Хүмүүн төрөлхтний дотроос хөөрхий монгол малчид

Мал аж ахуйн ирээдүйн чиг хандлага. Монгол дагах уу, мөхөх үү?

Гандаж буй дэлхийд цөлжиж буй Монгол

Дэлхийн мал аж ахуйн салбарт маш том өөрчлөлт явагдаж байна. Энэ нь дэлхийн байгаль орчин, цаг уурт гарч буй хувьсал, тодруулбал цөлжилттэй салшгүй холбоотой. Тэгэхээр, Монголынхоо мал аж ахуйн салбарын өөрчлөлт, чиг хандлагын талаар ярихын тулд дэлхийн хэмжээнд бэлчээрийн байдал цөлжилт ямар түвшинд байгаа талаар заавал мэдэх ёстой болно.

Цөлжилт үүсэх шалтгаан олон янз. Цөлжилтийн талаарх ойлголт, үүсэх шалтгаан сүүлийн 100 шахам жилд нэг, нэгээр нэмэгдэж наймд хүрсэн бөгөөд хамгийн сүүлд “Зогсоох боломжгүй” гэсэн харамсалтай үг орж ирсэн. Монгол орны хувьд цөлжилт үүсэх дээрх найман шалтгаан наймуулаа байгаа гэж үздэг. Ялангуяа Келлер, Лэмпри, Фернандезын тодорхойлсон шалтгаанууд хүчтэй илэрч буй. Малын тоо толгой сүүлийн 10-хан жилд бараг гурав дахин (2010 онд 32 сая, 2020 оны есдүгээр сард 90 сая) өссөн. Уул уурхайн хайгуул, ашиглалт идэвхтэй явагдаж буй. Эдгээр уурхайн ихэнх нь, ялангуяа говийн бүсэд байрлаж байгаа уурхайнууд бүгд газрын гүний ус ашигладаг. Цөлжилт, ургамлын төрөл зүйлийн бууралтад нөлөөлдөг дэлхийн дулаарал Монголд гурав дахин хурдтай явагдаж байгаа (Сүүлийн 40 жилд 2.1 градус, дэлхийд 0.7 градус) гэсэн судалгаа бий. Гандуу, цөлжилтөд өртөх эрсдэлтэй газар нутгийн 40 хувь нь Ази тивд байна. Энэхүү 40 хувь нь үндсэндээ Монголоос гадна Дундад Азийн дөрвөн улсад тэнцүүхэн ногдож байгаа юм.

Хувилаад бодоход дэлхийн гандуу нутгийн аравны нэг нь Монголд ногдож байгаа нь түгшүүрийн харанга дэлдэх шалтгаан мөн.

Дэлхийн олон улс орон цөлжилтөд хүн амын өсөлт, хүний буруутай ажиллагаа, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн хэт их ашиглалт гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн хүчтэй нөлөөлдөг гэж тодорхойлоод хүн амын тоог цөөлөхөөс бусад чиглэлд тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Тодруулбал, уул уурхайг хариуцлагажуулан нөхөн сэргээлтийг чанартай хийж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн тоо толгойг багасгаж байгаа юм.

Мал аж ахуйд тулгарсан асуудлууд: Орших уу, эс орших уу?

Бэлчээрийн хүрэлцээ, цөлжилтөд оруулж буй хувь нэмэр, хүн төрөлхтний хоол хүнсэн дэх үүрэг оролцоо гээд аль ч талаас нь харсан хөгжил буурай орнуудын мал аж ахуйн салбар одоо маш эгзэгтэй, цаашдын хөгжлийн загвараа тодорхойлох үедээ ирээд байна.

Мах, сүү нь хүн төрөлхтний хувьд уургийн маш чухал эх үүсвэр. 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбум болж, хэрэгцээ одоогийнхоос 80 хувиар өснө гэсэн таамаг бий. Гэтэл энэ их хэрэгцээг эх дэлхийн хязгаарлагдмал бэлчээрийн нөөцөөрөө хэрхэн хангах билээ.

Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум га бэлчээрт 1.4 тэрбум толгой мал, мөн тооны гахай, тахиа өсөж үржиж байна. Бид бүгдээрээ нэгэн зэрэг цагаан хоолтон болдоггүй л юм бол малын тоо толгой цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Гагцхүү нөөц бололцоо нь арай шавхагдчихаагүй байгаа учраас л эрдэмтэд хийх ажилтай байж, ашиг шим нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг хийж байна. Тухайлбал, АНУ-д сүүний чиглэлийн үнээ 75 жилийн өмнөхөөс дөрөв дахин их сүү өгдөг болжээ. Гэхдээ энэ нь мөн л хэсэг хугацааны дараа чинээндээ тулах нь тодорхой. Тиймээс одоо эрдэмтэд асуудлыг том зургаар харж, дараагийн алхмыг эрэлхийлээд эхэлжээ.

Олон хувилбарын дотор ер нь мал аж ахуйг цаашид бэлчээрийн байлгах нь зохисгүй гэсэн санаа ч явж байна.

Учир нь, хүн төрөлхтөн уургийн хэрэгцээнийхээ 20 хувийг махнаас авдаг. Гэтэл энэ 20 хувийг хангаж байгаа мал нийт бэлчээрийн 40 хувийг эзэгнэж, үр тарианы гуравны нэг, өвс ургамлын 86 хувийг идэж байдаг нь ашигт үйлийн коэффициент бодох шалтгаан болжээ. Хэрэгцээнийхээ 20 хувийг хангахын тулд бэлчээрээ талхлуулж байснаас больчихоод илүү өндөр ашиг шимтэй ургац авах нь дээр бус уу гэсэн санаа ч гарч болохоор. Малынхаа тоо толгойг цөөлж байгаа Австрали (Тус улсын хонин сүргийн тоо толгой түүхэн доод түвшинд хүрээд буй) зэрэг улс нь яг энэ бодлогын дагуу явж байна. Гарсан орон зайг нь шавьж хорхой зэрэг уургийн шинэ эх үүсвэр олох, органик бодисыг генийн инженерчлэлийн аргаар өөрчлөх технологиор нөхнө гэж тооцжээ.

Дэлхий чинээндээ тулчихаж, харин Монгол яах вэ?

Дэлхий дээр мал аж ахуйн салбар ийнхүү хурдацтай хөгжиж, чинээндээ тулахад ойртож байна. Гэвч энэ нь Монгол Улсад боломж байхгүй гэсэн үг биш юм. Харин ч зам товчлох, илүү хурдан ахих бололцоо бүрдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад дэлхийн махны хэрэгцээний ихэнхийг гахай (нийт хэрэглээний 36 хувь), тахиа (33 хувь) бүрдүүлж, манайд байдаг үхэр (24), хонь, ямаа (5 хувь) багахан хувийг эзэлж байгаа. Энэ нь бас л манайд боломж байхгүй гэсэн үг биш. Байгаа нөөц бололцоо нь л ийм гэж ойлгох хэрэгтэй юм. Тиймээс манайд зах зээл хангалттай гэсэн үг.

Малын гаралтай бүтээгдэхүүн тус бүр дээр өдгөө чанар, эрүүл ахуйн нэгдмэл стандарт, худалдааны сүлжээ бий болжээ. Бидний гол даалгавар эхний ээлжинд дотооддоо энэ сүлжээг бий болгох явдал болоод байна. Хөдөө аж ахуйн биржийг утгаар нь ажиллуулж, улсынхаа хаанаас мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрэгтэй газарт нь түргэн шуурхай хүргэдэг болсон цагт дараагийн буюу экспортын асуудлыг ярьж болно.

Одоохондоо бидэнд хоёр хөршөө даван дэлхийн сүлжээнд ороход хоёр том саад байгаа. Нэгдүгээрт, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй хоцрогдсонд байна. Дэлхийн сүлжээнд орсон улсууд бараг бүгд эрчимжсэн мал аж ахуйтай.

Хоёрдугаарт, бүтээгдэхүүний чанар. Монголд ч дэлхийд ч махны чанарын талаар баримталдаг философи нь бараг адилхан. Сайн өвс идэж, цэнгэг усаар ундаалж, цэвэр агаараар амьсгалах нь гол гэж үздэг. Гэхдээ түүнээс цааш арай ялгаатай.

Сүлжээнд орсон улсуудын мах бэлтгэх үйлдвэрүүд Европ, АНУ- ын мах, махан бүтээгдэхүүнд тавьдаг ВРМ, НАССР стандартыг хэрэгжүүлэхийг гол зорилго болгож ажилладаг. Зорилтот зах зээл гэж харсан улсынхаа стандартыг л харж ажилладаг гэсэн үг юм.

Мах авах улс үйлдвэрээ өөрсдөө сонгодог, ингэхдээ шаардлага хангасан газруудаар л явах нь ойлгомжтой шүү дээ.

Монголын зовлон буюу уул уурхай, мал аж ахуйн эсрэгцэл

Монголд ер нь юу болоод байгаа юм бэ, ганц манайд ийм юм уу, бид ер нь хаашаа харж, юунд зорих ёстой юм бэ гэдэг багцаа өгөх зорилготой эхний хэсэг маань нэлээд урт болчих шиг боллоо. Одоо дотоодын бодит байдал, тулгамдсан асуудалдаа оръё.

Монгол орны МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдалд тулгамдаж буй хамгийн том хүндрэл бэлчээрийн доройтол, усны хомсдол болжээ. Мал сүргийн тоо толгой энэ жил 90 саяас давж түүхэн дээд хэмжээнд хүрэв. Малыг мах гэж хардаг хүмүүсийн хувьд энэ бол сайн мэдээ. Гэвч ашиг шимийг нь хүртэх тал дээр хийх ажил их байгааг бодит байдал харуулж байна.

Монгол нүүдлийн биш, хэт холын нүүдлийн мал аж ахуйтай болчихжээ

Манай сурвалжлах баг өнгөрсөн сарын сүүлчээр Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаад ирсэн юм. Энд ажиллахдаа мал аж ахуй, малчдад тулгамдаж буй бодит бэрхшээлүүдийг олж мэдсэн билээ.

Нийслэлд энэ зун бороо хур элбэг байж, улиг болохоо шахсан. Тэгвэл улсын хэмжээнд алагтай цоогтой оржээ. Зуншлага зарим газар сайхан байхад хур борооны бараа хараагүй нутаг ч байна. Тиймээс малчид өнгөрсөн зургадугаар сараас авахуулаад л малаа оторлон холын замд гарчээ. Говь-Алтай аймгийн хувьд урд талын таван суманд зуншлага тааруу байсан гэнэ. Биднийг очиход Бигэр,

Эрдэнэ, Чандмань, Дэлгэр сумдаас хойд талын Шарга, Баян-Уул, Хөхморьт сумыг чиглэсэн нүүдэл ид үргэлжилж байв. Оторчдын зарим нь бүр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас явж байна. Баянхонгорын зарим суманд энэ жил бороо хур багатай зун болсон. Долдугаар сард бага зэрэг ногоо гарсан ч хавь ойроос оторчид цуглаж хамтдаа идэж уугаад дууссан гэнэ. Наймдугаар сард ч тэнгэр хур хайрлаагүй тул малчид нь цөм сүргээ үлдээж, наймаалж арилжих малаа туугаад тал, тал тийшээ гарчээ. Зөвхөн худалдаалж арилжих мал гэхэд “Нэг айлын 1000”, “Хоёр айлын 1500 мал яваа” гэхчлэн ярих юм.

Баянхонгорчууд ийнхүү нутаг сэлгэснийг зөвхөн энэ жил бороо хур багатай байсантай холбож болохгүй, малын тоо олширч бэлчээрийн даац хэтэрснийг оторчид хүлээн зөвшөөрч байна. Жишээ нь Баянхонгор аймаг 2010 онд 1 962 997 толгой малтай байсан бол өнгөрсөн жил 4 644 871 болж өссөн байна. Тиймээс бэлчээр хүрэлцэхгүй болж, гайгүйгээ нутаг орондоо үлдээгээд туниа муутай туранхай малаа туугаад оторт гардаг бололтой. Энэ нь нэг талаас харвал илүүдсэн малаа бусдын бэлчээрийг идүүлж олз ашиг олох гэсэн мэт. Нөгөө талаас харвал, өөрсдийнх нь нутагт бас л өөр аймгийн оторчид ирж нийлээд идчихсэн болохоор хаа хаанаа адил нөхцөлд орчихож. Хүний нутаг, өөрийн нутаг гэсэн ойлголт үгүй болсон байна. Есөнбулаг сумаас хойшоо нүүж яваа оторчдоос нутгийн иргэдтэй үл ойлголцох явдал гарч байна уу гэхэд “Ус нь задгай юм болохоор гайгүй. Худагтай байсан бол хэцүүдэж мэдэх байсан байх. Одоогийн малчид бэлчээр, уснаасаа болж муудалцаад ах дүү, хамаатан саднаа ч болих шинжтэй” гэсэн нь нэгийг хэлнэ.

Мал сүрэг улсын хэмжээнд 2010-2019 онд 32 729 530-аас 90 гаруй сая болж, бараг гурав дахин өссөн. Энэ хооронд нийт бэлчээрийн 60 хувь нь доройтож, зөвхөн 2019 онд 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэжээ.

Баянхонгорын Баян-Өндөрийн оторчид нутгаас гараад сар болсныгоо “Гайгүй” гэх. Хойшоо Хөвсгөл, Завханы чигт гарсан оторчдоос зургадугаар сард гараад одоо болтол хариагүй байгаа учир тэр гэнэ. 42 километрийг гүйлтийн марафон, 100 километийг хэт холын марафон гэдэг шиг манай монголчууд нүүдлийн байснаа аймаг алгасдаг хэт холын нүүдлийн мал аж ахуйтай болчихсон байна.

Төр өөрөө малчдад “Тооны хойноос хөөцөлд” гэж хэлсэн

Социализмын үед малчдыг шагналд тодорхойлохдоо “600 хониноос 632, 634 төл байжуулж” гэх мэтээр чанарын элемент бага ч гэсэн оруулдаг байж. Харин одоо шууд “1000-т малчин” гэж өргөмжлөөд олон малтай бол ямар ч маргаангүйгээр “Сайн малчин”-д өргөмжилж, энэ нь УИХ-ын гишүүдийн ажлын нэг үзүүлэлт болтлоо гажуудсан байна. Тиймээс “Сайн малчин” шалгаруулахдаа тоог бус чанарт анхаарч, мал нэг бүрээс авах ашиг шимийн үзүүлэлтийг голлодог болбол цаашдын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн хэрэг болно. Төр энэхүү чиглүүлэх үүргээ биелүүлэхгүй бол Монголын бэлчээр цөл болж, өсгөсөн олон мал нь нэг зуднаар сүйрэх магадгүй боллоо. Ер нь малын тоог ажлын үзүүлэлт болгож яваа дарга нартай гавьяа шагнал биш хариуцлага ярих цаг нь иржээ.

Харангадах аюул дор амьдрах хүн, мал

Малчидтай бэлчээрийн талаар яриа өрнүүлэхэд худаг усны асуудлыг бэлчээрийн доройтлоос илүү чухалд тооцож байлаа.

Хур бороо бага, гадаргуугийн ус ховор говь нутагт мал аж ахуйн усан хангамжийг гүний худгаар шийддэг.

Тэгвэл өдгөө говийн болон баруун бүсийн өмнөд нутагт байгаа худгуудын хөрсний ус доошилж, шүүрэлт нь илт багасаж, зарим нь бүрмөсөн ширгэжээ. Тиймээс байгаа ганц нэг худаг дээрээ хэтэрхий олон айл шавж тэр хавийнхаа бэлчээрийг талхалдаг юм байна. “Худаг гаргаад өгчихвөл нутаг бэлчээр уг нь байгаа” гэж нэг бус малчин өгүүлсэн. Нэг нь бүр “Худаг ус гаргаж өгөхгүй байсаар уул уурхай болгочих тохиолдол байна. Усаар нь хясаж хүн мал ойртуулахгүй байж байгаад ухдаг юм биш үү”гэж хардаад байгаа гэсэн билээ.

Өмнө нь хэвийн дүүргэлттэй худаг ширгэж хатсан тохиол бидэнтэй ч таарсан. Хөхморьт сумын нутаг дахь Шар харганын худаг 130 метр гүн өрөмдлөгтэй ч энэ хавар ширгэж усгүй болжээ. Тэр хавьд уг нь хэдэн малын даа авчихаар газар байсан гэж Хөхморьт сумын малчин А.Таванцэрэг бидэнд ярьсан юм.

Ойр зуурт таарах малчидтай худаг усны талаар хөөрөлдөхдөө тэднийг бас худгаасаа ундаалдаг юм бодож байсан нь буруу болохыг А.Таванцэрэг залруулсан. “Манай эндхийн худгууд борзонтой учир хүн ууж болдоггүй. Тиймээс бид 15-20 км холоос амны усаа зөөдөг” хэмээн ярьсан юм. Говийн худгууд ер нь ийм гэнэ. Хэчнээн гүний ус ч хужиртай учир хүнд тохиромжгүй байдаг аж. Харин малд бол чихэр л гэсэн үг гэнэ лээ. Хөхморьт сум өнгөрсөн жил аймгийн төсвийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийнхөө нэг худгаа иж бүрэн шинэчилж, шүүлтүүр тавьж сайхан болгожээ. Харин хөдөө рүүгээ байдал хүнд. Малчдаас тулгамдсан асуудлуудыг нь сонсож явахад худагт шүүлтүүр тавьж хүн уух боломж бүрдүүлбэл том дэмжлэг болно гэцгээж байв.

Аймаг орон нутгийн төсөвт худаг ус гаргах мөнгө жил бүр суулгадаг. Харин энэ жил коронавируст цар тахал гарч, Засгийн газраас тэвчиж болох зардлаа бүгдийг тэвч гэсэн тул тэвчжээ. Харин харангадаж буй хүн мал тэвчих эсэх нь хаана хаанаа хамаагүй бололтой.

Биржийн хөл хүрээгүй газар ченжийн гар хүрнэ...

Бэлчээрийн талхлагдал, доройтол нь мал сүргийг ган зуд, бусад эрсдэлд улам эмзэг болгодог байна. Малын тоо толгой ихсэх тусам ган, зудад маш хүчтэй өртөж, ихээхэн хохирол амсдаг нь амьдрал дээр батлагджээ. Тиймээс энэ өвөл малын тоо толгой ихээр хорогдох магадлал өндөр байна. Гэтэл малчдаас малыг нь авах газар алга.

“Ямааг 20 мянган төгрөгөөр авахгүй байна” гэж гоморхсон малчинд үнэндээ хэлэх үг олсонгүй. Дэмий л “Хөдөө аж ахуйн бирж дээрээ өгч болдоггүй хэрэг үү” гэвэл мэдэх хүн байсангүй. Үнэндээ ч хөгжүүлээд долоон жил болоход ХААБ маань ноос, ноолуураас хэтрээгүй хэвээрээ үлдсэн байх юм. Үүсгэн байгуулсан нам нь солигдсон гээд энэ ажлын эрчийг сааруулсан гэвэл итгэмгүй. Гагцхүү ач холбогдлыг нь илүү ойлгож, төр засгаас анхаарал тавих шаардлага байна.

Махны тухайд биржийн үүргийг ченжүүд гүйцэтгэж байгаа ч ашгийн төлөө хэт улайрсан, дүрэмгүй, хувь хүний харилцаанд тулгуурласан, нэг, нэгнээ хяссан шинжтэй. Замд таарсан ченжээс “Ямаа яагаад 20 мянган төгрөгийн үнэ хүрэхгүй байдаг юм” гэхэд “Сарын өмнө 40-60 мянгаар авч байхад наадуул чинь өөрсдөө өгөөгүй л дээ” гэх жишээтэй. Малчид нь “Удахгүй ноолуур гарах юм чинь ямааны арьсны үнэ өснө л дөө” гэх. Энэ нь малчдад найдваргүй, ирээдүй нь тодорхой бус байдлыг бий болгож байгаа нь илт.

Бирж бол төр. Малчид ченжтэй бус, төртэйгөө наймаа хийхийг хүсэж байна. Тиймээс УИХ, Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, ХААБ- ийн “Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, ложистикийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх” эрхэм зорилгыг биелүүлэх шаардлага байна. Аймгийн төв болгонд хөргөгчтэй агуулахууд барьж, малчдыг сургалтад хамруулж биржийн арилжааны учир утгыг ойлгуулаад өгчихвөл болохгүй юмгүй. Мах экспортлох зөвшөөрөлтэй компаниудад нийлүүлэх махыг хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох зорилготой ченж биш, төрийн бодлого хэрэгжүүлж буй биржээр дамжуулж бэлтгэж өгье. Хотод борлуулах нөөц бүрдүүлэхдээ биржээр дамжуулъя, ингэхдээ малчдаа жаахан бодъё оо л гэж байгаа хэрэг. Социализмын үед монгол малын махыг сорчилж Орос руу гаргадаг байсан систем капитализмын үед ажиллахгүй байгаа шалтгаан нь төрийн хариуцлагагүй, алс байтугай ойрын хараагүй бодлоготой холбоотой юм.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын малчин Б.Ганцогт

МАЛЧИД МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР ӨГӨХӨД БЭЛЭН БАЙНА

Сүүлийн жилүүдэд манай нутагт зуншлага сайхан болохоо болилоо. Жилээс жилд муудсаар энэ жил гоц муу байна. Бороо хур орох нь багассан. Өмнө нь ус арвин байсан булаг шанд ширгэж, намаг болж байна. Худаг ус ч их ширгэж байна. Юундаа байдаг юм мэдэхгүй. Уул уурхайгаасаа ч болдог юм уу. Сүүлийн хоёр, гурван жилд л ингэчихлээ. Хадлан тэжээлийн асуудалд төр засгаас анхаарч өгмөөр байна. Алслагдсан сум болохоор тэжээл ховор. Байгаа нь үнэтэй. Нэг шуудай тэжээл 18-20 мянган төгрөг. Ченжүүд 4000-5000 төгрөгөөр аваад бидэнд 18 мянган төгрөгөөр зардаг. Малын тоо толгойг цөөлөх ёстой гэдэгтэй малчид бид ер нь санал нийлдэг. Үүлдэр сайжруулах ажлыг ч боломжоороо хийгээд явж байна. Худаг ус, малын түүхий эдийн үнийг өсгөөд өгвөл малын хөлийн татвараа өгөхөд цааргалах юмгүй.

Малчин А.Таванцэрэг

ОЛОН МАЛЫН ХЭРЭГ АЛГА

Чанаржуулах тал дээр бол малчид анхаардаг. Ер нь амьжиргаандаа тохирсон малтай байхад л болно гэж ярьцгааж байх шиг байна. Хэт эрлийзжүүлэх бас хэцүү. Нутаг орны онцлог гэж байна. Манай энд ч зарим үед -40 хэм хүрч хүйтэрнэ шүү дээ. Ашиг шимийн тал дээр бол их л байх. Малаа эрүүлжүүлэх тал дээр ч өөр болсон. Эм тариаг үнэ ханш хамаагүй хийлгэдэг болж. Малын арьсыг шивээ их гэмтээдэг, манай энд бол шивээ бага. Гэтэл ченжүүд ямааны арьсыг 500, хонины арьсыг 1000 төгрөгөөр авч байна шүү дээ. Одоо л авч эхэлж байна. Өмнө жилийн арьсыг бол хог дээр хаяж байлаа. Малын арьсыг ашиглах тал дээр төрийн бодлогоор анхаарахгүй бол болохгүй нь ээ.

Хүмүүн төрөлхтний малчдаас хөсөр хоцорсон монголчууд

Хөдөө аж ахуй хөгжсөн орнууд хийгээд монгол малчдын аж ахуй эрхлэх хэв маягийг хамгийн энгийн үзүүлэлтээр харьцуулаад үзье. Эндээс манай аж ахуй бизнес, ажлын зарчмаар биш ойлгомжгүй, зохион байгуулалтгүй нөхцөлд хөгжих биш өдөр хоногийг аргацаан оршин тогтнож байгаа нь харагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эхлээд татвар төл

    0 0 Хариу бичих