Хувийн тэтгэврийн хуулийг Засгийн газар дэмжээгүй шалтгаан

Төр болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжийг хуулиар нээх гэж байна. 1995 оноос шилжсэн хувь тэнцүүлсэн тэтгэврийн тогтолцооны сул тал 2012 оноос мэдэгдэж эхэлсэн. Жил бүр төсвөөс 500 сая төгрөгийн татаас авдаг, төлсөн шимтгэлээ бүрэн хэмжээгээр авдаггүй, үр хүүхдүүддээ өвлүүлэх боломжгүй гээд хувь тэнцүүлсэн тэтгэврийн тогтолцоо иргэдэд төдийлөн үр ашиггүй нь тодорхой болсон. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлж, хувь тэнцүүлсэн тогтолцооны хажуугаар хувийн тэтгэврийн санг бий болгох санаачилга гарсан юм. Улмаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж буй.

Энэ хуулийн төсөлд Нийгмийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг хуримтлалын сан руу шилжүүлж, үр хүүхдүүддээ ч өвлүүлэхээр тусгасан. Гэхдээ зарчмын хувьд Засгийн газраас хуулийн төслийг хоёр зохицуулалтыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал, 

Нэгдүгээрт, сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн санд шимтгэл төвлөрүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр дөрвөн хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас авбал санд сөрөг нөлөөтэй гэж үзжээ.

Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн даатгалын санг хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх татварын дэмжлэг оруулах ёстой гэсэн үзэл баримтлалыг барьж, хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.  

Хувийн тэтгэврийн санд иргэд нэмэлт шимтгэл төлөх үү?

Засгийн газар Хувийн тэтгэврийн хуулийн төслийг дэмжээгүй нэг шалтгаан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуулийн төсөл боловсруулж буйтай холбоотой. Тус яамнаас боловсруулж буй төслийг энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Энэ хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн боловсруулсан төсөлтэй зарчмын хувьд адилхан ч хоёр, гурван зөрүүтэй зүйл зохицуулалт байгааг холбогдох албаныхан мэдээлэв.

Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн боловсруулсан хувийн тэтгэврийн хуулийн төслийн ялгаа:

Шимтгэл тооцох

УИХ-ын гишүүд: Иргэдийн нийгмийн даатгалд төлж буй 17 хувийн шимтгэлийг дөрвөн хувийг хувийн сан руу шилжүүлнэ.

Засгийн газар: Нийгмийн даатгалын санд ачаалал өгөхгүйн тулд 17 хувийн шимтгэлийг бууруулахгүй. Нэмэлт шимтгэл тооцож, хуримтлалын санд төвлөрүүлэх боломжтой.

Сайн дурын даатгуулагчид

УИХ-ын гишүүд: Сайн дурын даатгуулагчид шууд хувийн тэтгэврийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломжтой.

Засгийн газар: Хувийн тэтгэврийн санд хамрагдаж буй иргэд эхлээд төрд шимтгэл төлөх ёстой. Хуримтлалын мөнгөө түрүүлж авах зэргээр хувийн сангаас тэтгэвэр авах боломжгүй болсон нөхцөлд төр хариуцлага үүрэх үүднээс сайн дурын даатгуулагчид эхлээд төрд шимтгэл төлөхийг хуульчлахаар төсөл боловсруулжээ.

“Заавал хувийн тэтгэврийн шимтгэл төл гэж шаардахгүй”

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Өнөөдрийн хэрэгжиж байгаа хувь тэнцүүлсэн тогтолцоог эвдэх зүйл огт байхгүй. Албан журмын даатгалаас дөрвөн хувийг нь л хувийн тэтгэврийн даатгалын санд хуримтлуулах юм. Иргэд хувийн даатгалд хамрагдахгүй гэвэл шимтгэл төлөхгүй байж болно. Заавал төл гэж шаардахгүй. Иргэдээс одоо төлж байгаа шимтгэл дээр нэмэлт шимтгэл авахгүйн тулд дөрвөн хувийг шилжүүлье гэж байгаа юм.  Иргэдийн эрх ашиг хохирвол яах вэ гэдэг асуудал бий. Олон жижиг менемжент үүсэх вий гэдгээс болгоомжилж хуульдаа тодорхой зохицуулалт тусгасан.

"НДС жилдээ 400 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих бодлогыг 2015 онд бодлогын баримт бичигт тусгасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хувийн тэтгэврийн хуулийн төсөл боловсруулж байгаа. Н.Учрал гишүүний боловсруулсан төсөлтэй адилхан 36 зүйл бий. Харин зөрүүтэй хоёр, гуравхан зүйл бий. Сайн дурын үндсэн дээр нэмэлт шимтгэл төлөх бөгөөд одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөрчилж болохгүй гэж үзэж байгаа. Сангууд хэзээ хэрхэн өгөөжөө өгөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хэрвээ дөрвөн хувийн шимтгэлийг хувийн сан руу шилжүүлбэл НДС жилдээ 400 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан.

Хувийн тэтгэврийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Учрал нарын гишүүдийн санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг УИХ-д өргөн барьж, үзэл баримтлалыг хэлэлцсэний дараа нэгтгэн хэлэлцэх боломжтой юм. Тэгэхээр хувийн тэтгэврийн хуулийг наанадаж оны дараахан, үгүй бол хаврын чуулганаар хэлэлцэн батлах нь. Харин хоёр төслийг зөрчилдүүлж буй иргэдээс шимтгэл тооцох зохицуулалтыг хэрхэн нэгтгэхийг ирэх оноос мэдэх нь. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. uchral ooriin hviin companidaa mongo tatah gej bgaa bhaa.tegeed l uhen hatan zutgeed bgaa.

    0 0 Хариу бичих