Цагааннуур, Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 2-ноос 21 хоног хаах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Коронавирусын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо боомтыг ирэх арван нэгдүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаатай түр хаах шийдвэр гаргалаа. ОХУ-ын бүс нутгуудад коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаагаас гадна дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж олон орон хил гаалиа хааж хөл хорио тогтоож байна. Сүүлийн үед хил хооронд ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирус илрэх явдал нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийтдээ 30 жолоочоос илэрсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө Цагааннуурын хилийн боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоор коронавирус илэрлээ. Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, өргөн хэрэглээний бараа гэх мэт ачаа тээвэр нэвтэрч байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн бол явагдаагүй. Зөвхөн ачаа тээвэр явуулж байсан" гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ОХУ-тай хиллэж байгаа зарим боомтоо хааснаар шатахуун үнэ нэмэгдэх эрсдэлтэй юү?

-Баруун бүс нутгийн боомтуудаар тээвэрлэж байгаа нийт ачаа тээврийн дийлэнх хэсгийг шатахуун эзэлдэг. Тухайн шатахуунаа баруун бүсийн хэрэглэгчдэд түгээдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс шатахууны сарын нөөцтэй байна. Тиймээс шатахууны хомсдал үүсэхгүй. Дотоодоосоо баруун бүс рүү шатахуун тээвэрлэхэд асуудал үүсэхгүй гэж тооцож байгаа. 21 хоногийн хугацаа өнгөрсний дараа бид тодорхой гаригийн хязгаарлалттайгаар шатахуун импортлох зохицуулалтыг хийнэ.  

-Одоо хааж байгаа боомтуудаар орж ирж буй жолооч нараас саяхан л коронавирусийн шинжилгээ авч эхэлсэн гэдэг үнэн үү?

-Цагааннуурын боомтоор орж ирж байгаа жолооч нараас долоо хоногийн өмнөөс шинжилгээ авч эхэлсэн. ОХУ-тай дипломат шугамаар холбогдож коронавирус илэрсэн хоёр жолоочийг улсад нь хүлээлгэж өгсөн.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)