Хувийн тэтгэвэр, хүүхдийн хүчирхийлэлтэй долоо хоног

Нийслэлийн ой тохиож, удирдлагуудаа томилсон, олны танил эрхмүүдийг шүүсэн, хүүхдийн хүчирхийллийг харуулсан, хилийн боомтуудаа хаасан долоо хоног өнгөрлөө. Энэ долоо хоногт болж өнгөрсөн онц сонин үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Хувийн тэтгэврийн хууль парламентын босго давлаа

Хувийн тэтгэврийн тогтолцоотой болгох хуулийн төсөл парламентын эхний босгоо давлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Учрал нарын гишүүдийн санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Нийгмийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг хуримтлалын санд байршуулж, гавьяаны амралтад гарахдаа улсаас ч, хуримтлалаасаа ч зэрэг тэтгэвэр авах боломжийг энэ хуулиар нээнэ. Хувийн тэтгэврийн санд ажилтан хоёр, байгууллага хоёр хувийн шимтгэл төлөх бөгөөд өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. Зөвхөн ажилтан гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн сайн дураар шимтгэл төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.

Хэрвээ тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барсан тохиолдолд хуримтлалыг  үр хүүхдүүдэд нь өвлүүлнэ. Мөн хуримтлалын санг төрийн зохицуулах байгууллагын хяналт дор байгуулагдсан этгээд эрхэлнэ. Санг хэд хэдэн этгээд үүсгэн байгуулах бөгөөд үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 10-аас ихгүй байх зэрэг зохицуулалтыг хувийн тэтгэврийн хуулийн төсөлд тусгажээ. 

Гэхдээ хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх хувийн тэтгэврийн хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх бөгөөд зарим зохицуулалтыг нь өөрчлөх юм.

Хотын дарга хоёр орлогч, төслийн дөрвөн удирдагчтай

Нийслэл хот 381 жилийн ойгоо энэ сарын 29-нд тэмдэглэлээ. Мөн нийслэл хотыг удирдах эрхмүүдийг өнгөрч буй долоо хоногт тодрууллаа. Нийслэлийн 35 дахь Засаг даргаар томилогдсон Д.Сумъяабазар хоёр орлогч, төслийн дөрвөн удирдагчтай ажиллахаар болсон. Тодруулбал, Засаг даргын

  • Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн,
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Н.Баярчимэг,
  • Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр,
  • Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
  • Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
  • Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нар ажиллах юм. 

Хүүхдүүд хохирсоор...

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн сэтгэл зүйг цочроосон хүүхдийн хүчирхийллийн хэрэг гарав. Ой таван сартай хүүхдээ төрсөн эцэг нь саваагаар зодож, амийг нь бүрэлгэсэн хэрэг Сэлэнгэ аймагт гарсан.

Үүнээс гадна бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алдсан, нэг настай хүүхэд осгож нас барсан хэрэг гарав.

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав

Олон танил хүмүүсийн холбогдсон хэргийн шүүх хурлууд өнгөрсөн өдрүүдэд боллоо. Тухайлбал, хотын дарга байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал болох товтой байсан дахин хойшлуулав. Түүнийг хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж буй.

Мөн Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүхээс тэдэнд гурван жилийн хорих ял оноогоод байв. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан хоригдлуудыг эрүүдэн шүүсэн хэргээр буруутгаж буй.

Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир давж заалдсан. Харин давж заалдах шатны шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхээс Д.Дамба-Очирт гурван жил зургаан жилийн хорих ял оноосон юм.

Хоёр боомтыг 21 хоног хаалаа

Цагааннуурын боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс Цагааннуур, Боршоо боомтыг ирэх сарын 2-ноос 21 хоног хаах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Сүүлийн үед хил хооронд ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирус илрэх тохиолдол нэмэгдэж байгаа аж.  Одоогийн байдлаар нийтдээ 30 жолоочоос коронавирус илэрсэн байна.

Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, өргөн хэрэглээний бараа гэх мэт ачаа тээвэр нэвтэрч байгаа. Харин иргэд тус боомтуудаар нэвтрэхгүй байгааг холбогдох албаныхан мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)