А.Цэгмэд: Бурхан намайг амьдралыг аргадаж туул гэж заяасан юм

 “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байсан ахмад жүжигчин бол А.Цэгмэд юм. Тэрбээр 60 гаруй жил урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэгэн. Түүнтэй ярилцаж, эмэгтэй хүний сэтгэлийн хат, эмзэг хийгээд хүчирхэг чанарыг үг бүрээс нь мэдэрч, “тольдсондоо” сэтгүүлч миний бие туйлын олзуурхаж байна.   

Урлаг, спортыг хослуулж, уран бүтээлч, улсын данстай тамирчин гэх хоёр тодотголоор “овоглогдож” явсан залуу цагийн дурсамжаас нь эхэлсэн бидний яриа амьдралын нугачаа, алтан тайз, анд нөхөд гэж хөвөрсөөр багагүй хугацаанд үргэлжилсэн юм. Амьдралын эргэлт, хувь тавилангийн эрхэнд алтан тайзнаасаа “холдох” үедээ ч түүний сэтгэл урлагаас ер хөндийрч байгаагүй нь хариулт бүхнээс нь “ханхалж” байлаа. 

-Хүмүүс таныг жүжигчин гэдгээр нь андахгүй. Харин залуу насандаа спортын салбарт мандаж явсныг нь төдийлөн мэддэггүй байх. Спортын мастераас урлагт хөрвөсөн түүхээс нь яриагаа эхлэх үү? 

-Намайг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж миний буурал ээж хуучилдаг байсан юм. Эмэгтэй хүүхэд даруухан, удаан хөдөлгөөнтэй, нямбай байдаг даа. Надад тийм чанар байгаагүй хэрэг. Энэ араншин маань дасгалжуулагчийн хараанд өртсөн болов уу гэж одоо боддог юм. Анх долдугаар ангид байхдаа улсад бүртгэлтэй тамирчин болж байлаа. Тухайн үед улс хувьсгалын 40 жилийн ой тохиож, гимнастикийн баг бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулсан юм. Шалгаруулалтын үеэр, Д.Норов дасгалжуулагч, багш маань “тэр цоохор шарваартай хүүхэд” гэж намайг онцлоод шигшээ багтаа авч байсан нь саяхан мэт санаанд бууна. Ийнхүү долдугаар ангийн охин БНМАУ-ын Спортын төв ордны спортын гиминасикийн анхны шигшээ багийн долоон тамирчны нэгээр сонгогдож байсан түүхтэй. Бас болоогүй, цалинтай. Бидэнд сар бүхэн улсаас 150 төгрөг өгнө. Тэр чинь ёстой үрээд барахгүй их мөнгө шүү дээ.  

-Спортын салбарт шаггүй “гялалзаж” олимпд хүртэл бэлтгэгдэж явсан түүхтэй байх аа. Таныг “гэнэтхэн л урлагийн хүн болоод спортоо орхисон” гэж хамт хүч сорьж явсан найзууд нь ярьдаг юм билээ?           

-Би багын л спортод дуртай байсан. Гэхдээ урлагийн хүн болох хүсэл намайг ер амраадаггүй байлаа. Нэг удаа Энхтайвны гүүрэн дээр алхаж явтал МУАЖ Д.Мэндбаяр эгчтэй таардаг юм байна. Тухайн үед Далан худалч жүжгийн Алимаад тоглосон мундаг жүжигчин гэдгээр нь л мэднэ. Мэндээ эгчийг хараад би бүр зог тусчихсан. “Энэ эмэгтэй шиг гоё жүжигчин болохсон” гэх хүсэл төрж, урлагт шунах шунал улам “ассан”. Тэгтэл хэд хоногийн дараа манай ангийн Ж.Дашзэвэг /зохиолч, сэтгүүлч/ Драмын театрт шалгалт өгөөд орчихсон тухайгаа дуулгаад “чи очиж шалгуулаач” гэв. Тэгэхээр нь шалгуулахаар очлоо. Драмын театрын тайз дэлхий шиг том, би шар будаа шиг жижигхэн. Тэр том тайзны урд тухайн үеийн алтан жүжигчид суучихсан, хачин сүрдэм. Тайзан дээр гараад дууллаа, бүжиглэлээ, шүлэглэлээ. Тэгсэн Оюун багш чи “Бүгд найрамдах монгол ард улс мандтугай, ураа” гээд хэл дээ гэдэг юм байна. Би ч хамаг чадлаараа л хэлсэн. Ингэж л одоогоос 65 жилийн өмнө урлаг хэмээх их айлын босгоор 18 нас хүрээ ч үгүй жаахан охин алхаж, УДЭТ-ын дагалдан жүжигчин болж байсан түүхтэй.

-Ингээд л урлагийн хүн болоод спортоо бүр орхичихсон хэрэг үү?

-Би театрт ороод, шууд цалинтай залгачхаагүй л дээ. Гурван сар цалингүй, дагалдангаар ажиллаж байлаа. Энэ хугацаандаа  гимнастикийн бэлтгэлдээ тасралтгүй явдаг байсан. Учир нь 1968 оны олимпд орохоор зорьж байсан хэрэг. Үүнээс өмнө 1966 онд Румин, 1967 онд Болгарт зохион байгуулагдсан портын гимнастикийн "Нөхөрлөл" тэмцээнд мөн бэлтгэдэг байв. Тэгсэн яг Мексикийн олимпын өмнө жирэмсэн болоод, бүх зорилго талаар болсон

-Багагүй хугацаанд урлагаас хөндийрч, өөр, өөр салбарт ажиллаж явсан юм билээ. Тэгтлээ дурлаж байсан мэргэжлээсээ зай барихад ээжийн үүрэг нөлөөлжээ?                                                

-Драмын театрт гурван жил ажиллаж байгаад амьдралын эрхэнд хайртай мэргэжлээсээ түр хөндийрч, хүүхдүүдийнхээ аавтай Москва явсан юм. Тэнд хүүгээ төрүүлж, олон дурсамж бүтээсэн дээ. Миний том хүүг Таня гэж орос эмэгтэй эх барьсан. Хүүхэд эх барьсан эмчтэйгээ ижил араншинтай байдаг гэж үнэн юм билээ. Идэрчулуун яг оросууд шиг тачигнасан зантай. Харин бага хүү маань аавыгаа дуурайгаад тайван, тогтуун. Бид хэсэг хугацаанд Орост амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд би театртаа ажиллахыг асар их хүссэн ч хүүхдүүдийн маань аав зөвшөөрөөгүй. Хадам ээж ч дургүй байсан. Эмэгтэй хүн тэгээд амьдралаа л дагадаг юм билээ. “Эднийг дургүй байхад би зүтгээд яахав.  Телевиз, радио бараадъя” гэж бодоод МҮОНТ-ийн  хүүхдийн редакцад ассент найруулагчаар ажиллаж байлаа. Тэгсэн хадам ээж намайг “чам шиг толгойдоо А,Б-гүй юм, арав төгссөнөөс цаашгүй байж” гэж зэмлэдэг юм байна. Энэ үг намайг урлаг руу эргэлт, буцалтгүй ороход хүргэсэн. Заримдаа хатуу үг бурам болдог шүү дээ. Одоо бурханд байгаа хадам ээждээ баярлаж явдаг юм. Тэр үгийг сонсоод дээд сургуульд сурахаар эрс шийдээд, нас нэлээд хэвийсэн хойноо оюутан болж байлаа. Харин миний ижий намайг тэг, ингэ гэж нэг их зааж, тушаагаад байдаггүй хүн байсан.

-“Ээжийнхээ ачийг яалаа даа” дуугаар ээждээ дуун өглөг барьж, цахим хуудаст нийтэлсэн нь багагүй хүнд хүрсэн шүү дээ. Ээжийнх нь тухай дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Би хүний хүн болтлоо ээждээ тун дургүй байлаа. Хоёр хойд эцгийн гар харуулсан гээд их хатуурхана. Ижий минь миний төлөө амьдарч, намайг өсгөх гэж олон зүйлтэй нүүр тулж байсныг нь их хожуу ухаарсан. Тиймээс л тэр хүнд амьд суварга босгож, насаа дуусгах ёстой юм шиг санагддаг юм. Ээж 17 настай байхдаа манай нутгийн н.Ренчин гэж залуутай хайр, сэтгэлийн холбоотой байсан юм билээ. Гэтэл өнөөх залууг цэрэгт татаж, цэргийн чилийсэн гурван жилийн хугацаанд сэтгэлт хар хүүгээ хүлээсэн гэдэг. Гэвч үүрэгт хугацаа дууссан ч өнөөх залуу ирэлгүй нэг жил болсон юм билээ. Энэ хооронд хонины бэлчээр дээр ирж хоргоодог байсан өөрөөс нь ахимаг настай хүнээс намайг олсон учиртай. Гэтэл өдөр, шөнөгүй хоргоож байсан өнөөх эр таван хүүхэдтэй айлын эцэг болж таарсан тул хүүхдүүд өнчрүүлж, ханийг нь зовоохгүйн тулд гэдсэндээ намайг тээгээд үлдсэн юм билээ.

-Та “Миний амьдралын хуудсууд” номондоо төрсөн эцгийнхээ тухай тун цухас дурдсан байсан. Харин Жийжээ болон Аяа аавынхаа талаар олон сайхан дурсамж өгүүлсэн байсан?

-Миний анхны хойд эцэг н.Сэржээ гэж хүн байсан юм. Би түүнийг Жийжээ аав гэж авгайлдаг байлаа. Бурхан надад дүү заяагаагүйн улмаас ээж, Жийжээ аав хоёр намайг 13 нас хүрэх жил хоёр тийшээ болсон юм. Үүний дараа ээж минь Их найрагч Б.Явуухулан гуайн үеэл Аюурзана гэж хүнтэй ханилсан. Аяа аавтай гэр бүл болсныхоо дараа миний овгийг сольж, Аюурзанын Цэгмэд болгосон юм. Аавын аяыг засаж, бид нэг гэр бүл боллоо гэдгээ ойлгуулах гэсэндээ л тэр байх. Гэхдээ Аяа аав маань ч насан эцэс болтлоо ээжийн минь дэргэд байгаагүй. Орхиод явсан. Ер нь би хүүхэд байхдаа ч тэр, одоо ч ялгаагүй аавын хайрыг амссан, аавтай хүмүүсийг хараад “Энэ ёстой азтай хүн юм” гэж боддог. Аавгүй хүн амьдралыг ч, хүнийг ч аргадаг элээдэг юм билээ. Бурхан намайг “чи насан туршдаа амьдралыг аргадаж туул” гэж заяасан юм болов уу гэж боддог юм.

-Төрсөн аавынхаа тухай дурсвал?     

-Хоёр аав минь хэчнээн надад өөрийн сэтгэлээр ханддаг байсан ч хүний хүн гэдэг нь мэдрэгдээд л байдаг байсан. Булчин мах заагтай гэдэг шиг. Сэтгэлийн мухарт төрсөн эцгийгээ мэдэх хүсэл үргэлж цухалзана. Нэг удаа эмээгээсээ асуутал “Чиний аав амьд биш. Гэхдээ чи Аюурзанын ч хүүхэд биш Сэржээгийн хүүхэд ч биш” гэж хариулсан. Үүний дараа би Румин, Болгар руу тэмцээнд явахаар болсон юм. Тоглолтоос ирээд Жийжээ аавдаа хоёр гаанс авснаа үзүүлтэл ээж нэг л эвгүй болоод гараад явчихсан. Эмээ нэг үг хэлэх гээд, нэг болиод л түнтэгнэчихдэг юм байна. Тэгж байгаад “Сэржээ аав чинь элэгний ком болоод өнгөрчихсөн. Одоо би чамд олон жил нууж явсан зүйлийг хэлье. Чи бол Монголын анхны үеийн зохиолч Даг Жамьян гэдэг хүний төрсөн ах Дагва гэдэг хүний охин” гэж хэлж хэлсэн юм. Жийжээ аавыгаа алдсан тухай дуулаад би цурхиртал уйлсан. Сэржээ аав маань намайг гурван сартайгаас 13 нас хүртэл өсгөсөн хүн шүү дээ. Бурханд халихынхаа өмнө аав надтай ирж уулзаад, “Аав нь Улаанбаатарт 67 босгож байгаа. Удахгүй охиноо дэргэдээ авна. Миний хүү аравдугаар анги төгсөөд ажилтай болох гэж байна. аав, хүү хоёр хамтарна аа” гэж хэлж байсан юм. Тэр нь бодогдоод л дотор бачуураад хэсэгтээ хэцүү байсан.

-Таныг хүмүүс МУГЖ-д “тодорхойлоод” л цахим хуудсаар хүчтэй давалгаалах юм. 60 гаруй жил урлагт зүтгэсэн хөдөлмөрийг нь төр засаг биш ч ард түмэн үнэлж байх шиг санагддаг юм. Танд надтай ижил мэдрэмж төрөх юм уу, эсвэл ичиж, бэргэдэг үү?

-Хоёр жилийн өмнөөс л  цахим хуудсаар тийм юм яваад байдаг болчихсон. Зарим хүмүүс “чи хүмүүс турхирлаа” гэж хэлээд намайг гомдоодог л юм. Намайг өөрөө л хийгээд байна гэж ойлгодог юм шиг байна лээ. Би яалаа гэж тийм булай юм хийх вэ дээ. Заримдаа бүр “Би мөрөөрөө л хайртай ажлаа хийе. Битгий ийм юм явуулаач” гээд доор нь биччихдэг. Ер нь одон медаль, цол хэргэм бодохгүй байхыг хичээдэг болсон. Нэлээд олон жилийн өмнө би “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийн  Дэмбэрэл гэж хүн оролцсон дугаарыг үзэж байлаа. Тэгсэн тэр хүн “Хүн ер нь одон медаль, хэргэм зэрэгтэй болоод, нэг юм энгэртээ зүүчихвэл хүнээ алдчихдаг юм билээ” гэж хэлж байсан юм. Тэр тун үнэн үг. Хүндтэй шагнал аваад, хүнээ гээчихсэн нөхөд олон бий. Тэгэхээр өнөөх айхавтар цол, тэмдэг хүнийг эвдэлчихдэг юм болов уу. Ний нуугүй хэлэхэд, нэг хэсэг шагнал, цол сэмхэн бодогддог л байсан. Гэхдээ миний гэхээсээ илүү ээжийн минь хүсэл байсан юм. Ижий минь “Энэ хүн амьтан том, том шагнал аваад л байх юм. Миний охинд өгөхгүй юм. Нөхөргүй болохоор нь өгдөггүй юм байх даа” гэж байсан удаатай.

- “Эхиймаа” киноны Насанжаргалын дүрд тоглосныхоо дараа шүүмж бичиж, багагүй шуугиан тарилаа шүү дээ. Таныг тоглосон киногоо шүүмжилж байхын өмнө нь ер үзээгүй. Юу таны сэтгэлийг тэгж их гонсойлгосон юм бэ?

 “Эхиймаа” киноны тухай пост бичсэний дараа “Залуу хүний анхны уран бүтээлийг харлууллаа” гэх дайралт их ирсэн. Тиймээс гурав хоногийн дараа устгасан. Нэг зүйл дээр тайлбар хиймээр байна. Би тэр уран бүтээлийг харлуулж, рейтингийг нь унагаах зорилгоор пост оруулаагүй. Хайрлаж урласан дүрээ хайран болчихсон байхыг хараад харамсал төрсөн төдий. Гэхдээ би пост бичихээсээ өмнө Алдармаагаас зөвшөөрөл авсан. Нээлтийн дараа Алдармаа руу “Киногоо үзлээ. Зураг авалт эхлээгүй байхад чи “Эгчээ, Насанжаргал бол мөрдөнд байхад надад их тусалсан, сайхан сэтгэлтэй бодит хүний дүр шүү” гэж хэлсэн биз дээ. Би энэ дүрийг яаж бодож мах, цус, нулимсаа шингээж урлалаа чи алаг нүдээрээ харж байсан. Тэгсэн миний дүр бүр утгаа алдчихжээ. Би энэ дүрийг яаж бодож мах, цус, нулимсаа шингээж урлалаа чи алаг нүдээрээ харж байсан. Эгчийнх нь цээж давчдаад, үг дуугармаар байна. Би нэг пост оруулж болох уу” гэж асуухад “Та өөрөө л мэд” гэж хэлсэн. Харин намайг пост бичсэний дараа манай киноны найруулагч надад баяр хүргэсэн. Би найруулагчид “Та киноныхоо нээлтэд яагаад ирсэнгүй вэ, миний дүрийг ч, уран бүтээлийг ч хамгаалах хүн нь та шүү дээ” гэж бичтэл “Мөнгөний мэдэлтэй хүмүүс нь мэдэх болсон тул би зориуд очоогүй юм. Миний санаа ч алга болчихсон” гэсэн. Уг нь Насанжаргалын дүр их өгүүлэмжтэй байсан юм. Тэр киноны дүр дээр хэчнээн нандин, нандин юм байдаг гэж санана. Тэгсэн юу ч үгүй арчаад хаячихсан нь даанч харамсалтай. Хэрэв тэгж хасах л байсан юм бол яах гэж намайг 44 стцент тоглуулж, юуны тулд надад мөнгө төлсөн юм.

-Дүрээ урлах гэж мах, цус, нулимсаа шингээсэн гэлээ. Үсээ хүртэл хусуулчихсан байснаас нь уран бүтээлчийн зүтгэл харагдсан?

- Урлагийн төлөө бол би үсээ хусуулахад гудайхгүй ээ. Ингэхдээ би төлбөр, ялбар ч нэхээгүй. Ер нь тийм авир надаас хэзээ ч гарахгүй. Үнэндээ хичээж тоглосон болохоор би дэндүү их харамсаад цээжээ балбаж байгаад тэр постыг бичсэн юм шүү дээ. Киногоо үзнэ гээд гоёж ирээд уйлаад гарсан. Уйлж гарснаа хаана ч дурсаагүй. Энд харин хэлчихье.

-Та завсар зайгүй зураг авалтад оролцоод, залуу хүн шиг л гялалзаж явах юм. Зарим уран бүтээлчид дүрээ ч, үнэ хөлсөө ч голоод тэр бүр хөдөлдөггүй юм шиг анзаарагддаг. Залуу жүжигчид ч Цэгмэд эгчтэй хамтарч ажиллах таатай байдаг гээд ам сайтай байдаг юм билээ?

-Би залуу хүмүүсийн уран бүтээлийг дэмжих тун дуртай. Зарим хүмүүс намайг цайны мөнгөнд тоглож, ханш унагаалаа гэдэг л юм билээ Байраа барьцаалаад уран бүтээл хийж байгааг нь хараад яаж үнэрхээд суух юм бэ. Ямар надаас тасраад мөч унах биш. Би тоглоод л өгдөг. Тэгээд ч монгол уран бүтээлчид чулуугаар хийчихсэн юм шиг бэрхшээл даадаг. Нэг хүн найруулагч, продюсероо хийнэ. Өөрөө жүжиглэнэ, тоног төхөөрөмжөө зөөнө гээд арван гартай юм шиг л зүтгэнэ. Тийм хүмүүсийн хайрлахгүй байхын ч аргагүй шүү дээ. Гаднын уран бүтээлд бол хангамж, нөхцөл сайтай. Биед амар. Огт ондоо. Миний уран бүтээлээс хойш суудаггүй бас нэг шалтгаан бол гол дүр. Би ер нь гол дүрд л шунадаг. Өөрийгөө овоглосон нэг уран бүтээлтэй болохыг туйлын их хүсдэг юм. Энд, тэнд таарсан хүмүүс “Таныг хаана харлаа” л гэдэг. “Ягаан Гажид” гэдэг шиг дүрээрээ овоглогддог болчихвол хөдөлмөр зүтгэлийн минь хамгийн том гавьяа тэр. Тиймээс би одоо ч өөрийгөө чамласаар л яваа жирийн л нэгэн уран бүтээлч.

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Цэгмид эгчдээ аз жаргал, амьдралын сайн сайхныг хүсье. Улам сайхан уран бүтээл хийж

    0 0 Хариу бичих
  2. Багын л үзсэн кино , телевизийн цуврал ангитай жүжгүүдээс энэ эрхэм сайхан ЖҮЖИГЧИН ЭМЭГТЭЙГ таньдаг болж хүндэлсээр ирсэн . Үнэхээр МОНГОЛЫН кино жүжгийн УРЛАГТ маш их хувь нэмэр оруулсан хүн шүү . Одоог хүртэл яагаад ГАВЬЯАТ гэсэн цол хэргэмийг өгдөггүй юм бээ !!!! Харин ч өдийд авчихаад МОНГОЛЫН төрдөө , үзэгчдээ баярлалаа гээд хэлээд сууж бх ёстой бсан юм. Монгол Улсын ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цолоор шагнуулахыг хүсч дэмжиж бна

    0 0 Хариу бичих
  3. Цэгмид бол багаасаал спорт урлагаар хичээлэлсэн цовоо цоглого хөөрхөн охин байсан. Хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй охин байж билээ. манай ангийхан Цэгмидийнхээ гавьяатыг хүлээсээрл байдаг юмдаа.

    1 0 Хариу бичих