60 насандаа их сургууль төгссөн Ц.Ишин мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна

Хоёр жилийн өмнө манай телевизийн сурвалжлах баг 60 шүргэж байгаа дөрөвдүгээр курсийн оюутан Ц.Ишин гуайн тухай мэдээлэл бэлтгэж байсан. Өнөөдөр Ц.Ишин гуай их сургуулиа “А” үнэлгээтэй төгсөж өөрийн хүссэн мэргэжлээрээ залуустай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна.

Ц.Ишин гуай 20 гаруй жил Баянхонгор аймгийн нийтийн аж ахуй комбинатад ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсны дараа зорилго тэмүүлэлгүй болжээ. Ингээд аав нь маарамба байсан учраас уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцахаар шийдсэн. Хоёр жилийн турш элсэлтийн ерөнхий  шалгалтад нутагтаа  малаа хариулж байхдаа бэлтгэж  2014 онд сувилахуйн мэргэжлээр их сургуульд элсэн орж 2018 онд сувилахуйн мэргэжлээр төгсжээ.

Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа тухайн үед Ц.Ишин гуай “Оюутан болоод нийтийн тээврээр оюутны картаа уншуулан зорчсон чинь нэг хүүхэд над руу харж байснаа “Эмээ та маргаашнаас эхлээд хүүхдийнхээ картыг автобусанд битгий уншуулаарай” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би эмээ нь өөрийнхөө л картыг дарж байгаа юм аа гээд оюутны үнэмлэхээ үзүүлсэн” хэмээн ярьж байсан юм.

Сурахад хэзээ ч оройтохгүй гэж ярих дуртай Ц.Ишин гуай өнөөдөр их сургуулиа хэдийнээ төгсжээ. Аль хэдийнээ ач, гучаа үзсэн Ц.Ишин гуай ном уншиж илүү олон зүйлийг танин мэдэх сонирхолтой.

Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэл түвшин, зөв бодолтой, зөв хандлагатай байх юм бол болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй. Хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Хүн бүр оюун ухаантай, сэтгэл санаатай, мэдлэг боловсролтой. Цаашид сурч мэдье гэвэл бүхий л насны хүнд маш их боломжууд байна. Боломж үргэлж байгаа гэдгийг Ц.Ишин гуай ярилаа.

Манба дацан нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Ишин “Үйлчлүүлэгч нар баярлалаа гэдэг үг надад маш их  эрч хүч өгдөг. Өглөө 05:00 цагт босоод 06:00 цаг өнгөрөөгөөд автобусанд суун ажилдаа ирэхэд залуудаа ямар ажил хийж байсан түүнээс дутахааргүй л эрч хүчтэй ажилладаг” хэмээлээ.

Хүнд сурсан юм илүүддэггүй. Боломж л гарвал сурч өөрийгөө үргэлж хөгжүүлж байхыг залуус дүү нартаа хэлмээр байна. Хүүхэд байхаасаа мал, маллаж, оёдолчноор 20 гаруй жил ажилласан ч өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй тууштай тэмцэж 60 насандаа их сургуулиа төгсөж өнөөдөр ажлын талбарт гаран залуустай мөр зэрэгцэн ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хүчин зүтгэж байгаа Ц.Ишин гуайг онцоллоо.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Мундаг эмэгтэйд эрүүл энх сайн сайхныг хүсье

    0 0 Хариу бичих
  2. Yamar mundag hun be. Amjilt husye

    0 0 Хариу бичих
  3. Mundag yumaa. Nas bol tok gej tuhtai ynen

    1 0 Хариу бичих