Л.Энхсайхан: Олон харвасан хүн тэнэгрэх өвчин тусах эрсдэл өндөр

Танин мэдэхүйн чадварууд буурах буюу тэнэгрэл өвчнөөр жил бүр 10 сая хүн шинээр өвдөж байгаа талаар ДЭМБ мэдээлсэн. Манай улсад ч сүүлийн жилүүдэд энэ төрлийн эмгэгээр өвчилж буй хүн нэмэгдэж, ой санамж, хэл яриа, орон зайн баримжаа алдаж, шийдвэр гаргалт болон төлөвлөх чадвар нь суларч буй хүн цөөнгүй болсон. Тиймээс энэ өвчний талаар болон хэрхэн сэргийлэх тухай ЭМЯ­-ны мэдрэл судлалын ерөнхий мэргэжилтэн, УНТЭ­-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга, АУ­-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхантай ярилцлаа.

-Танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэх өвчин дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болжээ. Манай улсад ч энэ төрлийн эмгэгтэй хүн цөөнгүй. Тэнэгрэх өвчнөөр өвчлөх шалтгаан юу вэ? 

-Хүний оюун ухаан буурах хоёр төрлийн эмгэг байдаг. Нэг нь оюуны хомсдол нөгөө нь тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэл өвчин юм. Хүүхэд байхаасаа оюун ухаан хөгжихгүй байхыг оюуны хомсдол гэж нэрлэдэг. Харин тархины чадамжаа олон янзын шалтгааны улмаас алдахыг тэнэгрэх эмгэг гэж нэрлэдэг. Таны хэлсэнчлэн энэ өвчин дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болоод байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд 50 сая хүн ийм эмгэгтэй байгаа нь тогтоогдсон. Энэ тоо 2030 он гэхэд 86 саяд хүрэх эрсдэлтэй болохыг ДЭМБ мэдэгдсэн байна. Түүнчлэн нийт өвчлөлийн 60 орчим хувь нь бага буюу дунд орлоготой улс оронд гардаг. Тиймээс манай улс энэ асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай юм. Тэнэгрэх өвчнөөр өвчлөх маш олон шалтгаан бий. Тэдгээрийг ерөнхийд нь судасны шалтгаантай, альцхаймер зэрэг бүлэг эмгэгүүд багтдаг сөнөрөлт буюу хатингаралт өвчний улмаас, бусад гэж гурав ангилдаг. Мөн нийт тэнэгрэлийн 60-70 хувийг альцхаймер өвчин эзэлдэг. Альцхаймерын үед тархи их хэмжээгээр хатингаршиж, эсүүд үүргээ гүйцэтгэж чадахаа больж мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж, тэнэгрэл бий болдог. Харин бүс нутгийн онцлогоос шалтгаалж, ази хүмүүс тархины судасны өвчнөөс болж энэ төрлийн эмгэг тусах нь түгээмэл. Тухайлбал, тархины судас нарийсах, тархины цус харвах зэрэг нь тэнэгрэлд хүргэдэг. 

-Тархины цус харвалтын улмаас тэнэгрэх өвчний тусах эрсдэл бий гэж сонсож байсан. Энэ хэр үндэслэлтэй вэ. Тэнэгрэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчин нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 10 жил харвалт маш ихэссэн. Монгол Улс тархины харвалтын тархалт өндөр орны тоонд багтдаг. Харвасан хүмүүсийн мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж, ярих, бодох, сэтгэхэд хүндрэлтэй болдог. Тухайлбал, гар хөл саажих, хэл ярианы өөрчлөлт өгөх, ойлголт муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тархи маш нарийн бүтэцтэй эрхтэн. Хэсэг бүхэн нь нөхөн орлуулахад хэцүү. Тиймээс харвасны дараа бүрэн эдгэрэхэд хугацаа, хөдөлмөр шаардлагатай. Хүмүүсийн нэг алдаа нь нэг харвасан хүн дахиж харвах эрсдэлгүй гэж ойлгодог. Үүний улмаас дахиж харвах тохиолдол элбэг. Үйл ажиллагаа нь алдагдсан хэсэг бүрэн төлжөөгүй байхад дахиж харваснаар тархины үйл ажиллагаа доголддог. Тиймээс олон харвасан хүн тэнэгрэх өвчин тусах эрсдэл өндөр. Мөн удамшил, бодисын солилцоо зэрэг нь дээрх өвчнүүд нөлөөлдөг. Харин оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн тэнэгрэх өвчнөөр өвчлөх  тохиолдол бага гэж үздэг. Тиймээс урьдчилан сэргийлэх арга нь оюунаа ачаалуулах юм. 

-Тэнэгрэл өвчнийг хэрхэн оношилдог вэ?

-Оношлоход их адармаатай. Тархины цус харвалтыг MRI, компьютерт томографийн зураг аваад оношилдог бол Альцхеймрын зэрэг зарим эмгэгт тархины тодорхой хэсгүүд хатингаршдагийг тогтоох боломжтой. Харин тэнэгрэл өвчнийг төхөөрөмжөөр оношлох боломжгүй. Дээрх шинжилгээнүүд оношлох үзүүлэлт л болдог. Эмнэл зүйн үзлэг хийж, тухайн хүний оюун ухааны чадамжийг шалгаж, шинжилгээний хариутай уялдуулж, онош тогтоодог. 

-Монгол хүмүүс өөх иддэг учир зөнөх өвчинд өртөх эрсдэл бага гэдэг. Энэ үнэн үү?

-Энэ тухай судалгаа олж хараагүй болохоор баттай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тархины бүтцэд өөх, тос тодорхой хэмжээгээр байдаг. Тиймээс өөх идэх нь тархинд эерэг нөлөөтэй. Ийм туршилт ч бий. Уналт, таталт өвчтэй хүн өөх, тос давамгайлсан кето хоол идээд уналтын давтамж цөөрдөг болохыг дэлхийн эрдэмтэд тогтоосон. 

-Хэрэв шинж тэмдэг илэрч эхэлбэл ямар арга хэмжээ авах нь зохимжтой вэ. Эмчлэгдэх боломжтой өвчин үү? 

-Одоогоор тэнэгрэх өвчнийг эмчлэх төгс эмчилгээ байдаггүй. Гэхдээ хэрэв өндөр настай хүнд мартамхай болох, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлж, гомдох, хувцсаа өмсөх, хоолоо идэх зэрэг энгийн үйлдэл хийхдээ будилах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн тэдэнд цаг гаргаж, түүх, дурсамжийг нь яриулж, тоглож, дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Энэ нь тархи, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй юм. Өндөр настай хүмүүст тулгардаг хамгийн том асуудал нь ганцаардал байдаг. Тэд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, хэн нэгнээс сэтгэл зүйн хувьд хараат болдог. Энэ нь дээрх өвчин тусах болон хүндрэх гол хүчин зүйл болдог. ДЭМБ-аас энэ төрлийн эмгэгийг эрт оношилж, биеийн эрүүл мэнд дархлааг нь дэмжиж, өөр дагалдсан өвчнүүдийг нь эмчлэх, хөдөлгөөнтэй байлгаж, сэтгэл зүй зан үйлийн дэмжлэг үзүүлэхийг зөвлөдөг. 

-Хий юм харах, ганцаараа ярих, хүний үг хүлээж авахаа болих зэрэг нь дээрх өвчний шинж тэмдэг байх. Мөн өөрөөр хэрхэн илрэх вэ, сэтгэл зүйн цочролын улмаар ийм эмгэгтэй болох уу?

-Цочирдоод гэнэт тэнэгрэл бий болно гэж байхгүй. Учир нь энэ нь үе шаттай өвчин. Эхэн үедээ мартамхай болох, цаг хугацааны баримжаагүй болох, төөрөх, үгийн баялаггүй болох, дуугаа хураах зэрэг маш олон шинж тэмдэг илэрдэг. Яваандаа ганцаараа ярих, богино хугацааны ой санамжаа алдах, догшин зан авир гаргах, ганцаараа инээх, уйлах зэрэг авир гаргадаг. Гэхдээ мартамхай боллоо гээд тэнэгрэх өвчин туссан байна гэсэн үг биш. Стресс, нойргүйдэл, сэтгэл гутрал зэрэг нь анхаарал төвлөрөх чадвар сулруулж, мартамхай болгодог.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. оношлоход их адармаатай. ёооо.

    0 0 Хариу бичих
  2. нярай төрөхдөө бүтэлт өгч тархи үхжсэн, цус харвалт болсон гэсэн үг юм шиг байгаан. манай хүүхэд бүтэлт өгөөд тархины 70-80 үхжсэн гэж эмч хэлсэн. юу ч ойлгохгүй гөлийсөн царайтай нэг ургамал шиг юм л байна гэж ярих ээж аавууд байнаа.

    0 0 Хариу бичих
  3. дажгүй сайн нийтлэл байна. тэнкс.

    0 0 Хариу бичих