Иръяа Халашийн "Сэрсэн Монгол"

“1962 онд төрсөн дөнгөж 27 наастай Санжаасүрэнгийн Зориг нь зураачид, жүжигчид, зохиолчид, сэтгүүлчид, их сургуулийн багш нар, оюутнууд, сэхээтнүүдтэй уулзаж зарим нь улс төрийн далд бүлгүүдэд оролцож улс орноо өөрчлөх арга зам хайж байв. Тэд Монгол Улсын их сургуулийн багш, судлаач Зоригийг улс төрийн далд бүлгүүдийн хамтын ажиллагааг зохион байгуулах зөв хүн гэж шийджээ. Үүний дараагаар хэсэг залуучууд 1989 оын арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод уулзаж, МоАХ байгуулагджээ” 

хэмээх тайлбарыг Финлянд улсын иргэн, чөлөөт сэтгүүлч, телевизийн продюсер, гэрэл зурагчин Ирьяа Халаш, С.Зориг агсны ардчилсан хувьсгалын жагсаал дээр авсан гэрэл зургийнхаа дор тодотгон бичжээ.

1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалыг гэрэл зурагт буулгаж энэхүү үйл явдлын талаар мэдээлэл, зургуудыг дэлхий нийтэд Ройтерс агентлагаар дамжуулан түгээсэн Ирьяа Халаш өнөөдөр Монголын уран зургийн галерейд “Сэрсэн Монгол” нэрээр ардчилсан хувьсгалын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Тэрээр үзэсгэлэнгийн нээлт дээрээ “Хэдийгээр өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хар өдөр ч энэ өдрийг хар бараанаар дурсахгүйн тулд “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Би 80 насалмаар байна. Гэхдээ маргааш ч амьд байх үгүйгээ мэдэхгүй учраас өнөөдөр энэ ардчилал хэрхэн өрнөж байсныг гэрэл зургуудаа дамжуулан хүргэхийг зорилоо. Мөн энэхүү үйл явдлын түүхэн гэрэл зургуудаа АН-ынханд өгөх болно. Учир нь 100 жилийн дараа бидний хэн ч амьд сэрүүн байхгүй. Харин тэр үед эдгээр зургууд түүх өгүүлэх болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд уригдан ирсэн зочдоос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эдгээр зургуудыг хараад сэтгэл маш их хөдөлж байна. Энэхүү үйл явдал өрнөж байхад би Москвад Дорно дахины судлалаар нэгдүгээр курсийн оюутан байсан. Түүх судлахад хамгийн их дутагддаг зүйл бол түүхэн материалууд байдаг. Ийм зургуудаар манай түүхийг баримтжуулсан бол Манжийн үе ч мартагдахааргүй үлдэх байсан. Одоо энэ архив болон үлдэж байна. Энэ бол Монголын үнэт өв. Алс Дорнод, Төв Азийн түүхэнд Монгол Улс дахин нэг шинэ хуудас нээсэн. Энэ бол зөвхөн монголыг хамарсан зүйл биш байсан. Дэлхийг хамарч байхад Монгол Улс хамгийн түрүүнд хөдөлж чадсан тэр хүмүүст би баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл та нар миний амьдралыг өөрчилсөн. Би их сургуулиа төгсөөд буцаад ирэхэд миний амьдрал энгийн жолоочийн хүүхэд л байх байлаа. Магадгүй төлөвлөсөн замаар миний амьдрал явах байсан байх. Харин би БНМАУ-аас оюутан болж яваад ардчилсан үндсэн хуультай Монгол Улсад эргэж ирсэн. Би огт өөр  улсад ирсэн. Би БНМАУ-ын иргэн байхдаа өөрийнхөө нутаг руу буцахын тулд оюутан байхдаа ЭСЯ-наасаа виз авдаг байсан. Би 1994 онд эх орондоо буцаж ирэхэд хэнээс ч ямар ч зөвшөөрөл шаардахгүй болсон. Буцаж ирээд хүн өөрийнхөө чадвараар зүтгэхэд урагшаа ахих боломж нь хэний хүүхэд байх, ямар гаралтай байх огт хамаагүй болсон. Тийм нийгмийг авчирсан. Тэр нийгмийг авирахад ид ганцаараа байгаагүй гэдэгт би их баярладаг. Биднийг ардчилсан замд ороход гуравдагч хөршүүд маш ойроос дэмжлэг тусламж үзүүлсэн. Иръяа тэнд зогсож байсан гээд та бүхэн боддоо. Тэрээр бүхий л зургуудыг аван баримтжуулжээ. Миний улсын түүхийг надад, бидэнд, миний хүүхдүүдэд баримтжуулаад үлдээсэн танд баярлалаа”

Үзэсгэлэнд цагаан морин жилийн хувьсгалын үйл явцыг буулгасан 80 гаруй гэрэл зургийг дэлгээд байна.

1990 оны 3 дугаар сарын 9. Газар хэвтэж өлсгөлөн зарласан болон хүрээлэн зогсож буй дэмжигчид. Мөн 1990 оны 4 сарын 27ны өдөр. Төрийн ордны эргэн тойронд цэргүүд жагсаж, Төрийн ордноос чанга яригчаар Ардын их хувьсгалын 86-р зүйлийг давтаж, хууль бус жагсаалыг зохион байгуулагчдад  хатуу шийтгэл хүлээлгэнэ хэмээн заналхийлэв. Сүхбаатарын талбай дээр эсэргүүцэгчид Засгийн газрын ордныг хамгаалж буй цэргүүдрүү ойртохыг С.Зориг агсан болон жагсаал зохион байгуулагчид зогсоож чадсан юм. Мөн 1990 оны 4 дүгээр сарын 27. Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсныг залуу дэмжигчид Төрийн ордны ойролцоогоос мөрөн дээрээ өргөж байна.

Чөлөөт сэтгүүлч, телевизийн продюсер Ирьяа Халаштай ярилцлаа.

-1990 оны ардчиллын үйл явдлыг яагаад гэрэл зурагт буулгах болсон юм бэ?

- Би 1985 онд Унгарт оюутан байхдаа хэд хоногийн хугацаатай Монголд анх ирж байсан. 1987 онд МУИС-д тэтгэлгээр оюутан болж ирээд түүнээс хойш 33 жил Монголд амьдарч байна.

Би сониуч зантай хүн. Манай ах түүх судлаач, түүхийн музейн дарга байсан. Манай аав улс төрийн зүтгэлтэн байсан. Тэр ч утгаараа гэр бүлийн нөлөө байсан гэж хэлж болно. Мөн би уран зураг их сонирхдог байсан болохоор гэрэл зураг авах нь миний цусанд шингэсэн зүйл шиг л санагдаж байсан.

-Энэхүү түүхэн зургуудыг буулгахад хүндрэл, бэрхшээл тулгарч байв уу. Яаж олон залуусын дунд орж гэрэл зургуудаа авч байв?

-Тэр үед амар байгаагүй ээ. Би сэтгүүлч биш оюутан байлаа. Хүмүүст би гуравдагч орны хүн байсан учраас намайг тагнан хүн хүртэл дагаж явна. Энэ тагнуулч уу гээд найзуудаас янз бүрийн л зүйл асуусан байдаг. Их сургуулийн декан хүртэл намайг дуудан “Зураг авч болохгүй” гэж анхааруулсан.

-Тухайн үед харилцаа холбоо сайн байгаагүй. Та авсан гэрэл зураг мэдээллээ хэрхэн олон улсад дамжуулж байв?

-Ганцаараа байсан үе учраас мэдээлэл дамжуулахад хэцүү байлаа. Гар утас байхгүй, утсаар шууд ярьж болохгүй гээд мэдээлэл дамжуулах асуудал маш хэцүү байсан. Гэрэл зургуудаа явуулах хэцүү байсан ч би Ройтерс агентлагт зураг, мэдээллээ илгээж чадсан шүү. Ройтерс агентлагт өгсөн мэдээлэл дэлхий даяар ВВС радиогоор хүртэл явдаг байсан юм. Би ардчилсан хувьсгалын жагсаалын мэдээг орой Улаанбаатар зочид буудлаас телексээр явуулсан. Тухайн үед миний явуулсан мэдээллийг Ройтерс агентлагийн  Бээжингийн салбар хүлээж авсан үгүй нь мэдэгдэхгүй, шөнийн цагаар би радиогоо цонхоор ВВС агентлагийн мэдээгээр “Монголд өнөөдөр олон мянган хүн ардчиллыг бий болгохоор жагслаа” гээд миний мэдээ явахад сая нэг санаа амарч билээ. Тэгж л өөрийнхөө явуулсан мэдээг хүрч гэж мэдэж байсан.

 -Тэр үеийг одоо үетэй харьцуулахад монголын хөгжил ямар байгаа бол?

-Мэдээж өөр. Ялах хэрэгтэй. Хүмүүс хаяа ардчиллыг шүүмжилж байна. Гэхдээ энэ хүмүүс ардчиллын буянаар шүүмжлэх эрхтэй болсон гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэд жинхэнэ ардчиллын үндсийг тавьсан. Үндэс суурь байхгүй бол өнөөдрийн ардчилал байхгүй, шүүмжлэх эрх ч байхгүй. Тийм учраас үүнийг монголчууд тэр дундаа залуус ойлгоосой гэж хүсдэг. Өнөөдөр шүүмжилж үүнийг сайжруулах хэрэгтэй. Гэхдээ тухайн үед суурийг нь тавьсан гавьяа байгуулаагүй бол энэ нийгэм байхгүй гэдгийг мартаж болохгүй.

-Авсан гэрэл зургуудаа хаана, хэрхэн угааж хальснаа буулгаж байсан бэ?

-Тэр үед гар ажиллагаатай гэрэл зургийн аппарат байсан учраас хальснуудаа би гэртээ хадгалсан. Тухайн үед гэрэл зураг угаадаг албан ёсны газар байхгүй учраас МОНЦАМЭ агентлаг болон өөр тоотой хэдэн агентлагийн гэрэл зурагчид хуучин хор олон удаа хэрэглэж гэрэл зургуудыг минь угаагаад надад өгч байлаа. Хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд тухайн үеийн гэрэл зургийн хальснуудаа хадгалсан. Дараа нь сонгууль болон ардчилсан хувьсгалтай холбоотой үйл явдлуудад гэрэл зургаа угааж өгч байлаа.

-Одоо та Монголд ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Би Монголд амьдарч байгаа, надад үүнээс өөр газар гэр орон байхгүй. Би эндээс явмааргүй байна. Одоогийн байдлаар би бие даасан сэтгүүлч, продюсер. Харин коронавирусээс болоод миний цалинтай ажил бүгд байхгүй болсон. Би байраа зарах юм уу, яах уу энэ байдал яаж үргэлжлэхийг мэдэхгүй хэцүү байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 33 жил монголд амьдарч, гайхалтай, 12-р сар гэхэд вакцин дэлхий даяар түгээгдэж эхэлнэ, moderna, curevac гээд олон биотехнологийн компаниудын бүтээл үйлдвэрлэхэд бэлэн болсон, ковид өвчин ердийн сүрьеэ эсвэл ханиадтай адилхан ердийн нэг байдаг л өвчин болно, 2021 оны 3р сар гэхэд дэлхий даяар вакцинжуулалт явагдаж эдийн засаг урьд урьдынхаас илүү хүчтэй сэргэнэ. Бүгдэд нь амжилт, эрүүл энхийг ерөөе!

    0 0 Хариу бичих