Хувийн тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дэмжээгүй бөгөөд гишүүдийн ирцээс шалтгаалан санал тэнцсэн гэсэн тайлбарыг өгч буй. Харин зарим гишүүний хувьд Засгийн газар зарим заалтыг дэмжээгүйн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуулийн төсөл боловсруулж байгаа учир хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм. 

Тэгвэл чуулганы хуралдааны үеэр гишүүдийн олонх нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлэв. Улмаар санал хураалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй Байнгын хорооны саналыг гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Ингэснээр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд Нийгмийн даатгалын шимтгэлд төлж буй 17 хувийн дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн сан руу шилжүүлэх, тэтгэврийн шимтгэлээ үр хүүхдүүддээ өвлүүлэх, санг 10 буюу түүнээс дээш хүн байгуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)