COVID-19: Францын хотууд нэг сарын турш хөл хорио тогтоолоо

Францын Засгийн газраас нийслэл Парис хотноо оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөл хорио тогтоосон нь оршин суугчдыг бухимдуулжээ.

Парис болон бусад хотуудад шөнийн цагаар хөл хорио эхлэхээс өмнө баасан гаригийн орой Францын ресторан, баар, кафе нар олны хөл хөдөлгөөнд дарагдан ачаалал ихтэй ажилласан байна.

Маргаан дагуулаад байгаа шөнийн хөл хорио нь Европын коронавирусийнн халуун цэгүүдийн нэг болох Франц дахь коронавирусийн халдварын түвшинг бууруулах зорилготой юм.

Марсель, Лион, Лилль, Тулуз зэрэг Парисын бүс нутаг болон найман хот шөнийн хөл хорионд багтаж байгаа.

Коронавирусийн цар тахлын халдвараар эмнэлэгт хэвтэж, хүндэрсэн өвчтөнүүдийн тоо сүүлийн 10 хоногт эрчимтэй өссөнөөр дээрх арга хэмжээг авчээ. Гэвч бизнес эрхлэгчид, дэлгүүр, ресторан, шөнийн цэнгээний газрын эзэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Жуулчдын тоо буурсны дээр хөл хорио тогтоовол олон бизнес дампуурна гэж эсэргүүцэгчид мэдэгджээ.

Парис хотын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд коронавирусийн халдвараар өвчлөгсдийг эмчлэхийн тулд хүчин чадлынхаа 90 хувиар ажиллаж байна. Францад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлснээр өдөрт 20 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх болсон аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мэдээлснээр Парис хотоос гадна өөр найман том хотод зургаагаас дээш тооны хүн нэг дор цугларахыг нэг сарын хугацаагаар хоригложээ. Шинэ журам нь Францын 67 сая хүн амын гуравны нэг нь хамаарах аж.  Улмаар журмыг сахиулахаар 12 мянга орчим цагдаагийн алба хаагч ажиллах бөгөөд зөрчил гаргасан хүнийг 135 евро хүртэлх мөнгөөр торгох гэнэ. Хэдийгээр шөнийн цагаар хөл хорио тогтоосон ч сургууль, бизнесүүд өдрийн цагаар үйл ажиллагаа нь хэвийн явагдах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)