"Бичил бизнес эрхлэгчдэд 6.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр Дэлхийн банкны 20 сая ам.долларын санхүүжилттэй "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл" хэрэгжүүлнэ. Төслийг гурван жил хэрэгжүүлэхээр тохиролцож, гарын үсэг зурсан. Төслийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийг сайжруулах, бизнес эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлэхэд дэмжих, цар тахлын үед даатгуулагчдыг шимтгэлийг цуцалсантай холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхнө. Зээл 30 жилийн хугацаатай бөгөөд жилийн хүү 1.25 хувь, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө" гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэлэв. 

М.Оюунчимэг: Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих юм байна. 10 хүртэл ажилтантай, 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг бичил бизнес эрхлэгч гэж тодорхойлсон. Шаардлага хангасан бичил бизнес эрхлэгчид зээл олгох юм байна. Бичил бизнес эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тав хүртэлх сая төгрөгийн зээл авах гэж шалгуурт нь тэнцэхгүй олон асуудал гардаг. Одоо дэмжлэгээр өгөх зээлийн шалгуур нь юу байх вэ?

ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын дарга Батцэцэг: 20 сая ам.долларын зээлээс 10 сая ам.долларыг нийгмийн даатгалын санд татан төвлөрүүлнэ. Харин 6.5 сая ам.долларыг ХЭДС-гаар дамжуулж, бичил бизнес эрхлэгчдэд зээл олгоно. Улмаар ирэх онд ХЭДС-гийн зээл олгох журмыг өөрчилж, уян хатан болгоно.

Ц.Мөнх-Оргил: Цар тахлын үед бид зээл аваад л байна. Энэ мөнгөнүүд орж ирж байгаа юм уу. Таван сарын өмнө л Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар авахаар болсон. Амьсгалын аппарат, ор, шинжилгээний тоног төхөөрөмж гэх мэтийг яаралтай авна гээд л зээлийн хэлэлцээр баталсан. Сая Эрүүл мэндийн яамныхнаас тодруулахад тоног төхөөрөмж нь орж ирээгүй гэж байна. Үнэн үү. 

Одоо 20 сая ам.долларын зээлээр хэдэн хүнийг дэмжиж, хэдэн хүнийг ажлын байртай болгох вэ гэдгийг тооцсон уу. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтээ хангаж чадаж байгаа юм уу. Ийм байж ахиж мөнгө авах нь тохиромжтой юу?

ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын дарга н.Батцэцэг: 6.5 сая ам.долларын зээлийг бичил бизнес эрхлэгчдэд олгоно. Энэ хүрээнд 1700 орчим бизнес эрхлэгч зээлд хамрагдаж, 3000-4000 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцсон. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг гишүүдийн олонх нь дэмжив. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)