Ноолууран хувцас арчлах аргачлал

Жавар тачигнасан өвөл хаяанд ирлээ. Ийнхүү хүйтний эрч чангарахтай зэрэгцэн хүмүүс дулаан хувцсаа зэхэж эхэлдэг. Ийнхүү шүүгээгээ сэлгэж, зузаан хувцсаа бэлтгэж буй хүмүүст өмсөж, бохирдуулсан ноолууран хувцсаа гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Ноолууран хувцас арчилгаа их шаарддаг ч эдэлгээ удаантай билээ. Мөн зөв арчилсан ноолуур угаах бүрт улам зөөлөн болдог онцлогтой.

Түүнчлэн сүлжмэл болон нэхмэл ноолууран хувцсыг өөр, өөр аргаар цэвэрлэдэг байна.

Сүлжмэл ноолуур арчлах заавар

Арилгахад хэцүү толбо үүсээгүй бол сүлжмэл ноолууран хувцсыг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Харин угаах үедээ химийн гаралтай угаалгын нунтаг ашиглалгүй ноос, ноолуур угаах зориулалттай нунтаг хэрэглэх нь зохимжтой юм. Мөн шинээр авсан ноолууран хувцсаа угаасны дараа өмсөөрэй. Ингэснээр гадарга дээрх богино ширхүүдийг салгаж ноолуурыг бөөгнөрөхөөс сэргийлдэг.

Ноолууран хувцас амархан сунадаг гэх ойлголт түгээмэл бий. Гэхдээ энэ нь буруу угааж, хатааснаас үүлдэлтэй бөгөөд нойтон ноолууран бүтээгдэхүүнийг аль нэг хэсгээс нь унжуулан барьж, сэгсэрч, хүчтэй мушгиж болохгүй. Харин хатаагуурт өлгөхөөсөө өмнө бөөгнүүлж, эсвэл эвхэж хэвшээрэй. Халуун ус ноолуурыг агшаадаг учир үргэлж хүйтэн усаар угаах хэрэгтэй. Мөн үрж мушгиж болохгүй учир савтай усанд дэвтээх нь зохимжтой. Түүнчлэн мушгихын оронд дэлгэж тавьсан алчуур дээр өнхрүүлж, усыг нь шавхаж аваарай. Харин хатаахдаа, хөндлөнгөөр нь дэлгэж тавих нь зохимжтой.

Нэхмэл ноолуур

Нэхмэл ноолуурыг хими цэвэрлэгээнд өгөх нь зөв. Учир нь нэхмэл ноолуур нь гэрийн нөхцөлд угаахад хэцүү бөгөөд гэмтэх эрсдэлтэй байдаг. Ноолууран хувцасны тэмдэглэгээ дээр зөвхөн гараар эсвэл зөвхөн хими цэвэрлэгээнийх гэсэн заавар байдаг. Тухайн зааврын дагуу арчилвал эдэлгээг нь уртасна. Гэхдээ ноолууран эдлэлийг жилд хоёроос дээш удаа хими цэвэрлэгээнд өгөх нь зохимжгүй. Учир нь тусай химийн бодисууд ноолууран утасны бүтцийг их гэмтээдэг. 

Гараар угаах зааварчилга

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэж эсвэл гараар угааж болно. Гараар угаадаг зориулалтын бодис эсвэл шампунь хэлбэрээ алдах, бөөгнөрч муудахаас сэргийлнэ. Угаалгын нунтаг ноолууран хувцсыг түлж, агшааж сунгах аюултай тул хэрэглэхээс татгалзаарай. Ноолууран бүтээгдэхүүнийг индүүдэхдээ аль болох бага температураар, дотор талаас нь индүүдээрэй.

Хадгалах

Та ноолууран хувцас хэрэглэлээ цэвэрлээд, нямбай хадгалах хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхий гэх мэт шавж байгалийн ширхэгт рүү татагддаг. Тиймээс хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх ба гялгар уутанд хийх хэрэггүй. Мөн өлгүүрт өлгөж, унжуулж болохгүй. 

Хэрэглээ

Ноолууран хувцас руу сүрчиг цацаж болохгүй. Сүрчиг хувцсыг толботуулж цагаан эрвээхийг өөртөө татдаг. Мөн хурц үзүүртэй гоёл чимэглэлийн зүүлт хүргэх хэрэггүй. Энэ нь ноолууран эдлэлийг бөөсрүүлж, гэмтээх аюултай. Ноолууран хувцас дээр жижиг бөөгнөрсөн ширхэгтүүд үүсдэг. Энэ нь ноолуурын ширхгүүд гадуур хувцас, цүнхтэй шүргэлцсэнээс үүсдэг ба хэрэв бөөгнөрсөн бол тухайн хэсгийг гараараа эсвэл зориулалтын цахилгаан хэрэгсэл, татуурга ашиглан цэвэрлэж болно. Хэрэв материал цэвэрлэгч татуурга ашиглах гэж байгаа бол, ноолуурынхаа хажуугаар даавуун материал цэвэрлэж болохгүй.

Жавар тачигнасан өвөл хаяанд ирлээ. Ийнхүү хүйтний эрч чангарахтай зэрэгцэн хүмүүс дулаан хувцсаа зэхэж эхэлдэг. Ийнхүү шүүгээгээ сэлгэж, зузаан хувцсаа бэлтгэж буй хүмүүст өмсөж, бохирдуулсан ноолууран хувцсаа гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Ноолууран хувцас арчилгаа их шаарддаг ч эдэлгээ удаантай билээ. Мөн зөв арчилсан ноолуур угаах бүрт улам зөөлөн болдог онцлогтой.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)