Байлдагч О.Болорчулуун: Зургаан сар бүтээн байгуулалтад оролцоод 11 сая төгрөгийн хуримтлалтай болсон

2019 оны 2 дугаар ээлжийн цэрэг дайчид халагдаж ирлээ. Цэргүүд албаа хаахын зэрэгцээ Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож, дунджаар 11 сая орчим төгрөгийн хуримтлалтай халагдан ирж байна. Тэдний төлөөлөл болгож байлдагч О.Болорчулуун, М.Мөнхбаяр нартай манай сурвалжлах баг уулзжээ.

2019 оны 10 дугаар сарын 17-н буюу жилийн өмнөх энэ өдөр тэд эр цэргийн албанд татагдсан. Харин өнгөрсөн бямба гаригт тэд хугацаат цэргийн албаа нэр төртэйгөөр хаахын зэрэгцээ, эх орныхоо түүхэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа бидэнд ярилаа. Байлдагч М.Мөнхбаярын тухайд их сургуульд суралцаж төрийн албанд ажиллах зорилго тавьсан байна. Харин байлдагч О.Болорчулуун хүнд машин механизмаар мэргэшиж, үргэлжлүүлэн цэргийн ангидаа орж, бүтээн байгуулалтын ажилд ажиллахаар төлөвлөжээ.

Байлдагч М.Мөнхбаяр “Цэргийн албанд татагдаад тушаалаар бүтээн байгуулалтын ажилд томилогдсон. Цэрэг болоод анх удаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон их зүйлийг сурлаа. Цэрэгт явснаар өөрийгөө дайчилж, бие даан хүнтэй зөв боловсон харилцаж сурна” гэв.

Байлдагч О.Болорчулуун “Нэг жилийн хугацаанд улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсондоо сэтгэл өндөр байгаа. Улс эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө ажиллах нь эр хүн тэр тусмаа цэрэг хүний үүрэг юм. Хугацаат цэргийн үүргээ нэр төртэй хаагаад ирлээ. Цэргийн албанд анги дээрээ таван сар бэлтгэл ханган зургаан сар улсынхаа бүтээн байгуулалтад оролцон 11 сая төгрөгийн хуримтлалтай болсон” хэмээн ярьсан юм.

Тэд Танкийн тусгай хороо 256-р ангийн анги алба хаажээ. М.Мөнхбаяр , О.Болорчулуун нараас гадна олон арван цэрэг бүтээг байгуулалтад оролцож, хуримтлалтай халагдаж байна. Тэд ЕБС-уулаа төгсөөд цэргийн албанд татагдаж, их зүйл сурч мэдсэнээ ч ярьж байлаа.

Энэ долоо хоногт 2019 оны II ээлжийн цэрэг халагдаж байгаа бол ирэх долоо хоногт 2020 оны II дугаар ээлжийн цэрэг татлага явагдана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)