Ж.Жамьянсүрэн “Улаанбаатар” кино наадмын хос “Хангарьд” шагналын эзэн болов

Цар тахлын улмаас олон кино наадмууд хойшилж, театрууд хаалттай байсан ч Монголын үзэгчдийн цангааг тайлж “Улаанбаатар” олон улсын кино XII наадам энэ сарын 19-нд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийсэн билээ. Тэнгис кино театрт долоо хоног үргэлжлэх кино наадмын хүрээнд өчигдөр Монгол киноны уралдаант хэсэг болж, “Хангарьд” шагналын эзэд тодорлоо.

ХII дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөн юм. Харин шүүгчээр ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, кино судлаач Б.Түмэн-Өлзий, утга зохиол судлаач П.Батхуяг, Монголын үндэсний кино хорооны тэргүүн Н.Оргил, олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагч Тибу Брак, Канны кино наадмын зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет нар ажиллалаа.

“Хангарьд” шагналын эздийг танилцуулья.

Шилдэг кино зохиол

“Гэргий” кино зохиолыг бичсэн М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Баттуяа

М.Эрдэнэбат "Улаанбаатар наадамдаа, энэ киног хийхэд оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлье"

Шилдэг найруулагч

“Хөхөө” киноны найруулагч Ж.Жамьянсүрэн

Ж.Жамьянсүрэн "Юуны өмнө бурхандаа энэ шагналаа өргөн барья. Дараа нь төрүүлж өсгөсөн аав, ээждээ, зохиолч В.Г.Распутинд, продюсертоо, хамт олон, арын албаныхандаа баяр хүргэе"

Шилдэг продюсер

“Эмэгтэй” киноны продюсер Ч.Ундрал

Ч.Ундрал "Баг хамт олондоо баярлалаа. Хамтран ажилласан продюсерууддаа баярлалаа. Манай кино энэ жил тав дахь шагналаа авч байна. Өмнө нь БНСУ, Лондон, Варшав, Бангладешийн кино наадмаас шагнал авсан. Баярлалаа"

Шилдэг уран сайхны кино

“Хөхөө” найруулагч Ж.Жамьянсүрэн

Ж.Жамьянсүрэн шагналаа гардаад тайзнаа “Дүү бид хоёрыг өдий зэрэгтээ хүмүүжүүлж, урлагийн замд хөтлөн оруулсан аав, ээж хоёртоо үнэхээр их баярлалаа. Энэ шагналыг дүү бид хоёрын хэн нь ч авсан ялгаагүй биднийг дээрээс харж, түшиж залж байдаг аавдаа барьсан хамгийн том бэлэг юм. Дүүдээ хайртай. Монголын кино урлагийн шилдгүүдийн нэг дүүтэйгээ энэ тайзан дээр өрсөлдсөндөө баяртай байна. Чи шүү. Киноныхондоо баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ жлийн наадмын хоёр “Хангарьд” шагналын эзэн болсон Ж.Жамьянсүрэн нь гавьяат жүжигчин Л.Жанчивдоржийн хүү юм. Түүний дүү найруулагч Ж.Сэнгэдорж өнгөрсөн жил "Би нар" хүүхдийн сэдэвт киногоороо “Хангарьд” шагнал хүртэж байсан юм. Энэ жилийн наадамд Ж.Сэнгэдорж “Гэргий” киногоороо өрсөлдсөн ах дүү хоёр жил дараалан энэ наадамд манлайлж байна. 

Сонирхуулж хэлэхэд, "Хөхөө" уран сайхны киноны гол дүрд, "Woman" киноны туслах дүрд тоглосон гавьяат жүжигчин Т.Борхүү тогложээ. Мөн шилдэг бүтээлээр шалгарсан "Хөхөө", "Гэргий" киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон байна.

Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг зохион байгуулна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайхан наадам болжээ нүдээ олсон шагнал бна

    0 0 Хариу бичих