэй болов.

1939 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн хүүдээ Армадаг гуай Жан (Jean) гэж франц нэр хайрлажээ. Авьяаслаг хөл бөмбөгчин болсон Жан хүү мэргэжлийн тавцанд анх удаа 1958 оны 12 сарын 28-ны өдөр зодоглож, Льон багт тоглов. Сая Аваргуудын лийгт шөвгийн наймд Манчестер Сити-г буулгаж аваад, шөвгийн дөрөвт Бавари-д хожигдсон, тэр Льон баг шүү дээ. Олон баг солиогүй, гуравхан багт үнэнчээр зүтгэсэн нь Льоноос гадна Марсель, ПСЖ хоёр. Одоо энэ Нэймар, Мбаппэ, Дракслэр нарын ид гялалзаад буй, Францад хамгийн олон буюу 9 удаа түрүүлсэн, харамсалтай нь энэ жил Аваргуудын лийгийн шигшээ тоглолтод Баварид ганц бөмбөгөөр хожигдсон алдарт ПСЖ багийн түүхэнд халимаг залуу Жан Жоркаевын нэр хамгийн эхнээ бичигдэх ёстой юм. Учир нь 1970 онд Сэн Жэрмэн клуб Парис багтай нийлэн, “Парис Сэн Жэрмэн” гэж шинэ баг буй болоход анхны ахлагчаар нь Жан сонгогдсон түүхтэй.

Жан жараад оны Францын хөл бөмбөгийн гол тоглогчдын нэг байв. Францын шилдэг хөл бөмбөгчнөөр хоёр ч удаа тодорсноос гадна шигшээ багийн ахлагчаар тоглож байлаа. Шигшээ багтаа нийт 48 удаа тоглож, гурван бөмбөг оруулжээ. Хамгаалагч шүү дээ. Дэлхийн аваргад харин Франц олигтой тоглосонгүй, 1966 оны Дэлхийн цомд Жаны ахалсан Франц хэсгээсээ гарч чадалгүй нутаг буцжээ. Үүнээс хоёр жилийн дараа хүү төрөхөд нь Юрий гэж нэр өгөөд эцгийнхээ аваагүй цомыг аваарай гэж ерөөж байсан нь биеллээ олж, Халимаг Монголын үр сад Юрий хүү 1998 онд дэлхийн аварга, 2000 онд Европын аварга болсон түүхтэй.

 

Алта Басанов аавынхаа нутагт

1952 онд Парисын сонирхогчдын цомын аварга болж байсан ах дүү Алта, Марсель хоёр эцгийнхээ нутагт анх удаа 2012 онд насан өндөр болсон хойноо иржээ. Ертэй, наян зургаатай хоёр хөгшин ясны тамирчид учраас ихэд харин ч бүр хөнгөн шингэн явсан тухай уулзсан улс ярьсан нь буй. Алта Басанов гуай гэхэд л хөл нь өвдөөд жилийн өмнө л газрын теннис тоглохоо болилоо хэмээж ярьсан гэхээр 89 хүртлээ тоглосон байх нь. 

Нэг хөдөлсөн чулуу нэлээд удаан тогтдоггүйн үлгэрээр ах дүүс бүгд хамтдаа Францад амьдарсан хэрэг бас биш ажээ. Алта Басанов Францдаа үлдсэн бол Марсель Басанов нь 50 жилийн өмнө Швейцарь луу нүүсэн гэнэ. Өнөө боксын аварга гэж өмнө дурдсан Менгя Басанов нь Канадад аж төрөх болжээ. Хаа газар амьдарсан ч Молом гэлэнгийн өсгөсөн гурван хүү бурхан ном, шашин соёлоо огт гээсэнгүй. Гурвуул зүгээр нэг итгээд бишрээд явдаг улс биш бас чиг уншлагатай бол уншлагатай, ном залбирал дагавал чиг дагачихдаг сүсэгтнүүд болсон ажээ. Алта Басанов жараад онд Далай ламыг Парист ном хурахад гурав хоног жолоочоор нь ажилласнаа энэ насандаа тохиосон хамгийн буянтай үйл минь хэмээн дурсан явдгаа ч ярьж. 

Алта Марсель хоёр Ростов орж, Мөнх Борманжинов ламын дурсгалыг хүндэтгээд эцгийнхээ унасан газар угаасан усанд очив. Ерөөс монголчууд хаана ч төрсөн бай, эцэг эхийнхээ нутгийг заавал үзнэ хэмээн зүтгэдэг улс билээ. Жан Жоркаев гэхэд л 1971 онд анх удаа Орост хөл тавьж, Армадаг аавынхаа төрсөн нутагт очиж үзсэн юм. Ямар хэргээр Орост очсон гээ? Алдарт Лев Яшины зодог тайлах тоглолтод оролцох гэж шүү дээ.

Эцгийнхээ төрсөн гэрийн буурийг үзэж, энэ насныхаа хэргийг бүтээсэн Алта Басанов 2015 онд онд 93 насандаа, дүү Марсель Басанов нь 2018 онд 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Захчин дуунд уярсан торгууд бүсгүй

Алта Басанов 1945 онд охинтой болж Намча хэмээх нэр хайрлажээ. Алта өөрөө харьд төрсөн буюу 2 дахь үеийн цагаач, охин нь тэгэхээр 3 дахь үеийн цагаач болно. Ер нь харьд гарагсад 3 дахь үеэсээ эхлээд хэл алддаг гэх ерөнхий тооцоо буй. Үүгээр бодвол Намча Басанов нь монгол халимаг хэлгүй хүн болж өсөх магадлал өндөр байж. Гэтэл үгүй шүү. Харин ч эсрэгээр монгол кирилл үсэг аль алиныг нь гарамгай сурснаар барахгүй Сорбонны их сургууль төгсөн, монгол судлаач эрдэмтэн болж, ИНАЛКО-д монгол хэл зааж байжээ.

ИНАЛКО буюу Дорно дахины хэл, иргэншлийн үндэсний хүрээлэн нь тэртээ 1669 оноос хичээллэж эхэлсэн, өдгөө 3000 гаруй багш, 9000 гаруй оюутан бүхий, Франц даяар монгол хэлийг, монгол соёл иргэншилтэй хамт дээд боловсролын түвшинд заадаг цорын ганц их сургууль юм. Бүр анх 1874 онд монгол хэл заах гээд чадаагүй бол 1967-1968 оноос үнэхээр их сургуулийн хичээлийн хэмжээнд зааж эхлэхэд анхны багш нарын нэг нь Намча Басанов болж байлаа. Одоо тус сургуульд соёлын өвийн мэргэжилтэн Шагдарсүрэнгийн Номиндарь монгол бичиг зааж, монгол хэл соёлын хичээлийн түүчээг таслалгүй авч явж байна. 

Францад урилгаар монгол хэл зааж байсан С. Дулам багш “баавгай” хэмээх үгийн утгын хувьсал, хүндэтгэх цээрлэх ёсны талаарх нэгэн сонирхолтой бичвэртээ “1991 онд Францын Бургон мужийн бузаав торгууд Намчаа гуайтай Парист уулзахад юм мартахаараа “би одаа баавгай болаад” гээд адар ширтдэг сэн...” хэмээн дурссан нь буй.

Намча Басанов Монгол улсад болдог Олон Улсын Монгол Эрдэмтдийн Их хуралд оролцож, олон монгол найзтай болон, эрдэм судлалын харилцаа холбоотой явж иржээ. 1976 онд нэр монголч эрдэмтэн Амаёоны хамтаар ОУМСЭ-ийн 3-р их хуралд оролцохоор тус холбооны нарийн бичгийн дарга С. Лувсанванданд ирүүлсэн захидлыг нь харахад Туркийн нэрт монгол судлаачТалат Текинийг чухам мань Намча монголчуудад анх танилцуулсан байх ажээ. 

 

Намча, Амаёон нараас ОУМСХ-д ирүүлсэн захидал (С. Лувсанвандангийн архиваас)

АНУ-д Монгол судлалыг үндэслэсэн эрдэмтэн Оуэн Латтимор, Их Британид очиж Лийдсийн их сургуульд мөн Монгол судлалыг үүсгэн байгуулан ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан билээ. Тэтгэвэртээ сууснаасаа хойш Латтимор Парист амьдарсан юм.Парист байхад нь Намча Басанов Латтиморт шавь орсон бололтой юм. 

1974 оны 4 сарын 1-ний өдөр Латтимор багшдаа Намча Басановын Улаанбаатар хотоос бичсэн нэгэн захидал өдгөө Конгрессын Номын Сангийн гар бичмэлийн тасагт хадгалагдаж байна. Намча захидалдаа “Лувсанбалдан гуайн зэрэг хамгаалахад суугаад, дараа нь бүгдээрээ гэрт нь зочилсон” тухайгаа бичжээ. Энд дурдаж буй Лувсанбалдан нь монгол хэл бичиг судлаач Халтарын Лувсанбалдан мөн бөгөөд 1974 онд “Тод үсэг, түүний дурсгалууд” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан тухайг нь өгүүлж байна. 

Одоо бол зэрэг хамгаалаад их зоогойд том найр хийдэг бол тухайн үед дотно цөөн нөхдийн хамтаар гэртээ тэмдэглэдэг байж. Намча цааш нь “...Надад их сайхан санагдлаа. Далай сайхан захчин ардын дуу дуулсан” хэмээсэн нь академич Чулууны Далайн тухай өгүүлж буй хэрэг. Тод үсгээр зэрэг хамгаалах хуралд торгууд монгол Намча, захчин монгол Далай нар сууна гэдэг, дараа нь тэгээд шинэхэн “төрсөн” дэд эрдэмтний гэрт баруун монгол ардын дуу дуулж тэмдэглэнэ гэдэг гайхахаар тохиол биш юм. Ялангуяа Францын торгууд Намча бүсгүйд энэ бүхэн нь “их сайхан санагдлаа” хэмээх нь зүйн хэрэг. Захидлынхаа төгсгөлд нэрээ монгол бичгээр Намчий-а хэмээн бичжээ.

93 хүрсэн тамирчин аавынхаа насанд Намча Басанов хүрч чадсангүй, эцгээсээ гурван жилийн хойно буюу 2018 оны 7 сарын 20-ны өдөр, 72 насандаа тэнгэр зүгт одсон бөлгөө. 

 

 Намча-гаас Латтиморт бичсэн захидал. КНС-ийн гар бичмэлийн тасаг.

Хөл бөмбөг хийгээд эх хэл бичгийн тухай төгсгөл үг

Монголчууд хөл бөмбөгөөр дэлхийд нэрээ дуурсгана гэдэгт би эргэлздэггүй юм. Угаасаа дуурсгасаар ирсэн жишээ бэлээхэн байна. Халимаг монгол цуст эцэг хүү Жан, Юрий хоёр Жоркаев дэлхийн хөл бөмбөгийн хамгийн өндөр дээд оргилд хэдийн хүрсэн бол Алта Басанов гуай хоёр дүүгийнхээ хамтаар сонирхогчид дотроо гялалзаж, Парисын цомыг хүртэж явжээ. Америкийн хөл бөмбөгт далаад оны сүүл, наяад оны эхээр алдаршиж явсан Санжаа Иванчуков аанай л халимаг монгол хүн байлаа. Хорь ч хүрээгүй байхдаа АНУ-ын шигшээд дуудагдаж, Пан-Америкийн аваргаар алдарт Пассарэлла, Кэмпэс нарыг багтаасан Аргентины шигшээтэй тоглож байснаас гадна лийгдээ өнөөх зартай Космос багтай байнга хүч үздэг, тэр багт нь өмнө нь Пэлэ, яг Санжаагийн үед Бэккэнбауэр Нээскэнс хоёр тоглож байсныг дурдахад л хэр зиндааны од байсан нь тодорхой. 

Зөвхөн их спортоор нэрээ гаргаад зогсохгүй монгол хүн оршин байгаа газар бүхэнд монгол хэл, монгол бичиг хамт явсаар байгаа нь бахархалтай. Алтай уулын ар бэлээс тэртээ 400 жилийн өмнө гарснаасаа хойш тасраагүй яваа, тасрах ч учиргүй монгол хэл соёл маань ирээдүйд улам ч түгэн дэлгэрэх биз ээ. Үүний тул хүн бүр дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай байж,угсаа нэгт - олон өөр аялгуут монголчуудтайгаа эв нэгдэлтэй явж, үр хүүхдэдээ хэл соёлоо өвлүүлэх хэрэгтэй. Саяхан гарч ирсэн та бидний үр хүүхэд байтугай зуун жил өнгөрч, гурван үе улирсан ч монгол хэл бичгээ хадгалан явж болдгийн гайхамшигтай жишээг тэртээ Дэлхийн 1-р дайны дараа эх нутгаасаа дайжсан халимаг цэргийн 1922 онд гадаадад төрсөн хүү Алта Басанов хийгээд Алта-гийн 1945 онд Францад төрсөн охин Намча-гийн кирилл үсгээр бичиж, монгол бичгээр нэрээ сийлсэн энэ нэгэн захиа харуулах бус уу?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Юри Жоркаэфийн тухай интернетээс харлаа. Монгол байтугай Халимгийн тухай ганц үг ган хийгээгүй байна. Армянд баахан буяны ажил хийсэн, элдэв хандив өргөсөн, тэнд очдог юм байх. Тийм л мундаг монгол цустай юм бол ядаж өөрийн намтартай тал өгүүлбэр бичнэ дээ. Бичиж чадахгүй муу новшийн тухай дахиж бичихээ больцгооё.

    0 0 Хариу бичих
  2. намчии а, бодо а, тахии а

    0 0 Хариу бичих
    • 'a' тав (түбэд)

      0 0
  3. багабагай. айхаа мартах. хот мандалд өтөг.

    0 0 Хариу бичих
    • хятадууд удахгүй төрийн далбаан дээрээсээ таван таван хошуугаа авч хаяна гээд байсымаа

      0 0
    • муу у хай. тав (хят).

      0 0
    • хонь муулаад зүлд, дотор чанахад зүрхнээс идэхгүй өргөх хэсэг байдаг.

      0 0