НҮБ: “Аль Каида” бүлэглэл Талибан хөдөлгөөнийхөнтэй нягт холбоотой хэвээр байгаа

АНУ Талибан хөдөлгөөнтэй хариуцлагын гэрээ байгуулж, түүндээ хэрвээ Афганистаны газар нутгийг олон улсын алан хядах байгууллагад ашиглуулахгүй байх шаардлагыг хангаж чадвал ирэх оны зун гэхэд цэргээ гаргана гэж амласан билээ.  

Гэсэн ч АНУ-ын цэрэг Афганистаныг орхиж гарснаар тус улсыг буцаагаад алан хядагчдын үүр уурхай болгох юм биш биз гэсэн асуулт олон улсын хамтын нөхөрлөлийн анхаарлын төвд хэвээр байна.  

Тухайлбал, НҮБ алан хядах “Аль Каида” бүлэглэлийг Афганистаны талибуудтай одоо ч нягт холбоотой хэвээр байгаа гэж үзэж байгаа аж. Тус байгууллагын Исламын улс орнууд, Аль Каида, Талибан бүлэглэлийг хариуцсан зохицуулагч Эдмунд Фиттон Браун ВВС агентлагт өгсөн мэдээлэлдээ энэ талаар өгүүлжээ.  

“Талибан бүлэглэл АНУ-тай гэрээ байгуулахынхаа өмнөхөн Аль Каидад ”Цаашид холбоотон хэвээрээ үлдэнэ” гэж амласныг батлах баримт байгаа. Ер нь талибууд Аль Кайеда бүлэглэлтэй байнга л өндөр хэмжээнд харилцаж ирсэн. Түүхэн холбоогоо хүндэтгэнэ гэдэг нь тодорхой” гэж тэрээр ярьсан байна.

Тэрээр яриагаараа хоёр бүлэглэлийн харилцаа огт өөрчлөгдөөгүй гэдэг ойлголт төрүүлэхийг хичээжээ. Өмнө нь энэ хоёр бүлэглэл цэргийн хамтарсан сургууль хийх хэмжээнд нягт харилцаатай байсан юм.  

“Аль Каида” бүлэглэлийн барууны орнуудад цохилт өгөх чадвар бололцоо сүүлийн 10 жилд эрс хумигдсан ч толгойлогч Айман аль Завахири болон бусад удирдагчид Афганистанд байрласан хэвээр байгаа юм. Афганистаны тусгай алба “Аль Каида” бүлэглэлийн Египет дэх  салбарын толгойлогчдын нэг Хусама Абд аль-Рауфыг өнгөрсөн бямба гаригт Газни мужийн нутагт хөнөөсөн явдал үүний нэг нотолгоо гэж НҮБ үзэж байгаа аж. Хэрвээ АНУ талибуудад итгэн гарч явах аваас “Аль Каида” эргэн хүчирхэгжинэ гэдэгт НҮБ хамгийн ихээр санаа зовж байгаа ажээ.        

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)