Талибуудын дахин сэргэлт

Афганистан дахь Америкийн дайн 20 дахь жилийнхээ босгон дээр дуусгавар болох бололтой

Доналд Трамп зул сарын баяраас өмнө Афганистанаас цэргүүдээ эргүүлж авчирна гэж Твиттерт бичиж байсан. Энэ оны эхээр Катарын Доха хотод гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу ирэх оны тавдугаар сард Америк, НАТО-ын цэргүүд тус улсыг орхиж гарах ёстой. Өнөөдрийн байдлаар АНУ-ын 4500, УАЦЭ-ийн 6100 цэрэг Афганистанд үүрэг гүйцэтгэж байна. Дайны ид үетэй харьцуулбал гадаад цэргийн тоо үлэмж буурсан ч гэсэн АНУ болон холбоотнуудын оролцоо Афганистаны үндэсний Засгийн газар, үндэсний армид ядаж л сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Америкчууд Баграмаас цэргийн хүнд техник, хэрэгслүүдээ ачааны онгоцоор зөөгөөд эхэлчихсэн. Тэд ирэх хавар бүрмөсөн гараад явна. Тэгээд Талибууд, Афганистаны Засгийн газар л үлдэнэ.

Дохагийн энхийн хэлэлцээр нь үндсэндээ талибуудын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөн баримт бичиг юм. Америкчууд холбоотнуудаа дагуулаад Афганистанаас гарч, хариуд талибууд нутаг дэвсгэртээ хяналтаа тогтоож, Исламын улс, аль-Каеда зэрэг жихадист бүлэглэлүүдийг үлдэн хөөх үүрэгтэй.

Д Афганистаны Засгийн газар шоронгуудад хоригдож буй 5000 гаруй талибыг суллаж, талибууд оронд нь Афганистаны арми, хууль сахиулах байгууллагуудын 1000 орчим олзны хүнийг суллахаар тохиролцсон билээ. 19 жилийн өмнө холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр Талибуудыг түлхэн унагасан америкчууд эдүгээ талибуудаа хүлээн зөвшөөрснөөр дайн дуусгавар болж байна.

Талибууд ийнхүү АНУ-тай тохиролцлоо. Харин Афганистаны үндэсний Засгийн газраа хүлээн зөвшөөрөх нь ихээхэн эргэлзээтэй. Ашраф Ганийн Засгийн газрын төлөөлөгч нар Дохад талибуудтай уулзсан боловч одоогийн байдлаар яриа хэлэлцээнд ямар ч ахиц дэвшил гараагүй. Талибууд зэвсгээ хаяж, энгийн амьдралд шилжинэ гэж найдах нь эргэлзээтэй гэдгийг үйл явдлууд харуулсаар байна.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд талибууд Хелманд мужийн нийслэл Лашкар Гах хотыг эзлэх гэж оролдлоо. Үр дүнд нь 40 мянган иргэн орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ. 19 жилийн дайны явцад нийт хоёр сая афган хүн орон гэрээсээ дүрвэсэн гэдэг. Тахар мужийн дүүргүүдэд талибуудын довтолгооны улмаас 30 гаруй цэрэг амь эрсдэв. Афганистаны нисэх хүчин хариуд нь шашны сургуулийг бөмбөгдсөний улмаас арав гаруй хүн үрэгджээ. Ердөө долоо хоногийн дотор 50 гаруй хүн эрсдэв. Нийтдээ Афганистан дахь дайны явцад 3500 гадаад цэрэг, 110 мянган афган хүн амиа өргөжээ. Үүнээс 40 гаруй мянга нь цэрэг, цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд гэдгийг Ерөнхийлөгч Ашраф Гани онцолж байв.

Зөвлөлтийн арми 1989 онд Афганистаныг орхиж гарсан. Түүхчид бүтэлгүй дайн гэж тодорхойлдог. Зөвлөлтүүд гарсны дараа гурван жилийн турш иргэний дайн үргэлжилж, Мохаммад Нажибуллах тэргүүтэй коммунист Засгийн газар огцорч, мужахедууд Кабулыг эзэлснээр дуусгавар болов. 1992-96 онд Бурхануддин Раббани, Абдуллах Абдуллах, Ахмад Шах Массуд тэргүүтэй Умардын Холбоо хойд нутагт талибуудыг сөрөн тулалдаж байв. Улмаар 1996-2001 онд талибууд Афганистаны нийслэл Кабул хот болон дийлэнх нутгийг эзэлснээр бүрэн эзэн суусан даа. Талибууд америкчуудыг гарсны дараа Афганистанд дахин эзэн суух гэж оролдох нь тодорхой. Исламын зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг намуу цэцэг, мансууруулах төрлийн бодисын тариалалт, ургац, боловсруулалт өнгөрсөн хэдэн жилд огцом нэмэгдсэн гэдгийг НҮБ анхааруулдаг. Афганистан улс дэлхийн хэмжээнд хероин хэмээх мансууруулах бодисын нийт түүхий эдийн 90 гаруй хувийг нийлүүлдэг. Ийм ашигтай наймаанаас талибууд татгалзаж, энгийн амьдралд шилжиж, улс төрд орно гэдэгт афганистанчууд өөрсдөө ч итгэхгүй байна.

Бүр 2012 онд Барак Обамагийн засаг захиргаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийг өөрчилж, Ойрхи Дорнодоос Ази-Номхон далайн бүст шилжүүлсэн билээ. Харин Доналд Трамп гарч ирээд “Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс бараг таван их наяд доллар үрсэн исламын ертөнцөөс бүрмөсөн гарна” гэж мэдэгдсэн нь эдүгээ биелэхэд ойртжээ. АНУ-ын армиас одоо Афганистанаас гадна Сирид 500, Иракт 5000 цэрэг үлдээд байна. Иракийн дайны ид үед бараг 100 мянган Америк цэрэг Ойрхи Дорнодод тулалдаж байлаа. Д.Трамп улирсан ч, Ж.Байден ялсан ч АНУ-ын энэ бодлого өөрчлөгдөхгүй болов уу. Цагаан ордон Ази-Номхон далайн стратегиа хэдэн жилийн өмнөөс Энэтхэг- Номхон далайн гэж нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл, Ази, Номхон далайгаас гадна Энэтхэгийн далайд Хятадыг сөрөн зогсож, хязгаарлах агуулгатай. Америкийн өрсөлдөгч (дайсан) нь Хятад болсон гэдгийг ил тод мэдэгдэж байна. Афганистаны эрх баригчдын хувьд тун хүнд нөхцөлд АНУ, УАЦЭ-ийнхнийг үдэх нь. Үнэндээ түүхийн туршид Афганистан гэдэг энэ нутаг том гүрнүүдийн хувьд ээлгүй, тамын газар байсан юм билээ. Энэ нутагт Македоны Александр, Арабын Халифууд, Монголын эзэнт гүрэн, Төмөрийн улс, Мугалын эзэнт гүрэн, Персийн хаад, Сикхчүүд, Британийн эзэнт гүрэн, Зөвлөлт, Америкчууд халдан довтолсон хэдий ч аль нь ч эзэн сууж үлдээгүй юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ. Дугаар 455

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Аль кайдатай хамтардаг

    0 0 Хариу бичих
  2. монголчууд захирч л байсиим даа

    0 0 Хариу бичих