Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдлээ

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадууд урт дараалалд зогсохгүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой болж буй. Энэ талаар өнөөдөр ЭМДЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт ,өөрчлөлтөөр арваннэгдүгээр сарын 2-ны даваа гаригаас улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон гэв.

Мөн тэрээр "ЭМД-ын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан.   Зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ түвэггүй авах боломж бүрдүүллээ. Бүх шатлалын эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичнэ. Өмнө нь лавлагаа шатны эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эм бичдэггүй учир иргэд эмчийн жорыг өрхийн эмчээр дахин хуулуулж, хямд үнээр эм авдаг хүндрэлтэй байсан. 

Хөнгөлөлттэй эмийн жор бичих эмчийн мэдээллийг регистрийн дугаар бүхий эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийгдлээ. Одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч жор бичнэ.

Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүллээ. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай гэж хүсэж байна.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгож буй эмийн олголт болон зарцуулалтад иргэний хяналтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан зурвас очих юм. Иргэн та "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлттэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох болно.

"Үгүй" гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авна" гэлээ.

2020 онд ЭМДЕГ нь 1001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.

ЭМДЕГ хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлт бүхий эмийн сангуудын хүсэлтийг хүлээн авч, гэрээ хийж байгаа юм байна. Тиймээс иргэд сар бүрийн эхэнд олноороо дугаарлан хүндрэл үүсгэхгүйгээр аль ч үед эмийн санд очиж хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой болох нь ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)