Б.Норовсамбуу: Монголын цирк гудамжны цирк болон хувирсан

1940 он Монгол Улсад циркийн сургууль байгуулагдав.

1971 он Румын улсын тусламжаар гурван сая орчим рублиэр Монгол Улсад цирк байгуулагдав.

2007 он менежментийн хувьчлалаар циркийг хувьчлав.

2020 он циркийн үндсэн хийц загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсноо циркээс мэдээлэв.

Харин үүнийг циркчид болон иргэд эсэргүүцэн монголын циркийн урлагийг гудамжинд гаргаж, циркийн барилгыг үгүй хийх гэж байна гэж хардаж эхлэв.

Харин Асашёрюү Дагвадорж өнгөрсөн долоодугаар сард өөрийн фэйсбүүк хуудсандаа “Цирк бүрэн засвар хийж байгаа шүү” гэж нийтэлсэн байна.

Монголын үндэсний цирк мэдэгдэлдээ  засвар, шинэчлэлийн ажлыг 2021 оны VI сард дуусгаж, циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна гэжээ

Монголын үндэсний  циркийг нурааж, үгүй хийж байна гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөж байна. Энэ асуудалтай холбогдуулан  Үндэсний циркээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ үйлчлүүлэгчдийн санал гомдол, хүсэлтийн дагуу иж бүрэн шинэчлэн засварлахаар ажиллаж байна   гэж дурдсан байна.

Үүсээд байгаа асуудалд циркчдийн төлөөлөл  дараах байр суурийг илэрхийлж байна.

Монголын цирк гудамжны цирк болон хувирсан

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу “Өнгөрсөн 4-5 сард өрөөндөө байгаа аппарат хэрэгслүүдээ сулла, цирк буулгаж байна гэсэн. Би зусландаа байсан болохоор зарим зүйлсээ авч чадаагүй. Засварын ажил явагдаж байгаа гэсэн. Хоёр манеж хоорондын бүхий л зүйлийг буулган юу хийж байгаа нь тодорхойгүй байгаа. Циркийг хувьчилсан нь буруу гэж би хатуу боддог. Хөгжим бүжгийн коллеж дээр төгссөн хэдэн үзүүлбэрээр монголын цирк байна хөгжиж байна гэж яригдаж байгаа болохоос биш монголын цирк гудамжны цирк болон хувирсан” гэв.

Цирк гэдэг урлаг улсынх байх ёстой

Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны гишүүн Т.Буд “Манай циркчид Аса цирк дээр тоглолтоо хийхээ болиод нэлээд удаж байна. Бүгд л харж байна. Циркийн доторх зүйлс бүгд алга. Манежийг нь хуулан сандлуудыг нь авсан ерөнхийдөө асар маягийн л байдалтай байгаа юм билээ. Аса цирк хувьчилж аваад 13 жил болж байна. Тус циркийн хүмүүс бага багаар цомхтголд өртөн цөөрсөөр байгаа. Сүүлдээ байр орон сууц нь байхгүй болж дуусаж байх шиг байна. Циркийн урлагт тэнд явагдахгүй болсон нь л харамсалтай байна. Улс өөрийн гэсэн улсын цирктэй байх ёстой. Цирк гэдэг урлаг улсынх байх ёстой”

Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримтална гэж мэдээлсэн. Татан буугаад байсан Соёлын яамыг энэ жил дахин сэргээж, шинээр эмхлэн байгуулсан. Соёлын сайд ажлаа аваад хэд хэдэн барилгыг төрийн мэдэлд эргүүлэн авахаа мэдэгдсэн. Энэ дунд үндэсний цирк багтаад байгаа юм.

Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, асуудлыг судалж байна

Соёлын сайд С.Чулуун “Монголын циркчид дэлхийд эхний гуравт явдаг сайн уран бүтээлчид мөртлөө хүүхдүүд шороон дээр майхан дотор тоглож байгаа. Ажлын хэсэг энэ асуудлыг судалж байгаа. Мэдээж менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй уулзах байх. Циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлж явах асуудал гэрээнд хэрхэн тусгагдсаныг шийднэ. Ер нь гэрээнд циркийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах ёстой гэсэн заалт байгаа” гэв.

Хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй барьсан Монголын үндэсний цирк менежментийн хувьчлалд шилжээд 13 жил болж байна. Баригдаад 49 жил болсон циркийн барилгад сантехник, агааржуулалт, халаалт цахилгаан холбоо зэргийг шинэчлэх шаардлага бий болжээ. Тиймээс 7 дугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засах ажыг эхлүүлсэн талаараа монголын үндэсний цирк мэдэгдэлдээ дурджээ. Улмаар 2021 оны зургаадугаар сард засварлан шинэчилсэн байрыг нээж, циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна гэжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Улсын циркээрээ байх байсан.

    0 0 Хариу бичих
  2. Баярлалаа!улам сайхан болгож урлаг соёлын хөгжилд үнэт хувь нэмэрээ оруулаарай!

    0 0 Хариу бичих
  3. Үнэн .Хувьчлах буруу байсан хувьчлалд оролцсон циркчид та нар Зоригоо Батмөнх Дорж та нар циркчдын ирээдүйд хамгийн том нүгэлтнүүд шүү

    0 0 Хариу бичих