2014 оноос хойш сурах бичгийн агуулгад өөрчлөлт ороогүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулгын талаар эцэг эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Бид энэ сэдвээр Боловсролын хүрээлэнгийн сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрхлэгч Ж.Дэнсмаатай ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад одоо хэрэглэж байгаа сурах бичигт хэд хэдэн онд ямар өөрчлөлтүүд орсон байдаг вэ?

-Сурах бичгийн агуулга өөрөө сургалтын хөтөлбөрөөр тодорхойлогддог. Хөтөлбөрт ямар мэдлэг, ур чадвартай хүүхдийг бий болгоно гэж зорилго тавьсны дагуу түүнд тохируулсан нас насны онцлогт нь тохирсон агуулгаар сургалтын хөтөлбөрийг тодорхойлно. Бид 2013-2014 оноос сургалтын хөтөлбөрийг тодорхойлсон. Манай ерөнхий боловсролын сургалтын систем 10 жилээс  11, 12 жилийн сургалтын системд шилжсэний дараа сургалтын хөтөлбөрийг шинэчилж гаргасан.

-Иргэд сурах бичгийг жил бүр хэвлэн өмнөх жил хэвлэсэн нь хүчингүй болоод байна гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Жишээ нь V ангийн математикийн сурах бичиг 2014 оны сургалтын хөтөлбөрөөр бичигдсэн. Сурах бичиг хэд дэх жилдээ хэвлэгдэж байгааг сурах бичгийн хуудаснаас харж болно. 2014 онд анх хэвлэгдсэнээсээ хойш зургаа дахь жилдээ 2019 онд хэвлэгдсэн энэхүү сурах бичиг одоо ч хэрэглэгдэж байна. Жил бүр сурах бичиг хэвлэгдэн өмнөх нь хэрэггүй болоод байна гэж хүмүүс буруу ойлгоод байдаг. Харин 2014 онд хэвлэн тараасан сурах бичиг тэр жилийнхээ элэгдэл, хорогдол, хүүхдийн тоо, шилжилт хөдөлгөөн зэрэгтэй холбоотойгоор зөрүү тоогоор нь дахин нэмж бага хэмжээгээр хэвлэдэг.  Ингэж хэвлэхдээ оноо өөрчлөн 2015 он хоёр дахь, 2016 он гурав дахь хэвлэл гэж өөрчлөгддөг. Энэ ном өнөөдөр ч сургалтын хөтөлбөрийн дагуу хэрэгжээд явж байна. Бидний хөтөлбөрийн агуулга дандаа өөрчлөгддөггүй. Сурах бичгийг тухайн жилийнхээ нөхөн хангалтын хэвлэлээр элэгдлээ тооцон бага хэвлэж байгаа болохоор сургуулийн номын сангуудад өгч байгааг иргэд жил бүр шинээр хэвлээд өөрчлөгдөөд байгаа гэж ойлгодог. Гэхдээ жил бүр олон тоогоор хэвлээд байгаа асуудал байхгүй. Аль болох хүүхдэд сурах бичиг хангалттай байлгах тоогоор л хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд нэмж байгаа гэсэн үг. Тухайлбал, 2014 онд  V ангийн математикийн номыг зохиосон энэ дөрвөн хүний номыг л жил дараалан хэвлээд байгаа болохоос биш энэ дөрвөн хүн дахин дахин агуулгаа өөрчлөөд хэвлүүлээд байгаа зүйл байхгүй.

-2014 оноос хойш сургалтын хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт ороогүй байх нь ээ?

-2018 онд бид “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөний хүрээнд багш нарын үндэсний хэлэлцүүлэг болж сургалтын хөтөлбөрийн үр дүнг хэлэлцсэн. Эндээс V ангид байгаа энэ агуулгыг VI анги руу өгөх юм байна, IV дүгээр ангид байгааг дээд ангийн хөтөлбөр рүү оруулах юм байна гээд 10-20 хувь хүртэлх багахан агуулгын өөрчлөлт орсон. Түүнээс биш нийтээрээ агуулгад өөрчлөлт ороогүй. Түүнийгээ бид сайжруулсан хөтөлбөр гээд хэвлэсэн. Одоо 2019 оны наймдугаар сарын 1-нд 492 дугаар батлагдсан энэ хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа. Сайжруулсан хөтөлбөр гэж нэрлэж байгаа ч суурь нь 2014 оны сургалтын хөтөлбөр. Тодорхой багахан шилжилт хөдөлгөөн хийсэн 2-3 сэдэв л байгаа. Хүүхдэд хүнддэж байгаа сэдвийг дээд ангийнх нь сурах бичиг руу оруулья гээд агуулгын шилжилт хийсэн сурах бичиг нь 2020 оны долоо дахь хэвлэлт юм. Долоо дахь хэвлэл дээр анхны тооны агуулга байхгүй. Бид зөвхөн 1-2 агуулгын шилжилт хөдөлсний үндсэн дээр бүх сурах бичгийг орхин шинээр хэвлэх нөөц бололцоо, мөнгө санхүү байхгүй. Үүнийг бас л нөхөн хангалтын хэвлэл гээд багахан  хэмжээгээр хэвлэж байгаа. Тиймээс л сургууль дээр өнөөдөр энэ хоёр ном өөр байна, шинээр гарсан номоо авья гээд байгаа. Гэтэл тэр дотор багш өнөөдөр хичээлээ зохион байгуулаад энэ олон орон тоо байгаа учраас анхны тоог орохгүйгээр өмнөх хэвлэлтийн сурах бичгээ ашиглаад явах бүрэн боломжтой өөрчлөлт орсон. Мэдээж өнөөдөр хичээлээ сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, явуулж байгаа багш нар ямар агуулга яаж өөрчлөгдсөнийг мэдэж байгаа учраас энэ хоёр сурах бичгийг зэрэг л ашиглана.

2014 онд сургалтын хөтөлбөрийн агуулгыг шинэчилснээс хойш бид багш нараас санал авч байсан.

-Сурах бичгийн зохиогчоор ямар хүмүүсийг ажиллуулдаг вэ?

-Энэ  чиглэлээр хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогийг мэддэг, багш бэлтгэх их сургуулийн багш нар, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, тухайн шинжлэх ухааны үндэс сууриа мэддэг эрдэмтэд оролцдог. Анги тус бүрээр нь шинжлэх ухааны онолын мэдлэг, заах арга зүйг мэддэг хүмүүсээр бичүүлдэг. Энэхүү сурах бичгийг зүгээр л хувь хүний гаргасан  номтой харьцуулмааргүй байгаа юм.

-Иргэд “Цагаан толгой” гэж номыг гурван үеэрээ шахуу хэрэглэдэг байлаа одоогийн сурах бичиг тэр хэмжээний даацтай байж чадахгүй байна гэж шүүмжилдэг?

-Бид өмнө нь сурах бичгийг Оросоос шууд орчуулж бэлэн авч хэрэглэж байсан. Өөрөөр хэлбэл, 1950-аад он хүртэл бид сурах бичгийг орчуулж хэрэглэж байсан. Түүнээс өмнө босоо монгол бичгээр цөөн тооны ном байсан.  1960-аад онд үндэсний зохиогчтой болсон. 1990-ээд оны зах зээлийн системийн үед сурах бичиг ховордон 2004-2008 онд хэвлэлийн газар төвтэй буюу хувилбартай сурах бичгүүд байсан. Ингэснээр хэвлэлийн газрууд зохиогчидтой хамтран сурах бичгийн зөвшөөрлөө салбарын яамнаас аван өөрсдөө сурах бичгээ хэвлэн борлуулж байсан.

2009 оноос хойш яам өөрсдөө аван нэг сурах бичиг хэрэглэж эхэлсэн. 2008 оноос 12 жилийн тогтолцоонд орж ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх 131 дүгээр журмыг баталсан. Энэ журам өнөөдрийг хүртэл мөрдөгдөн нэг сурах бичгээр явж байна.

Өнөөдөр бидний хэрэглэж байгаа заах арга зүй өөрчлөгдсөн. Өмнө нь бид математикийн  том томьёо, байгалийн ухааны ололт, нээлтүүдийг автоматаар бичиж цээжлүүлдэг байлаа. Өнөөдөр математикийн томьёо тавьсан байхад түүнийг орлуулж боддог байлгахаас илүүтэйгээр өнөөдөр сурах бичигт хүртэл манай хөтөлбөрийн арга зүй ажиглагдаж байгаа. Ингэснээр хүүхдийг ямар нэгэн үйл ажиллагаанд оруулж өөрөө түүнийг хийж байх явцдаа ойлгож авдаг. Үүнд л хөтөлбөрийн зорилго оршино. Жишээ нь байгалийн ухааны хичээлээр шинжлэн судлах арга барилтай хүүхэд бий болгохын төлөө ажиллаж байгаа. Яагаад ийм байдаг юм бэ гэдгийг хүүхэд өөрөө сонирхож, түүнийгээ гарын доорх материал ашиглан өөрөө хийж үздэг. Хийж үзээд хүүхэд өөрөө түүнийгээ тайлбарлан дүгнэлт бичин хоорондоо ярилцан хэлэлцдэг үйл ажиллагаанд хүүхдийг оруулж байгаа. Математикийн хичээл дээр урт өргөний үржвэр талбай. А-г В-гээр үржүүлдэг гэж том болтлоо л ойлгодог. Талбай гэж юу вэ гэхээр А-г үржих нь В гэдэг. Одоо бид заах арга зүй дээр талбайг олохын тулд нэгж нэг см талтай талбайг аваад түүнд хэдэн ширхэг дөрвөлжин орсон бэ гэдгээр нь 200 орсон бол 200 см талбайтай гэж хэмжиж байгаа юм. Шалны талбайг хэмжихэд нэгж нь том болж метр болно, газар нутгийг хэмжих юм бол км талбай болно гээд хэмждэг нэгж нь өөр шүү гээд багаас нь шууд томьёо хэлж өгөхгүй байна. Хэдэн кв болж байгааг тоолж байна. Ингэж байж томьёонд шилждэг юм байна гэдэг ойлголт өгөхөөр арга зүй нь өөрчлөгдөж байна. Нийтлэг ажиглагдаж байгаа дүр төрх нь эцэг эхчүүд харин тэгш өнцөгтийн талбайг А-г үржих нь В гэж томьёогоор олно гэдэг өгүүлбэрээ хүсээд байдаг.

Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа ангид өрнөж байгаа энэ үед бид сурах бичгээр дэмжлэг болгож байгаа. Бид хуучин шууд орчуулаад сурах бичгээ хийж байсан бол одооноос үндэсний зохиогчтой болж байна. Хүний нөөц маш их хэрэгтэй байгаа учраас бид хүнээ сургаж байна. Ямартай ч манай сурах бичгүүд шинэчлэгдээд явж байна. 

-Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангид нийт хэчнээн сурах бичиг хэрэглэж байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд 140-өөд сурах бичгийг хэрэглэдэг. Үүнд казах хэл дээрх сурах бичиг болон тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн сурах бичиг нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн 140 сурах бичгийг нэг жилд бүгдийг нь хэвлэдэг нөөц бололцоо байхгүй. 2014 оноос хэвлэсээр өнөөдөр сүүлийнхийг нь барьж ирж байна. Бид жилдээ 20-оод сурах бичгийг шинэчилж чаддаг. Тэр 20-оод сурах бичгийн ард 500 хүн ажилладаг. Ингээд хийсэн сурах бичгийг маань сошиал дээр буруу ташаа мэдээлэлтэйгээ оруулахаар харам байлгүй яах вэ дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)