Эгийн тэнгист болсон газар хөдлөлт Грек, Туркт гамшиг дагуулав

Эгийн тэнгист 6.7 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 гаруй хүн амиа алдаад байна. Доргилтын хүч нь Грекийн Самос арал, Туркийн Измир хотод илүүтэй гамшиг тарьжээ. 

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдэгдсэнээр Измирт 24 хүн амь үрэгдэж, 786 хүн шархаджээ. Мөн 70 хүнийг нурангин дороос гаргаж аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Эрэн хайх ажилд 40 орчим эмнэлгийн баг, 35 аврах баг, хоёр эмнэлгийн нисдэг тэрэг оролцож байна.  Измирээс 50 км зайд орших Сеферихисар хотод далайн давалгаа зарим барилга багууламжийг үерт автуулжээ.
Газар хөдлөлт Грекийн нийслэл Афин, Туркийн томоохон хот Истанбулд ч мэдрэгдсэн байна. Грекийн Самос арал орчимд анхны газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:51 минутанд бүртгэгджээ. Арал дээр өсвөр насны хоёр хүүхэд амиа алдаж, 19 хүн хөнгөн гэмтсэн байна. 
Турк, Грекийн гадаад хэргийн сайд нар гамшгийг арилгахад харилцан бие биедээ туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Европын холбоо, НАТО ч эдгээр улсуудад туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн эргээс 17 км зайд, Самос арлаас хойш 16 км зайд бүртгэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)