Д.Анар: Санаандгүй байдлаар допингийн хэрэглэгч болно гэж байхгүй

Энэ жилийн улсын баяр наадмаар амжилттай барилдсан бөхчүүдийн допингийн хариу албан ёсоор зарлагдаж тодорхой боллоо. Сүүлийн хоёр жилийн наадамд допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхчүүдийн хамгийн том хохирогчдын нэг нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын харцага Доржийн Анар. Тэрээр 2019 оны үндэсний их баяр наадмын долоогийн даваанд улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон бол энэ жилийн наадмын дөрвийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Та нутгаасаа хамгийн анх харцага бол хүртсэн бөх болсон. Ер нь танай аймгаас яагаад өөр сайн бөхчүүд гарахгүй байна вэ. Үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?

Бөхчүүдээ хэр зэрэг дэмжиж байгаатай л холбоотой. Бөхчүүдээ сайн дэмждэг учраас баруун аймгийн бөхчүүд сайн барилдаж байна. Сайн дэмждэг учраас барилдах хүсэлтэй залуучуудынх нь тоо ч нэмэгдэж, дэвжээн дотроо өрсөлдөөн бий болж байна. Энэ хэрээр бөхчүүд нь улам сайжирдаг. Залуучууд нь улсын том цол авсан бөхчүүдээсээ урам зориг авдаг.

Өөрийн чинь хувьд бэлтгэл сургуулилалт хийхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй биз дээ. Нутгийнхан чинь таныг сайн дэмжиж тусалж байгаа харагддаг.

Одоо бол сайхан байна аа. Бөхийн буянд, сайн хүмүүс, сайхан ах нарын буянд сайхан л явж байна. Улсын цолонд хүрэхээр хүний амьдрал ч дагаад өөрчлөгддөг юм байна. Бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийхэд санаа зовох зүйл алга. Өөрөө бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна дараагийн үеийн залуучуудаа хариуцаад бэлтгэл хийлгэж эхэлсэн. Дорнод нутгаас бэлтгэл сургуулилалт хийе гээд олон залуу ирж байна. Тэр залуучуудаа гайгүй сайн бөх болгочих юмсан гээд хичээж л явна.

Улсын баяр наадмын дараа шинээр цол авсан, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд ивээн тэтгэгч аж ахуйн нэгжүүд, нутгийн зөвлөл нь байр, машин тэргүүтэй бай шагнал өгөхөөр хүмүүс үүнийг буруутгах хандлагатай байдаг. Хүмүүсийн энэ хандлагыг юу гэж боддог вэ?

Бөх болгон цол авч чаддагүй. Чадлаа ч бүгдэд нь тэгж их бай шагнал өгөөд байдаггүй. Ер нь улсын цол авахын тулд нэлээд хэдэн жил бэлтгэл сургуулилалт хийдэг. Барилдах дуртай хүмүүс тэр олон жил бэлтгэл хийхдээ зардал их гаргадаг. Аймгийн цолтой бөхчүүдийг нутаг усныхан нь нэг их дэмжээд, туслаад байдаггүй. Улсын цол хүртэж байж л дэмжүүлдэг. Олон жилийн хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ зарцуулаад, нутгийнхаа нэрийг гаргаад улсын цолонд хүрч байгаа бөхөд нутаг усныхан нь нэг удаа бай шагнал олгох явдал байлгүй яах вэ. Харин яаж хөдөлмөрлөж улсын цолонд хүрдэг вэ гэдгийг мэддэггүй, бөхийн тухай ойлголтгүй хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаад байдаг юм. Цол авсан бөх болгонд байр, машин өгөөд байгаа юм биш. Олон жилийн дараа нутгаасаа улсын цол авсан эвсэл түрүүлсэн бөхөд л ийм бай шагнал өгдөг. Түүнд нь аав ээж, ах дүү хамаатан садангууд нь ч оролцож л байгаа.

Улсын том цолноос гадна байр, машин гээд амьдралынх нь баталгаа болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө бэлэглэдэг. Тиймээс энэ бүхнийг авахын тулд допинг хэрэглэх гэх мэтээр ямар ч хамаагүй аргаар сайн барилдах, түрүүлэх гэж улайрдаг болчихоод байгаа юм биш үү?

Хялбархан байдлаар амжилтад хүрэхийн тулд допинг хэрэглэж байгаа нь үнэн. Уг нь допинг хэрэглээд улсын цол авлаа ч эргээд нэр хүндгүй болдог. Ер нь тэгээд хүний юмыг хулгайлж байгаатай ялгаагүй зүйл. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодоод л допинг хэрэглэж байгаа. Тиймээс хэрэглэхээсээ өмнө “Нэр хүнд маань юу болох билээ” гэж бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, хүний хүч хөдөлмөрийг хулгайлсан үйлдэл болно гэдгийг ойлгох ёстой.

ДОПИНГИЙН ХАРИУ НЬ ГАРСНЫ ДАРАА ЦОЛ, БАЙ ШАГНАЛЫГ НЬ ӨГДӨГ БОЛОХ НЬ ЗӨВ

Допинг хэрэглэсэн нь илэрлээ гэхэд цолыг нь хураадаг. Харин тэр цолыг дагаж ирсэн бай шагнал, байр, машиныг нь өөрт нь үлдээдэг. Уг нь бүх шагналыг нь хурааж байж л жинхэнэ шийтгэл болно биз дээ. Ингэхгүй байгаа учраас допинг хэрэглэхээс айхгүй байгаа юм биш үү?

Би хувьдаа үүнийг шийдэх гарц бий гэж боддог. Ямар гарц вэ гэхээр, допингийн хариу нь ирсний дараа цолны наадмаа хийдэг, бай шагнал өгөх хүмүүс нь ч гэсэн тэр хариу иртэл хүлээдэг болох хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлиг, эвсэл Үндэсний бөхийн холбооны шийдвэрээр зохицуулж болно. Тухайлбал, Ерөнхийлөгч наадмаар зарлиг гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгөх бус батламж олгоод допингийн хариу нь ирсний дараа зарлигаа гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгч болмоор санагддаг. Ингээд шийдчихвэл дараа нь хэн хэндээ харамсах зүйлгүй. Бай шагналыг нь ганц хоёр сарын дараа өгөх тэр дор нь өгөх хоёрын хооронд ялгаа байхгүй шүү дээ.

Таны хувьд сүүлийн хоёр жилийн наадамд тахимаа өгсөн бөхчүүдээс чинь допинг илэрчихлээ. Харамсах сэтгэл төрж байна уу?

Би улсын наадамд сүүлийн таван жил барилдсан. Үүнээс сүүлийн хоёр бус сүүлийн дөрвөн жилд нь допингтой нэр холбогдсон бөхчүүдтэй барилдаж унасан. Гэхдээ би хүний мууг үзэж, нэр төрд нь халдах гэж ийм зүйл яриад байгаа юм биш. Надаас гадна хохирч байгаа залуус бий. Би бол яахав улсын цол авчихсан хүн. Гэтэл улсын цол авах гээд хичээж байгаа олон залуу хохирч байна. Тэдний өмнөөс харамсаад байдаг юм. Сүүлд нь нөхөж авч байгаа цолоо авах ёстой цаг үед нь авсан бол тухайн үедээ яаж ч барилдах байсан юм билээ. Үнэхээр допингийг устгая гэж бодож байвал Үндэсний их баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбоо хатуу арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Хамгийн наад зах нь ялгавартай шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Нэгнийх нь цолыг хураагаад, нөгөөгийнх нь барилдах эрхийг хасах гэх мэтээр ялгавартай шийдвэр гаргадаг. Би их спортоор хичээллэж байсны хувьд допингийн шинжилгээнд 10 гаруй удаа хамрагдаж байлаа. Их спортод бол допингийн шинжилгээний хариуг үгүйсгэдэг тогтолцоо байхгүй. Гэтэл манай үндэсний бөхөд энэ нь дур зоргийн асуудал болчихоод байна. Мөн бөхчүүдийн сахилга батын асуудалд хариуцлагатай арга хэмжээ авах ёстой. Ард түмэн энэ хүмүүсийг хайрлаж хүндлээд дээш нь залаад л байдаг. Гэтэл ганц нэгхэн хүмүүсийн допингийн асуудлаас болоод нийт бөхчүүдийн нэр хүнд шалдаа унаж байна. Ер нь залуучууд маань допингийн асуудлаас хол байх хэрэгтэй. Мөн допингийн төрлийн бодис зардаг хүмүүс дөнгөж барилдаж эхэлж байгаа залуучуудын толгойг нь эргүүлж хэрэглүүлж байна. Энэ бол алсдаа хор шүү дээ.

Допинг худалдаалдаг хүмүүс байдаг юм уу. Допинг илэрсэн бөхчүүд “Санаандгүй байдлаар хэрэглэчихлээ” гээд байдаг шүү дээ?

Санаандгүй хэрэглэнэ гэж байхгүй. Бараг бүгд л санаатай хэрэглэж байгаа. Үндэсний бөхийн холбооныхон “Допингийн эсрэг сургалт сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулдаг. Гэвч бөхчүүд ирж суудаггүй” гэж яриад байгаа. Энэ бол худлаа. Надад л лав нэг ч удаа сургалт болно ирж суугаарай гэсэн зар ирж байгаагүй.

Э.ОЮУНБОЛД БОЛ ДОПИНГТОЙ, ДОПИНГГҮЙ ЭЦЭГ, ЭХЭЭС ӨГСӨН ӨГӨГДЛӨӨРӨӨ УЛСЫН НААДАМД НЭГ БУС НЭЛЭЭД ХЭД ТҮРҮҮЛЧИХ ЧАДАМЖТАЙ БӨХ

Та сүүлийн хоёр жилийн наадамд өвдөг шороодсон бөхчүүдтэй допинг илэрснийх нь дараа уулзсан л байх. Тэднээс санаа зовж байгаа байдал ажиглагддаг уу?

Нэгэнт болоод өнгөрсөн зүйл учраас асуудал болгоод ярьж байгаагүй. Гэхдээ “Яагаад ийм зүйл болов. Чи ингээгүй бол..” гэх мэтээр хэлдэг л дээ. Энэ жилийн наадмаар унасан бөхтэйгөө наадмаас хойш таараагүй явна. Э.Оюунболд бид хоёр бол найзууд. Найзын хувьд “Яагаад ийм зүйл болчихов оо” гээд ярилцсан. Өөрөөр бол “Би хэрэглээгүй. Тийм зүйл байхгүй” гэсэн. Олон нийтэд ч энэ тайлбараа хэлсэн. Би Э.Оюунболдыг допингтой, допинггүй эцэг, эхээс өгсөн өгөгдлөөрөө улсын наадамд нэг бус нэлээд хэд түрүүлчих чадамжтай бөх гэж үздэг. Гэтэл яагаад ийм зүйл болов гээд аль аль талд нь итгэхгүй эргэлзэж байгаа.

Та харин өөрийгөө хэдэн жил одоогийнх шигээ ийм түвшинд барилдана гэж боддог вэ?

Би ирэх 7-8 жилийн хугацаанд сайн барилдаж, амжилт гаргах боломжтой гэж үздэг. Энэ хугацаанд ямар ч асуудалгүй, итгэлтэйгээр төрийнхөө наадамд зодоглоно. Зөвхөн өөрийнхөө хувийн амжилтын төлөө барилдана гэсэн үг биш л дээ, бас. Миний ард аав ээж, ах дүү нар, нутгийн зон олон, ивээн тэтгэгч аж ахуйн нэгжүүдийн хүч хөдөлмөр, итгэл найдвар, хүлээлт бий. Тэр болгоны төлөө би хичээж барилдах ёстой. Тиймээс сая хэлсэн энэ хугацаандаа тууштай барилдана гэж боддог.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл. Дугаар 453

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Anartaa amjilt. Dornod nutgiin baharhal. No doping.

    0 0 Хариу бичих
  2. dopin bol dopin shvv dee

    1 0 Хариу бичих
  3. Uneheer chanrtai sain hohoo

    0 0 Хариу бичих
  4. Би хувьдаа үүнийг шийдэх гарц бий гэж боддог. Ямар гарц вэ гэхээр, допингийн хариу нь ирсний дараа цолны наадмаа хийдэг, бай шагнал өгөх хүмүүс нь ч гэсэн тэр хариу иртэл хүлээдэг болох хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлиг, эвсэл Үндэсний бөхийн холбооны шийдвэрээр зохицуулж болно. Тухайлбал, Ерөнхийлөгч наадмаар зарлиг гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгөх бус батламж олгоод допингийн хариу нь ирсний дараа зарлигаа гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгч болмоор санагддаг. Ингээд шийдчихвэл дараа нь хэн хэндээ харамсах зүйлгүй. Бай шагналыг нь ганц хоёр сарын дараа өгөх тэр дор нь өгөх хоёрын хооронд ялгаа байхгүй шүү дээ.

    3 0 Хариу бичих
  5. Анар харцага тодорхой ойлгомжтой хариулт өгчээ японд дэлхийн топ спортын төрөл жудогоор сурч бэлтгэл сургуулилт хийж байсан залуу допинги гэдэг зүйлээс татгалзах ухамсар суулгүй яахав үэнч шудрагаар барилдаж цол авах ахиулах нь бөх хүний дэмжигчидын баяр бахархал мөн

    4 0 Хариу бичих
  6. za hen nadaas dopin garchihwii geed hvleegeed bj bhii teneg yum yrhiimaa yrihaasaa umnu bodoh heregtee

    0 0 Хариу бичих
  7. Bas l userch yaridag heneggui nuhur yu kkk

    0 0 Хариу бичих
  8. Допингийн хариу ирхээр бай шагнал цолын өгхөн зөв ерөнхийлөгчөөс шаарды

    2 0 Хариу бичих
  9. ОЮУКА НЬ ХЭРГЭЛЭЭД Л БАРИГДАА БИЗ ДЭЭ ХОЁР НҮҮР ГАРГАЖ ГЭНЭ

    1 0 Хариу бичих
    • өөрөө бол найз маань тэгсэн гээд л шууд хэлэхнээ. миний найз хэрвээ буруу зүйл хийсэн бол ярилцаж ойлголцоно. ард түмэн хангалттай хэлж байхад найз нь нэмэрлэх онцгүй. харин ч тунг нь тааруулаад хэллээ

      1 0
  10. Энэ нөхөр бөхчүүдийг заавал дэмжих ёстой юм шиг ярьж байгаа нь буруу, үе үеээрээ бөхийг дэмжээд одоо юу болж байгааг бүгд л харж байна, дэмжих тусам бөхчүүд улам эвдрээд байна бус уу, харин дээр допингийн шинжилгээний дараа цол, чимэг, бай шагналыг өгөх гэдэг нь зөв байна

    0 2 Хариу бичих
  11. 2017, 2018 ond sumanchuluun baterdene nar xereglechixsen bcan gesen vg vv

    0 0 Хариу бичих
    • Anar ichihgui shaajee uuruu shinjilgeegee yaj argalsniig chini mediishvvv

      0 0
    • 2015 онд Ганбаатарт унасан. Тухайн үедээ хэрэглээгүй ч нэр холбогдож бсан. Бас Суманчулуун мөн адил

      0 0
  12. Oyunboldo bas omoorch bnaa bas zailarai.

    0 1 Хариу бичих
    • чи бол найзыгаа унавал баярлаад дэвслэх хүн байна. сайшаахгүй ч дэвслэхгүй байх нь хүн чанар шүү. анартай анаргүй тэр хүнийг ард иргэд шүүж чи бид хүртэл нулимж байхад найз нь тэнэгтвэл тун онцгүй

      1 0
    • өмөөрсөн юм алага Обо угаасаал допингүй хэдэн ч удаа түрүүлэх боломжтой үнэнийг хэлсэн байна шдээ

      2 0