Сайхан үнэр сэтгэл сэргээж, стресс тайлах шидтэй

Тансаг үнэр хүнд сэтгэлийн таашаал өгдөг бол тааламжгүй үнэр бухимдал төрүүлж, эвгүй сэтгэгдэл үлдээдэг. Ажил ихтэй урт өдрийн орой гэртээ ороход сүрчиг, жимсний үнэр хамар цоргиж, цэмцгэр тухтай орчин угтах хэчнээн сайхан. Мөн хаалганы гаднаас хоолны үнэр сэнгэнэхэд л ходоод ажиллаж, хооллох хүсэл төрдөг шүү дээ. Шинэхэн талх, кофены үнэр ч мөн тайвшруулж, алжаал тайлахад дэм болдог. Харин муудсан хүнс, чийг, агааржуулагчийн онцгүй үнэр ханхалж угтахад тэр орой тухтай сайхан өнгөрөх нь юу л бол. Таагүй үнэр маш богино хугацаанд гэрт шингэдэг. Хогоо асгахгүй гурваас дээш цаг байлгах, бохир хувцсаа шүүгээндээ цэвэрлэхгүй хадгалах, муудсан хүнсээ тогтмол устгахгүй байх, хөшиг, хивсээ угаалгад өгөхгүй удах зэрэг маш олон шалтгааны улмаас онцгүй үнэр таны мэдрэмжийг дарангуйлдаг. Тиймээс жилийн аль ч улиралд, өдрийн аль ч цагт гэрээ сайхан үнэртэй байлгах нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүлдүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тохилог, тухтай байхад чухал нөлөөтэй юм. 

Нимбэг, жүржийн үнэр сэтгэл санаа сэргээдэг

Нимбэг, жүрж, гоо жүржийн үнэр баярын уур амьсгал авчирдаг бөгөөд сэтгэл санаа сэргээдэг. Мөн хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг төдийгүй жүржийн төрлийн эфирийн тос нян бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Тиймээс хүүхдийн өрөөндөө исгэлэн жимсний үнэртүүлэгч хэрэглэх нь зохимжтой юм.

Лаа хиншүүний үнэрийг өөртөө шингээдэг

Шарсан, хуурсан хоол хийсний дараа гэрээс хиншүүний үнэр гардаггүй, хувцас хэрэглэлд шингэчихдэг шүү дээ. Харин лаа түлэнхийний үнэрийг өөртөө шингээдэг байна. Мөн үнэр ялгаруулдаг лаа нь тааламжгүй үнэрийг тансаг болгох шидтэй аж.

Лаванда цэцгийн үнэр стресс бууруулдаг

Лаванда цэцэг тайвшруулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Тус цэцгийн үнэр гүн хямрал стресстэй тэмцэж, амрахад тус болдог. Түүнчлэн тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, анхаарал нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Лаванда цэцгийн тосыг цэвэр алчуурт бага зэрэг шингээж, дэрэн доороо тавихад л хангалттай.

Кофены үнэр тархины үйл ажиллагаа идэвхжүүлдэг

Герман болон Японы судлаачид кофены үнэр стрессийн хам шинжийг багасгадгийг нотолсон байна. Түүнчлэн зөвхөн кофе уухад бус үнэрлэхэд ч тархины үйл ажиллагаа идэвхждэг байна. Тиймээс ажлын өрөөндөө кофены үр, үнэртүүлэгч байрлуулах нь тохиромжтой юм. Харин зочны өрөөндөө агааржуулагч, үнэртүүлэгч байрлуулахаас илүү амьд цэцэг тарих нь зохимжтой. Учир нь цэцэг агаар цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг төдийгүй гэрийг тохилог харагдуулдаг онцлогтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)