Дэлхий дахинд коронавирусийн тохиолдол нэг өдөрт хагас саяар нэмэгдлээ

Коронавирусийн тохиолдол анх удаа өчигдөр 500 мянга гаруйгаар өссөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээр өдөр бүр огцом өсөлт гарч COVID-19 тохиолдол хоёр долоо хоногоос бага хугацаанд бараг 25 хувиар өссөн байна.

Барууны ихэнх орнууд болон Латин Америкийн зарим хэсэг сүүлийн хэдэн долоо хоногт нэг өдрийн хамгийн их өсөлттэй байгаа тухай мэдээллээ. АНУ-ыг эс тооцвол бусад засгийн газар вирусийн тархалтыг хяналтдаа авахын тулд илүү хүчтэй хөл хорионы арга хэмжээ авч эхэлсэн.

Одоо коронавирусийн халдвар авсан 44.7 сая тохиолдол, нас баралтын 1.17 сая орчим тохиолдол бүртгэгджээ.Европ, Хойд Америк, Латин Америк нь дэлхийн нийт тохиолдлын 66 гаруй хувь, дэлхийн нас баралтын 76 гаруй хувийг эзэлж байна.

 Европын бүс нутагт одоогоор 9.5 сая орчим тохиолдол, 261 мянга орчим нас баралт бүртгэгдсэн байна. Шинээр авч хэрэгжүүлж буй хязгаарлалтууд үйлчилгээний салбар дахь олон бизнесийг хаасан тул Евро бүсийн эдийн засгийн идэвхжил энэ сард унах нь тодорхой болоод байна.

АНУ цар тахал эхэлснээс хойш 8.9 сая орчим халдвар авч, 228 мянга орчим хүн нас барсан тохиолдлоор тэргүүлсээр байна.Ирэх мягмар гаригт болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тус улсын бараг бүх хэсэгт дэгдэлт гарч 84169 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)