Ардчилсан намын лидерийн эрэл

Лидерийн зовлон

Лидертэй, лидергүйн зовлонг АН дөрвөн жилийн заагаар хангалттай мэдрэв. Одоогоос дөрвөн жилийн өмнө АН арван хуруунд багтахааргүй олон лидертэй байлаа. Тэр үед  эрх мэдэлд хүрсэн олон хүний эрх ашиг зөрчилдсөнөөр одоогийн сүр сүлдлгүй АН-ын суурийг бэхэлсэн. Үндсэндээ лидерүүдийнх нь зөрчил дэврэн дэвэрсээр тогооноосоо хальж, Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад сонгуульд ялагдал хүлээхэд нөлөөлсөн гэхэд буруудахгүй. АН олон лидерийн эрх ашиг амбийцаа барьж дийлээгүйн горыг тэгэхэд л амссан юм.

Тэгвэл одоо дөрөвхөн жилийн дараа АН лидергүйн зовлонг эдэлж байна. Өмнөх сонгуулиар олон лидерийн эрх ашгийг дийлэхгүй зөрчилдөж, ялагдал хүлээсэн бол энэ жилийн сонгуулиар намаа хөтлөх, сонгогчдыг хөглөх лидергүй нь АН-ыг ялагдалд хүргэсэн гэхэд хилсдэхгүй.

Үнэмлэхүй ялагдлын дараа шинэчлэл хийх намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ АН-ыг лидергүй болгох бодлогоо амжилттай хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь, тэрбээр нэр дэвшигчдийнхээ сурталчилгаанд ч явахгүй, өөрийнхөө тойрогт бүгсэн нь орон даяар АН-ын туг гудайхад багагүй нөлөөлсөн нь үнэн. Үндсэндээ лидерүүдээ тойргийн гадна үлдээж, лидергүй намтай болохоор зүтгэсний гороор өдийд АН олонх суудал ч үгүй, лидер ч үгүй болсон. Ингэж л АН лидертэй, лидергүйн зовлонг дөрвөн жилийн заагаар эдэлж байна.

Одоо Ерөнхийлөгчөөс өөр түшиггүй болсон АН-д “Намын дарга нь тэр болбол тун тохиромжтой” гээд бардам хэлчих хүн алга. Уг нь өдийд намын дарга болно гээд бардам зогсож байхуйц Ч.Сайханбилэг гадаадад дутааж, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар шоронд хоригдож, Н.Алтанхуяг нь бие даан намаасаа хөндийрчихсөн. Х.Тэмүүжин, Р.Амаржаргал сонгуулийн дараа бүлх залгисан мэт чимээгүй болов. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бие даагчдаас ганцаараа торойн гарч ирсэн Н.Алтанхуягт намдаа буцаж ирэх сонирхол байх ч нөхдийн дэмжлэгийг авах эсэхэд эргэлзэж буй. Үүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээж, намдаа идэвхийлэн ажиллахаа мэдэгдээд байгаа. Гэхдээ АН Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэлд байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид орон зай төдийлөн гаргахгүй л болов уу.

АН-ыг хэн удирдах вэ?

Сонгууль бүрд дараалсан ялагдал хүлээж, “сүнс”-гүй мэт болсон АН-ын “сүлд”-ийг дуудаж, Ерөнхийлөгч цаашлаад УИХ, орон нутгийн сонгуулиар сонгогчдын олонхыг цэнхэртүүлэх үүрэг АН-ын одоогоор нэр нь тодроогүй даргад бий. Ирэх жилүүдэд АН мандаж, мөхөхийн чигийг удахгүй тодрох АН-ын дарга гаргана. Тиймээс ардчилагчдыг нэг туган дор үнэт зүйлээр нь нэгтгэж чадах тийм л хүн АН-д хэрэгтэй.

Өнгөрсөн наймдугаар сард болох товтой байсан АН-ын даргын сунгаанд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр, АН-ын Хэрэг эрхлэх газар, Намын байгуулалтын газрын дарга асан Ц.Уртнасан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар өрсөлдөхөөр нэрээ албан ёсоор өгөөд байсан. Мөн АН-ын даргаар илүү эрх мэдэлтэй гэх үүднээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь хоёр нэрээ өгсөн ч, Ж.Батсуурь нь нэрээ татсан. Сонирхлоо ил гаргасан нь л тэд болохоос АН-ын дарга болох хүсэл олон хүнд бий. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарт ч ийм сонирхол бий.

Гэхдээ АН-ыг далдаас удирдаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүнээ намын дарга болгохоор зүтгэж байгаа. АН-ын даргад олон хүний сонирхол байгаа ч түүний итгэл үзүүлж, хамтран зүтгэх хүн тун цөөхөн. Ерөнхийлөгчийг АН-ын даргад Л.Болдыг зүтгүүлэх сонирхолтой байгааг эх сурвалжууд мэдээлж байна. ШИНЭ нам байгуулж, УИХ-д сонгогдоогүй ч Ерөнхийлөгчийг түшсэн, АН-ыг “Бодь”-д нүүлгэснээс нь үзвэл Л.Болдод АН-ыг атгах сонирхол их бий нь тодорхой. Гэвч хэрэгтэй цагтаа хаалга савж гарчихаад хэрэгцээ нь ирэхээр тооноор орж ирэхийг намын гишүүд нь таатай хүлээж авахгүй нь мэдээж.

Мөн Ерөнхийлөгч өөрийнхөө зөвлөхөөр томилсон Я.Санжмятавыг намын даргад зүтгүүлж байгаа гэх мэдээлэл ч байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд Ерөнхийлөгч дэмжлэгийг авах талтай. Харин түүний нэр олон нийтэд төдийлөн түгээгүй, танигдаж эхэлж байгааг нь бодолцвол намын даргад арай л эртдэж мэднэ.

Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл нар түмэнд танигдсан гэдгээрээ давуу талтай ч Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эсэхээс бүх зүйл хамаарах билээ.

Намын даргаа сонгох дүрмээ өөрчилнө

АН ирэх сарын 16-нд болох Их хурлаараа үндсэн дүрмээ өөрчилж,  намын даргын сунгааг хэлэлцэнэ. Наймдугаар сард ҮБХ-ны хурлаар АН-ын даргын сунгааг орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор явуулахаар шийдвэрлэсэн юм.

Үндсэндээ ирэх сарын 16-нд болох АН-ын Их хурлаар Үндсэн дүрмээ өөрчилж, намын даргаа сонгох болон шинэчлэл хийх дүрмээ тогтоох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. УИХ-н гишүүн асан Нарантуяа л хамгийн боломжтой гэж харагдаж байгаа... Гэвч гишүүд нь гэхээсээ илүү хөшигний ард наймаа яригдвал хэн ч байсан адилхан..

    0 0 Хариу бичих
  2. Амартүвшин дээр байхаа ю. Залуу хүн чадалтай залуу. Хууччуул дэмий. Ард түмэн дүнгээ тавьсан

    0 1 Хариу бичих