Нэг доллар хүрэхгүй хөдөлмөрийн үнэлэмж Монголынх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодвол монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж нэг ам.доллар ч хүрдэггүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хороо 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болсон байдаг. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг хүн долоо хоногт 40 цаг ажиллах ёстой. Нэг сард дөрвөн долоо хоног буюу нэг хүн 160 цаг ажиллана гэхэд дээрх хэмжээгээр бол нэг цагийн хөдөлмөрийн хөлс нь 2625 төгрөг болж байгаа юм. Харин Төв банкны ханшаар өнөөдөр нэг ам.доллар 2854 төгрөгтэй тэнцэж байна.

Үндэсний статистикийн хорооны өгсөн мэдээллээр Монголд хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүн ажиллаж байгаагийн 80 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Тэгвэл дэлхийн улс, орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манай улсаас 10 гаруй дахин их байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь их гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг Люксембургт л гэхэд цагийн үнэлэмж нь 13.78 ам.доллартай тэнцэж байгаа юм. Төгрөгөөр бол 35607 буюу манай улсынхаас 13 дахин их үзүүлэлт. Тус улсад хуулиараа 18 нас хүрсэн бол хөдөлмөр эрхлэх нас нь болсон гэж үздэг бөгөөд сүүлд энэ төрлийн хүмүүст хамаарах цалингаа 20 хувиар нэмжээ. Харин 16, 17 настнуудыг дадлагажигч ажилтнаар авдаг байна. Тэдний цалин дээрх төрөлд хамаарах хүмүүсийнхээ цалингаас 20-25 хувиар бага байдаг аж.

Люксембургийн цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэх, тогтоох бодлого нь инфляц, хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэгтэй маш сайн уялдуулж, уян хатан бодлого барьж чаддаг нь хөдөлмөрийн хөлсөөрөө тэргүүлэгч болсны шалтгаан нь юм.

Харин уул уурхайн магнат, тэр дундаа нүүрсний олборлолт, борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг, хамгийн аз жаргалтай иргэдтэй улсаар нэрлэгддэг Австралид урамшуулал, нэмэгдлийг оруулалгүйгээр 21 нас хүрсэн хүнд өгөх цалингийн доод хэмжээ нь долоо хоногт 753.8 австрали доллар буюу 535.63 ам.доллар байна. Цагийн үнэлэмжийн тухайд 12.14 ам.доллараар дэлхий дахинд хоёрт бичигддэг.

Зарим улс орон цалингийн доод хэмжээгээ тогтоохдоо насны ангиллаар нь шаталсан тохиолдол ч байдаг. Тухайлбал, Их Британи улсад 25-аас дээш насныханд хамгийн их буюу нэг цагийн цалингийн доод хэмжээ нь 10.95 ам.доллар байдаг бол 21-24 нас ($10.27), 18-20 нас ($8.2), 18 нас ($5.8) гэж ангилан цагийн цалингийн доод хэмжээг шатлалтай хуульчилсан байна. Тэгвэл БНСУ-д цалингийн доод хэмжээ нь бүх ажилчинд буюу үндсэн, дадлагажигч гэлтгүй гадаадын ажилчдад ч ижил үйлчилдэг. Энэ нь БНСУ-ын гаднаас ажиллах хүч авах бодлоготой нь ч уялддаг. Манай улсаас ажиллах хүч БНСУ руу “урсдаг” том шалтгаан ч энэ болдог. Мэдээж энэ нь манай улсын ажиллах хүч “импортлохгүй”, бас “экспортлохгүй” байх бодлогоос тэс зөрдөг.

Нэг цагийн цалингийн доод хэмжээ буюу хөдөлмөрийн үнэлэмж нь хамгийн өндөр 10 улс

Люксембург ($13.78)

Австрали ($12.14)

Франц ($11.66)

Шинэ Зеланд ($11.20)

Герман ($10.87)

Нидерланд($10.44)

Бельги ($10.38)

ИхБритани($10.34)

Ирланд($9.62)

Канад ($9.52)

Монголд Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнө дурдсанчлан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хороо хоёр жилд нэг удаа тогтоодог. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран тогтоодог юм. Ингэхдээ дөрвөн хүчин зүйлийг харгалзан өөрчилдөг. Нэгдүгээрт, хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хоёрдугаарт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохист харьцаа, гуравдугаарт, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, дөрөвдүгээрт, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг харж тогтоодог. Гэтэл хөдөлмөрийн үнэлэмж бага хийгээд бодитоор тогтдоггүй гэсэн шүүмжлэл үргэлж байдаг. Мэдээж хэрэг дээрх зөвшилцөл хөдөлмөрийн бүтээмжийг юугаар дүгнэж хэрхэн тодорхойлдог, дундаж цалингийн зохист харьцаа зөв гардаг уу гэдэг нь өөрөө тодорхойгүй зүйл юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол ямар нэгэн мэргэжил, ур чадвар, боловсрол шаардагдахгүй ажилд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн хөлсний хамгийн бага хэмжээ юм. Ажил олгогч энэ хэмжээгээр тухайн ажилтанд цалин өгнө гэсэн үг биш. Харин энэ хэмжээнээс доош цалин өгч болохгүй гэсэн доод хязгаар. Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрч цалин өгөөгүй тохиолдолд хүлээх хариуцлага нь тодорхой байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжиж байгаа ажиллагсад орон нутгийнхаа түвшинд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандаж болно. Мөн орон нутгийнхаа хамгийн ойр байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандаж гомдол гаргах юм бол тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр очиж шалган цалингийн зөрүүг нөхөн олгох шийдвэрийг улсын байцаагч тухайн байгууллагад хандан гаргуулдаг зохицуулалт бий.

Тэгвэл монголчууд өнөөдөр ямар цалин авч байна вэ гэдэгт анхаарлаа хандуулъя. Статистикийн байгууллагаас монголчуудын дундаж цалинг жил бүр тооцон гаргадаг. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр улирлын байдлаарх нөхцөл байдлыг гаргажээ. Энэ тооцоотой санал нийлдэггүй, бодит бус гэж маргах хэсэг байдаг ч албаны гэх тодотголтой байгууллагаас гаргадаг, олон улсын хийгээд төрийн байгууллага хүлээн зөвшөөрч судалгаандаа оруулдаг тооцоо юм. Энэхүү тооцооллоос тоо дурдъя. Монголд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 42 мянган аж ахуйн нэгжийн 661.3 мянган ажиллагч байгааг дээрх тооцоонд өгүүлсэн байна. Эдгээрээс дундаж цалин нь 3.2 саяар уул уурхайн салбар үнэлэмжээрээ тэргүүлдэг бол дараагаар нь дундаж нь сая давсан үнэлэмжтэй олон улсын байгууллага, суурин төлөөлөгч, цахилгаан, хий уур, агааржуулалт, техникийн үйл ажиллагаа, санхүү даатгал, барилга гэх мэтийг нэрлэж болох юм. Харин урлаг, нийтийн хоол, зочид буудал, боловсрол, үйлчилгээний салбарынхны үнэлэмж сая хүрэхгүй байгааг харж болно. Эдгээрээс гаргаснаар монголчуудын дундаж цалин 1.3 сая, медиан цалин нь 917 мянга байгаа юм. Бүсчилбэл, баруунд хязгаарынхны цалингийн дундаж 899 мянга буюу хөдөлмөрийн үнэлэмж хамгийн бага бүс болж байгаа юм.

Хөдөлмөрийн үнэлэмжийг хэрхэн өсгөх вэ?

Угтаа бол хөдөлмөрийн үнэлэмж гэдэг монгол хүний үнэлэмж юм. Бүтээмжийг, оюун санааг, хөдөлмөрийг үнэлж, үнэ цэнийг тодорхойлох хүчин зүйл. Монголд хөдөлмөрийн үнэлэмж салбар салбараар, түүнчлэн бүс бүсээр харилцан адилгүй байгааг дээр өгүүлснээс анзаарагдана. Энэ нь Монголд хөдөлмөрийг үнэлэх тогтсон соёл гэх юм уу тогтолцоо байхгүйг илтгэж байгаа юм. Өнөөдөр байгаа нөхцөлөөс харвал худалдаа, үйлчилгээний салбарын хөдөлмөрийн үнэлэмжийн “соёл” социализмын үед тогтсоноор явж байгаа бол уул уурхайн салбар эдийн засгийн нөлөө бүхий, орлого өндөртэй гэдгээр үнэлэмж нь тодорхойлогдож байна. Гэтэл нийгмийн салбарынхны хөдөлмөрийн үнэлэмж бодит байж чаддаггүйг салбарынхны хөгжил, бүтээмж, олон удаагийн ажил хаялтаар илэрхийлэгдэнэ. Харин оюуны бүтээлийн үнэлэмж гэдэг зүйл огт байхгүйг үүнийг огт ярьдаггүйгээс харж болно. Ингэхээр хөдөлмөрийн үнэлэмжийг зайлшгүй нэмэх шаардлага байгаа бөгөөд энэ нь эргээд эдийн засаг хийгээд тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэ цэнэтэй холбогдох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. цалин буюу хөдөлмөр бага үнэлэгдсээр байвал хөгжилийн тухай яриагаа хойш нь тавьцгаая, одоогийн цалин бол хөдөлмөрийн мөлжлөг л дөө. Бүтээмжтэй холбох гэдэг нь мөлжлөгөө зөвтгөх өнгөлөн далдлалт. Бага цалинд хүн сэтгэлээсээ ажиллаж чармайх, зүтгэх талаар бодоод ч яах билээ.

    0 0 Хариу бичих
  2. Цалинг бүтээмжтэй холбож нэмэх нь зүйтэй байх аа, ер нь компаниуд татварын дараах цэвэр ашгийн 60 хүртэлх хувийг цалинд зарцуулж болмоор. Цалингийн өнөөгийн жишиг бас ямар байгааг харьцуулж үзнэ.

    0 0 Хариу бичих
  3. угаасаа маниусын цалин бол арай л дэндүү бага байнаа, сүүлийн 20 жил хувийн компанид ажиллаж бна ... сүүлийн үед харин төсвийнхэн чинь гайгүй цалин хангамж авдаг болчихсон юм бишүү ? тэтгэвэрт гарахдаа хэдэн сарын цалин авдаг ч гэх шиг , хувийн компанид гүрийтлээ зүтгээд зүтгээд, бараг зүгээр сууж байгаад цалин авдаг зарим төсвийхөнөөс бага цалин авна гэхээр үнэн утгагүй бна :(

    0 0 Хариу бичих