Босгон дээрх сонгууль

“Мартсанаас мал мэнд үү” гэгчээр аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгуульдаа оролцоход бэлэн үү? “Энэ сонгууль бидэнд хамаатай биш. Нэр дэвшигчид бүгд адилхан учраас хэнд нь ч санал өгч яах юм” зэргээр муйхарлан суугаа юм биш биз. Иргэдтэй хамгийн ойр ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүмүүс нь ИТХ-ын төлөөлөгчид. Нийслэл, дүүрэг, аймаг, сумыг хөгжих үү, эс хөгжих үү гэдгийг шийдвэрлэдэг байгууллага нь ИТХ. Энэ утгаараа орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулиас ч илүү ач холбогдол өгч оролцох учиртай.

Дараа онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн удиртгал гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн ч орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгөх нь ойлгомжтой. Сонгууль дөхсөн өдрүүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хүртэл орон нутагт томилолтоор ажиллаж байгаагийн цаад учир нь намын амжилт гэхээс илүүтэй дараагийн Ерөнхийлөгчийн хувь заяаг шийдэх нутгийн удирдлагад өөрийн намын хүнийг сонгуулах санаа. Тэр тусмаа АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий сайд хоёрын рейтинг хараа бараандаа энэ үед орон нутагт хөл сайтай намаас нь Төрийн тэргүүн болно. Тиймээс орон нутагт ялалт байгуулахыг хэн хэн нь хичээж буй.

Тэгвэл орон нутгийн сонгуулийн эргэн тойронд улс төрийн тавцанд ямар хөдөлгөөн ажиглагдав?

Намуудын хөдөлгөөн

УИХ-ын сонгуульд амжилт үзүүлээгүй улс төрийн намууд орон нутгийн сонгуулиар дор бүрнээ хөдөлгөөнд оров. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд л гэхэд эрх баригч МАН-ын эсрэг АН, МАХН, ШИНЭ намууд хамтран оролцохоо илэрхийлсэн. Тэд албан ёсоор эвсээгүй ч санал хуваахгүйн тулд нэг тойрогт давхар нэр дэвшүүлээгүй. Харин ШИНЭ намынхан нэр дэвшигчдээ АН-ын гишүүнчлэлтэй болгосон нь ШИНЭ- ийнхэн АН-тай нэгдэхийн илэрхийлэл байв. Үүнийг ч намын лидерүүдийн нэг Лу.Болд өөрийн ярилцлагаар баталсан. Мөн “Гэр хороолол хөгжлийн нам” зэрэг улс төрийн хүчнүүд АН, МАХН, ШИНЭН-ын хамтралыг дэмжиж оролцохоо илэрхийлэн, сонгуульд нэр дэвшүүлээгүй.

Харин УИХ-д нэг суудал авч, парламентын гуравдагч хүчнээр тодроод байгаа ХҮН-ынхан НИТХ-ын сонгуулийн босгонд бүдрэхээ алдав. Тус намыг нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцуулах сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн ч, гурав хоногийн өмнө шийдвэрээ цуцлахаар болсон юм. ХҮН-ынхан УИХ-ын тойргоос сонгогдоогүй ч дүүргээс сонгогдон санал хуваах магадлалтай. Тиймээс ХҮН-ынхныг сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэрийг захиалгаар гаргасан хэмээн тус намынхан эсэргүүцлээ илэрхийлж байв. Ийнхүү орон нутгийн хурлын төлөөлөгчийн төлөөх өрсөлдөөн өрнөж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран

Олон улсын жишгийг харахад сонгуулийн ирцийг 40 хувиас багагүй байлгах бодлого барьдаг. Сонгогчийн ирц хэт бага байх нь өөрөө төлөөллийн зарчим алдагдахад хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, бага ирцтэй сонгуулиас сонгогдсон төлөөлөгч нь нийт иргэд сонгогчдын төлөөлөл болж чадах эсэх асуудал яригдана гэсэн үг. Иймээс бид энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Хэдийгээр хуулийн зохицуулалт нь ийм ч гэсэн манай сонгогчид өөрсдөд нь ногдож буй өндөр хариуцлага, сонгогчдод итгэл хүлээлгэж байна гэж ойлгож хүлээн авах нь зүйтэй. Товчоор хэлбэл, өмнөхөөсөө ч илүү өндөр идэвхтэй оролцох ёстой гэж ойлгох хэрэгтэй болов уу. Орон нутгийн сонгууль намрын цагт явагддаг, оюутан сурагчид, малчдын нүүдэл суудал, хөдөлгөөний үеэр таардаг гээд бас ирц багахан буурах тал ажиглагддаг юм билээ.

Ядарсан цагтаа янцаглахгүйн тулд...

Хэдийгээр намрын цагт өвөлжилтийн бэлтгэл, мал ахуй гээд ажил ундрах ч засаглалын эрх мэдлийг төлөөллийн зарчмаар хэрэгжүүлэхийн тулд саналаа өгөх нь сонгогчдын эрх бас үүрэг.

Үнэг, арслан хоёрын гүзээтэй шар тос үүрч явдаг үлгэр байдаг даа. Зальт үнэг “Үүрэхийг нь чи үүр. Янцаглахыг нь би янцаглая” гэсээр зорьсон газраа хүрдэг энэ үлгэрийн биелэл сонгуулиар илэрч байна. Өөрөө сонгуульд оролцож санал өгөөгүй байж “Ийм хүнийг сонгодог арай ч дээ. Авто замын түгжрэл, гудамж, талбайн тохижуулалт, амьдрах орчин нөхцөл муу байна” гэж гоочлох нь янцагласнаас ялгаа юун. Санал өгөх эрх үүргээ биелүүлээгүй хэрнээ сайхан болгосонгүй гэж гомдоллож, хариуцлага нэхэх нь утгагүй. Харин орон нутгийн эрх мэдлийг төлөөллийн зарчмаар удирдуулах эсэх нь шийдвэр сонгогч бидний гарт л бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)