Б.Хурц нарын хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны шийдвэр гарч, өмнөх шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Нийслэлийн Прокурорын газраас гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, О.Бямбажав, Улсын Ерөнхий прокурор Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус оноогоод байсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)