Бяцхан үсэглэгчдийн өрсөлдөөн маргааш эхэлнэ

Нидерланд улсын “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр Номадиа пикчерс, Боловсрол телевизтэй хамтран бүтээж буй “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарууд үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Шоу нэвтрүүлгийн өмнөх улиралд цовоо сэргэлэн багачууд эх хэлнийхээ үгсийн сангаас тунгаан шүүрдсэн мянга мянган үгийг үсэглэж, суралцаж, үүгээр дамжуулан үзэгчид зөв мэдлэгийг авч, энэ тухай хэлэлцэж, нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлсэн билээ.

Зөв бичгийн дүрэм, баялаг үгсийн санг нийтэд таниулж буй тус нэвтрүүлгийн шинэ улирлын нэвтрүүлэгт оролцохоор 2000 гаруй хүүхэд бүртгүүлснээс 52 оролцогч шалгарсан бөгөөд монгол хэлний үгийн сангийн хамгийн эргэлзээтэй, ээдрээтэй үгсийг үсэглэж, аваргын төлөө өрсөлдөх юм. Нийт 9 дугаарын турш үндэсний дархлаа болох эх хэлний мэдлэгээрээ өрсөлдөх бяцхан үсэглэгчидтэй танилцаж, хамтдаа суралцах боломжийг танд олгож байна.

“Үндэсний үсэглэлийн аварга-2021” нэвтрүүлгийн онцлох зүйл ихтэй, содон сонирхолтой үгсээр дүүрэн эхний дугаарыг энэ ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 1-ний 21:00 цагаас Боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)