Киногоор амьсгалуулсан долоо хоног

“Улаанбаатар” олон улсын XII кино наадам аравдугаар сарын 19-25-нд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болж, нийслэлчүүд Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг нэг дор үзэж сонирхох боломж бүрдсэн юм. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл нь Швейцарын Хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте Институт, Локарно кино наадам, Монгол-Францын төв, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг аравдугаар сарын 19-25-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, уран сайхны удирдагчаар Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, олон улсын уран сайхны удирдагчаар Каннын кино наадмын “Directors’ Fortnight” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Делсет, олон улсын хөтөлбөр боловсруулагчаар Каннын кино наадмын “Les Cinemas du Monde” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын зөвлөх Тибу Брак нар тус тус ажиллажээ.

2020 оны наадмын нээлтийн киногоор найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн”, монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч шагналыг найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, шилдэг зохиол шагналыг  “Гэргий” киноны зохиолч М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Баттуяа,  Номадиа пикчерс ХХК-ны нэрэмжит шилдэг продюсер шагналыг найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” киноны продюсер Ч.Ундрал нар тус тус гардан авлаа.

Монгол кино уралдааны шүүгчээр уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач Б.Түмэн-Өлзий, Монголын Үндэсний Кино Хорооны ерөнхийлөгч Н.Оргил, кино шүүмжлэгч, утга зохиол судлаач Др.П.Батхуяг, зөвлөх Энн Делсет, Тибу Брак нар ажилласан.

“Улаанбаатар” кино наадмын  албан ёсны хөтөлбөрт Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт Монгол, Австрали, Бразил, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Хятад, Тайвань, Япон улсын 18 бүрэн хэмжээний, нэг богино хэмжээний уран сайхны киног нийт 5000 гаруй үзэгчдэд толилуулсан ба үүнээс 1400 нь ирээдүйн үзэгч, кино урлагийг дэмжигч хүүхэд багачууд байлаа.

Энэ жилийн кино наадамд киноны эх орон Бүгд Найрамдах Франц улс онцлох орноор сонгогдон, франц найруулагчдын бүтээл “85 оны зун”, “Салхи зогсох аваас”, “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх” киног үзэгчдэд толилуулсан. "Үзэхийн хязгаар" хэсэг болон Олон улсын уралдаант бус хөтөлбөрт Италийн “Мартин Иден”, ХБНГУ-ын “Ундина”, Герман-Монголын хамтарсан “Хар Сүү”, Ираны “Хар санаа үгүй”, Монголын “Говийн зэрэглээ”, Японы “Жинхэнэ эхчүүд”, Монгол-Австралийн “Шат”, Австралийн “А гэвэл аз жаргал”, Тайванийн “Өдрүүд”, БНХАУ-ын “Баяртай, хүү минь”, Швейцарын “Куржетт хүүгийн амьдрал”, Бразилийн “Еүрүдис Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал” кинонуудыг үзэгчдэд толилууллаа.

Мөн кино наадмын хүрээнд кино урлагийн салбарын цаашдын чиг хандлага, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, чадавхыг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форумыг 10-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр “Кино урлаг ба Ковид-19, цаашдын чиг хандлага” болон “Локарно кино наадмын Нээлттэй Хаалга хөтөлбөрт Монгол кино найруулагч, продюсерууд оролцох боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нийт 200 гаруй кино уран бүтээлчид, кино урлагийн сургуулийн оюутнуудыг хамрууллаа. Тус хэлэлцүүлэг нь кино сонирхогч олон нийт, уран бүтээлчдэд цахим гарын авлага болон кино наадмын цахим хуудсанд байршин түгээгдэж байна.

2020 оны кино наадам нь Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр агуулга, цар хүрээгээ тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлсэн нь онцлог байлаа. Тус хэсгийг найруулагч Р.Доржпаламын 1980 онд бүтээсэн “Говийн зэрэглээ” МУСК-оор нээлээ.

“Говийн зэрэглээ” киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ний хамтран хэрэгжүүлж буй “Монгол Кино HD” төслийн хүрээнд  дуу, дүрсний өндөр чанартайгаар HD форматад хувирган, олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцууллаа. Мөн “Үзэхийн хязгаар” хэсгийг Азийн кино найруулагчийн шилдэг бүтээл болон хүүхдийн кино үзвэрүүдээр баяжуулсан нь үзвэрийн агуулгыг өргөжүүлэн, үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг боллоо.

Түүнчлэн наадмын үеэр ирээдүйн авьяаслаг кино найруулагчдын ур чадвар, бүтээн туурвих үйл явцыг дэмжихээр “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг Гуру Медиа, Тийм Team ТББ-тай хамтран 2020 оны 9-р сарын 15-аас 11-р сарын 15-ныг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Тус сургалтад 11 залуу найруулагч сонгогдон суралцаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд тэдний бүтээсэн богино хэмжээний кино бүтээлийг олон нийтэд танилцуулах болно.  

"Улаанбаатар" олон улсын кино наадмыг хаан найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” кино Монголын үзэгчдэд нээлтээ хийн толиуулагдсан. Энэхүү бүтээл нь гадаадын улс орнуудад нээлтээ хийн үзэгчдэд хүрч байгаа бөгөөд кино наадмын хүрээнд ганцхан удаа дэлгэцнээ гарсан юм. 

Анх 2008 оноос эхэлж, 2013 оноос олон улсын тодотголтой болж өргөжсөн “Улаанбаатар” олон улсын кино наадамд дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч нийт 132 киног 33000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1200 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхыг  дээшлүүлсэн байна.

Наадмаар толилуулсан кино бүрт үзэгчдийн саналыг цуглуулан тоолж, үзэгчдийн нэрэмжит “Шонхор” шагналыг олгодог уламжлалтай бөгөөд 2020 оны энэхүү шагналыг БНХАУ-ын найруулагч Ван Сиао Шуайн “Баяртай, хүү минь” кино хүртлээ.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn цахим хуудаснаас сонирхож болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)