Урлаг Монголд хөгжихгүйн төлөө...

Дундад зуун руу тэмүүлэх бидний урлагийн үнэлэмж

“Урлаг Монголд хөгжихийн төлөө...” хэмээн залуус дуулалдана. Урлаг гудманд гарлаа хэмээн уран бүтээлчид уурлалдана. Урлагийг дэмжих гэж Соёлын яам байгууллаа хэмээн төр засаг тунхаглана. Урлаг нь харин яг хаана нь оршоод, хаана нь хөгжөөд, хаанаа дэмжүүлээд байна гэхээр хариулах хүн үл олдоно.

Урлаг Монголд хөгжиж байна уу гэдэг өөрөө тун марзан асуулт юм. Урлаг бол оюун санааны үнэт зүйл, өв болохоос төлбөрийн нэгжээр үнэлхэд хүндрэлтэй зүйл. Үүнийг Гашуунсухайтаар гарч буй нүүрс шиг нарийн хэмжих боломжгүй. Бас нүүрснээс олсон мөнгөө улс даяараа авдар архины мөнгө болгоод хувааж авсан шиг барим тавим ашгийг урлаг бидэнд өгөхгүй. Ашиг олох, орлого олдог эсэх гэсэн ганцхан хэмжүүрээр хэмжигдэж буй өнөөгийн нийгэмд тэгэхээр урлаг гадуурхагдаж, хөгжөөн баясгагч, зугаа цэнгээний хэмжээнд л ойлгогдохоос аргагүй юм.

Ямар сайндаа л шинэ томилогдсон Соёлын сайд нь урлагийг ард түмэнд ойртуулна гээд гудамжинд тайз засаад тоглуулаад унахав дээ. Уг нь сонгодог урлаг харанхуй дундад зууны дараа аль 800 жилийн өмнө сэргэн мандалтын үеэс л улс орноороо хэрэн явж, явуулын үзүүлбэр үзүүлэхээ болиод театртай, тайзтай, үзэгчтэй болчихсон юм л даа. Соёлын яам маань урлагаа 800 жилийн өмнөх балар үе рүү түлхээд байгаагаас л бидний урлагт хандах хандлага, урлагийг үнэлэх үнэлэмж харагдана.

Ирэх жил 100 жилийн ойг нь тэмдэглэх Ардын хувьсгал бидэнд юу авчирсан юм бэ? Мэдээж хэрэг хамгийн чухал ололт нь Үндсэн хуульт бүгд найрамдах засаглал. Дараагийн том ололт нь урлагийн бүх л төрлүүд өөрийн сургалт арга зүй, технологи, орчинтойгоо Монголд хөгжсөн явдал юм. Урлагийн бүхий л салбарыг үүсгэн хөгжүүлэх нь социалист бүтээн байгуулалтын үеийн тэргүүлэх зорилт байсан. Үзэл суртлын цензур, уран бүтээлчдийг дарамтлах, нийгмээс гадуурхах, хясан боогдуулах нь түгээмэл байсан ч, Монгол Улс хагас зуун жилийн дотор театр, кино, цирк, утга зохиол, хөгжим, ардын урлагийн бүхэл бүтэн системтэй болж, түүнийгээ дэлхийн жишигт хүргэж чадсан нь баярлахгүй байхын аргагүй хөгжил билээ.

Харин Ардчилсан хувьсгалын дараа эдгээр салбар уналтад орсон. Төрийн дэмжлэгээр үйл ажиллагаа эрхэлдэг байсан урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдохын хамт, өмч нь үнэгүйдэж, уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлэмж гэдэг зүйл орхигдоход хүрсэн. Түүнээс хойш 30 жил өнгөрч, улс орны эдийн засаг тогтворжин, нийгмийн бусад салбар зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөл дээрээ эргэн босож чадсан байтал урлагийн салбар л элгээрээ мөлхсөн хэвээр байна. Гэхдээ салбар нь элгээрээ мөлхлөө гээд уран бүтээлчид нь зүгээр суугаагүй юм шүү. Бор зүрхээрээ зүтгэж монголын урлагийг өнөөгийн түвшинд нь байлгаж байгаа.

Хийж чадаагүй, чадахыг ч хүсээгүй менежментийн хувьчлалууд

Зах зээлийн хууль хэмээн дөвчигнөсөөр урлагийн байгууллагуудыг хувьчилсан нь сайн үр дүн авчирсан түүх үгүй. “Менежментийн хувьчлал” хэмээх сайхан үг нэг үе моодонд орж, нэр төртэй олон хүн театр, соёлын орднууд, циркийг “хувьчлан авч удирдсан” ч эдүгээ бүгд хаалгаа барьжээ.

Тайлбар нь өнөөх л зах зээл, ашиггүй ажилладаг, хоцрогдсон гэх мэт үгс. Зах зээлд тэсч үлдээнэ, ашиг олно, шинэчилж хөгжүүлнэ гэж амлаж хувьдаа авсан мөртлөө хүйтэн сэтгэлээр хандаж нийтийн өмчөөр тоглосон эрхмүүд өнөөдөр хүний нүүрийг эгц хараад, бардам үгс урсгаад явдаг нь хачирхалтай.

Үнэндээ л хэн л театрыг нураая гэж хувьчилж авах билээ. Гэхдээ тэдэнд театрыг чөлөөт зах зээлийн үед удирдах туршлага байсангүй. Зааж залаад өгөх хүн ч байсангүй. Эцэст нь тэгээд уран бүтээлчдийн баг нь тарж, театр биш барилгын асуудал л чухал болж, барилгаа тойрон хэрэлдсээр өдий хүрчээ. Ийм юм болохыг нь урьдчилан харж байсан, тийм ч учраас хувьчлал явуулсан юм болов уу гэх дүр зураг 20 жилийн хойно тодорч байна. Хүүхэд залуучуудын театр, Ард кино театр ийм л замаар орсон. Одоо араас нь Улсын цирк орлоо. Урлагийн байгууллагыг хувьчилдаг туршлага Монголд тэр үедээ ч байсангүй, одоо ч алга. Энэ сиймхийгээр ов зальтай, арай илүү мэдээлэл, боломжид ойрхон цөөхөн хүн нийтийн өмчийг үрэн таран хийчихсэн л хэрэг юм.

И.Нямгаваа найруулагчийн мэтгэснээс ургуулаад дүгнэвэл...

Хүүхэд залуучуудын театрыг “идсэн” гэгдэж, насан турш чичлүүлж яваа хүн бол Монголын театр киноны хамгийн агуу найруулагчдын нэг И.Нямгаваа. Энэ хүний хувьчлалын талаар хэлсэн үгсийн дотор анзаармаар хэд хэдэн санаа байдаг. И.Нямгаваа найруулагчийн “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагын хэсгээс эшэлье:

…Уг нь менежментийн хувьчлалаар авна гээд гурван жилийн хугацаанд улсаас төсөв авахгүйгээр 150 сая орчим төгрөг зарцуулаад байв. Гэнэт Төрийн өмчийн хороо, “Хэл ам, бослого суулт болоод байна театрын чинь барилгыг дуудлага худалдаанд оруулна” гэв. Өдөр шөнөгүй танай Ц.Төмөрбаатарын өргөдөл заргаар энд тэндгүй дуудагдаж залхлаа гэсэн...

...Тэгээд ТӨХ, 3 сарын дотор 215 сая төгрөг төлөөд ав гэсэн шийд гарсан. Уг нь 3 жилийн хугацаанд энэ мөнгийг үе шаттай төлөх гэрээтэй байсан ч хэл амыг нэг тийш болгох шаардлага гарсан даа. Энэ үед аяндаа миний театр байгуулах мөрөөдөл унтарсан. Сүүлд өргөтгөл хийсэн хөрөнгө оруулагч “Строй инвест”-ийн Г.Зориглон чамаас болж өрөнд орлоо гээд “Хаан” банкинд өгсөн байдаг. Уг нь яахав дээ олон улсад банкууд өөрийн гэсэн кино компани, театртай байдаг шүү дээ. Би ч тэрний нэг хэлбэр гэж бодоод өнгөрсөн. Би зээлийн бичигт гарын үсэг зурж байснаас “Хаан” банкны төлбөрт зураагүй юм байна. Тэгээд ч уран бүтээлч хүнд барилга байшин ямар хамаа байх вэ...

...1995 онд Соёлын сайд Н.Энхбаяр байхдаа Хүүхдийн театрыг жүжигчин найруулагчгүй зөвхөн байрны захиралтай байх шийдвэр гаргаж байлаа. Дараа нь 1996 онд Гэгээрлийн яам (Сайд Лхагважав) намайг кино үйлдвэрийн даргаар тавих тушаал төлөвлөөд, Хүүхдийн театрыг Драмын театртай нийлүүлэн, Ардын дуу бүжгийн чуулгыг, Үйлдвэрчиний соёлын төвд аваачин, Үйлдвэрчний соёлын төвийг Хүүхдийн театрт аваачих гээд сонин хачин төлөвлөгөөтэй байсан даа. Би л анхдагч нь болж театрын “туйпуу” залгисан хэрэгт ороод байгаа болохоос театрууд тусгайлан жүжигчдийг тэжээдэг тогтолцооноос салж байрууд хувьчлалд шилжих нь ойлгомжтой. Одоо хэсэг бүлгээрээ хамтлаг, продакшн болоод байр савтай нь гэрээ хийгээд тоглоод л байна шүү дээ. Тэгээд ч Монголд учир мэдэх хүн үл хөдлөх хөрөнгөтэй байя гэж бодохоо больжээ. Муугаар бодоход Алтжингийн галын аюул шиг юм амар тайван унтуулахгүй шүү дээ…

И.Нямгаваа найруулагчийн дээрх ярианд хоёр ойлгомжтой санаа байна. Эхний санаа. Уг нь тэрээр театр байгуулъя гэж боджээ. Харамсалтай нь хэт их хэл ам, дээр нь өргөтгөлд зарцуулсан санхүүгийн тооцоогүй байдлаас болж түнш нь Хаан банкинд “өгчихсөн” байна. Үүнтэй хамт түүний театр байгуулах бүтээлч эрмэлзлэл унтарсан гэх. Ямартай ч менежментийн хувьчлалын гол оролцогч явцын дунд зорилгоосоо ухарч энэ төсөл бүтэлгүйтжээ. И.Нямгаваа сайн уран бүтээлч байсантай хэн ч маргахгүй. Гэхдээ сайн менежер байсангүй. И.Нямгаваа найруулагч энэ бүтэлгүйтэлдээ олны хэл ам, зах зээлийн зарчим хоёрыг буруутгахаас биш улсын нэг томоохон театрыг үрэн таран хийсэндээ хариуцлага хүлээх байтугай уучлал гуйсан ч үгүй өнөөдрийг хүрчээ. Хүүхэд залуучуудын театрын урын сан, эд хэрэглэлийн зүйлс хааш ууршин алга болсныг тайлбарлах хүн ч олдохгүй. Уг нь тэнд ажиллагсад ухамсарт амьдралаа үргэлжлүүлсээр буй.

И.Нямгаваа найруулагчийн хоёр дахь санаа нь театрын чиглэлээр ажиллаж буй уран бүтээлчид хувьд гарч, тоглолт хийдэг театрын барилгыг түрээсийн байгууллага маягаар явуулах цаг нь ирсэн гэсэн санаа. “Театрууд тусгайлан жүжигчдийг тэжээдэг тогтолцооноос салж байрууд хувьчлалд шилжих нь ойлгомжтой” гэх анх сонсоход тун сайхан түүний энэ санаагаар Драмын театрыг менежментийн хувьчлалд бэлтгэн, тоглолт хийдэг ордон болгох санаачилга 2000- 2001 оны үзвэрийн жилд гарч байсан билээ. Нэг дор 38 жүжигчин халагдах нөхцөл үүссэн тэр үед Драмын театрын Үйлдвэрчний эвлэл энэ санааг хүчтэй эсэргүүцсэнээс болж санаачилга тэгсгээд зогссон байдаг.

Хэрэв Драмын театр ч бас Хүүхэд залуучуудын театрын замналаар менежментийн хувьчлалд орсон бол өнөөдөр Монголд энэ хэмжээний мэргэжлийн урлагийн байгууллага үлдэх байсан уу гэдэг эргэлзээтэй асуудал.

Театрын барилга хэн нэгэн хөрөнгөтний өмч, эсвэл Соёлын төв өргөө шиг улсын өмчлөл дэх тоглолтын заал болсон бол Монголд хувийн театрууд олноороо хөгжөөд, Монголын театрын урлагийн хөгжлийн түвшин өнөөгийнхөөсөө илүү өндөрт хүрэх боломжтой байсан уу?

Эсвэл хоёр сайхан театртай байсан, одоо хэдэн чанаргүй продакшнтай боллоо гэсээр ахмад жүжигчид нулимсаа арчин дурсаж суух байсан болов уу? Хүүхэд залуучуудын театрын туршлагаас харвал хоёр дахь хувилбар нь арай л амьдралд ойр буугаад байгаа юм.

Сүмо бөхийн их аваргын тааллаар циркзаал болж хувирсан нь...

Монголын циркийн менежментийн хувьчлал үе үе халуун сэдэв болдог. Бүхний нүдэн дээр байгаа үнэн бол барилгын ажлын улирал дуусахтай зэрэгцэн циркийн барилгыг дотроос нь нурааж, ердөө гадаад каракасыг нь үлдээгээд байгаа. Энэ үйл явдал Засгийн газраас хувьчлалын асуудлыг эргэн харах ажлын хэсэг байгуулагдсан, Соёлын яамны сайд урлагийн байгууллагуудын менежментийн хувьчлалыг эргэн харахаа мэдэгдсэнтэй давхацсан нь сонирхол татна.

Улсын циркийн үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг төрөөс өгч чадахаа болилоо хэмээн шалтагласаар 2007 онд менежементийн хувьчлалд оруулсан. ЖДҮ-гийн сангаас гишүүдийн авсан тэрбум төгрөгийн тавны нэгтэй тэнцэх 200 сая төгрөгийг төр төсөвт суулгаж чадахгүй гэсэн шалтгаанаар л хувьчлалд оруулсан нь гайхмаар. Ханшийн өөрчлөлтийг хасаад харсан ч санаа зовмоор бага мөнгийг төр циркээсээ харамлажээ.

Хувьчлалд оролцсон гурван баг мэдээж хэрэг өөр өөр хэмжээний үнийн дүнтэй хөрөнгө оруулалтыг санал болгосон. “Их цирк” баг

5.2 тэрбум, “Монгол цирк” баг 4.4 тэрбум, “Аса” баг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна. Үүнээс хамгийн бага хөрөнгө оруулалтын санал тавьсан баг нь хувьчлалын ялагчаар тодорсон нь бас л гайхмаар.

2007 онд нэг талаас Төрийн өмчийн хороо болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийжээ. Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн. Жилийн дараа аудит болон ТӨХ-ноос “АСА” багийнхан гэрээнийхээ биелэлтийг сайн хангаж байгаа гэж дүгнээд Менежментийн гэрээг дуусгавар болгож циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр шаламгайлан худалдсан түүхтэй.

Циркийн урлаг хоцрогдсон, жил тойрон цирк үзэхээргүй болтлоо монголчууд соёлжсон хэмээн мэдэмхийрэгчид олон байна. Циркэд зөвхөн цирк тогло гэж хэн ч хэлээгүй. Мэргэжлийн урлагийн байгууллагыг хөгжүүлэхийн хажуугаар өөр олон талт үйл ажиллагаа, менежмент хийнэ гэж найдсан учраас л хувьчилсан. Гэтэл эрхэм хүндэт Аса аварга маань аваад цирк ч биш, заал ч биш, баар ч биш болгочихсонд л асуудал байгаа юм.

Гэрээ хэрэгжээгүйг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай 2014 онд хэд хэдэн үндэслэл дурдан зарлаж, шаардлага хүргүүлсэн ч улстөржүүлсээр байгаад замхруулсан. Үр дүнд нь хувьчлалаас 30-аад ажилчин, 200 орчим уран бүтээлч, 40 гаруй мал, амьтан, жилд 1400 удаагийн тоглолт хийж, 890 мянган хүнд үйлчилдэг байсан циркчид өнөөдөр “Circus Mongolia Khadgaa”, “Шинэ цирк” төв, “Анжелс” студи, “Х Roses” студи, “Хан Монгол” продакшн гэсэн хувийн циркүүдэд хуваагдан, хилийн чанад руу нүүдлийн шувуу шиг ирж буцан ажиллаж байна. Одоо циркчингүй болсон Аса циркийн манежийг түрээслэх, эсвэл өөрсдийн босгосон давчуу асартаа тоглох хоёрхон сонголт тэдний өмнө бий.

Төрд үлдлээ гээд гийгүүлсэн нь ховор...

Урлагийн байгууллагын хувьчлалууд бүгд бүтэлгүйтсэн талаар хангалттай уншлаа. Гэхдээ төрд үлдлээ гээд гийж гийгүүлсэн юм ч бага аж. Арай гэрэлтэй мэдээ УДЭТ- ын зүгээс л дуулддаг. Драмын театр ямартай ч ашигтай ажиллаж байгаа.

Олон хүний сонирхлыг татдаг Монгол кино нэгтгэл ТӨҮГ буюу хуучнаар Монгол кино үйлдвэр өдгөө үйлдвэр гэхээсээ илүү үйлчилгээний байгууллага болсон. Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго үүнийг технологийн хоцрогдолтой холбон тайлбарласан юм. Кино үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд эдүгээ мэдээж хуучирсан. Дижитал эриний үед кино хийх тухай ойлголт орвонгоороо эргэснийг тэр учирлав.

2019 оны шилэн дансан дахь мэдээг харвал кино үйлдвэр 713420900 төгрөгийн орлого олжээ. Нэг ЖДҮ-гийн мөнгө ч хүрэхгүй орлоготой компани гэсэн үг. Ерөнхий нягтлан бодогч Г.Төрбатын ярьснаар Монгол кино нэгтгэл жилд 400 сая төгрөгийн орлоготой ажилладаг бөгөөд жил бүр 100-150 сая орчим төгрөгийг улсад татвар, ногдол ашиг хэлбэрээр өгдөг байна. Энэ оны гуравдугаар улирлын шилэн дансан дахь мэдээг харвал батлагдсан 22 хүний орон тоотойгоос өдгөө 19 хүн ажиллаж байгаа ажээ.

Кино үйлдвэрийн гол үйлчлүүлэгч нь Боловсрол суваг телевиз. Тус телевизийн томоохон бүх контент болон олон ангит кинонууд кино үйлдвэрийн павильонд хийгддэг ажээ. Кино үйлдвэр павильоноос гадна 14 мянган хувцас хэрэглэл, 20 гаруй машин болон жижиг хэрэглэлийн сангаа жилд 20 гаруй продакшн, студид түрээсэлж орлого олдог байна. Кино үйлдвэрт мөн дуу шуумны хоёр студи бий ажээ.

Кино үйлдвэрийн энэ байдал бол манай төрийн өмчит урлагийн байгууллагуудын ерөнхий дүр төрх. Тэгэхээр шинэ менежмент, дорвитой хөрөнгө оруулалтгүйгээр энэ салбараас юм хүлээлтгүй болжээ. Тэгээд хувьчилъя гэхээр үрэн таран болчих гээд байдаг нэг ийм урагшгүй байдалд л манай соёл урлагийн байгууллагууд байна.

“Оюуны баялаг”-аа барилгаас ялгаж харах соёл

СУИС-ийн профессор, соёл судлаач Ж.Долгорсүрэн соёл урлагийн байгууллагын хувьчлалыг зөвхөн байшин, эдэлбэр газрын хүрээнд хардаг харалган байдлыг шүүмжилсэн юм. Түүний үзэж байгаагаар соёл урлагийн байгууллагуудын хувьчлалыг эрх зүйн орчин бүрдээгүй байхад хийжээ. Хувьчилж байгаа тал нь ч, хувьчлалд оролцсон тал нь ч асуудалд бэлтгэлгүй оролцож үр дүнд нь тухайн байгууллага нь оршин тогтнох боломжгүй болсон гашуун туршлагыг бид “Зөвхөн Монголдоо” харж байна. Профессор Ж.Долгорсүрэн 2011 онд хэвлэгдсэн, “Соёл, урлагийн салбарт хувийн хэвшлийг дэмжих талаар явуулсан төрийн бодлого, түүний үр дүн” судалгааны бүтээлдээ Улсын циркийн хувьчлалын үйл явцыг дүгнэсэн нь сонирхол татлаа.

Тэрээр, “...Улсын циркийг хувьчлахдаа циркийн уран бүтээлчдийн авьяас, мэргэжлийн ур чадвар, урын санг үнэлгээжүүлж, зохиогчийн эрхийг хамгаалаагүй. Өөрөөр хэлбэл, урлагийн байгууллагын үнэт зүйл, тэдгээрийг үнэлгээжүүлэх гол асуудал орхигджээ” хэмээн дүгнэлжээ.

Бид соёлын байгууллагаа хувьчиллаа гээд барилгаа л хувьчилж иржээ. Гэтэл байшинг хэн ч, хэзээ ч барьж болно. Харин дотор нь хэн ажиллах вэ гэдэгт хэн ч анхаарал хандуулсангүй. Монгол хүн уг нь малдаа ч ингэж хандахгүй дээ.

Дэлхийн даяар “intellectual capital” буюу “оюуны баялаг” гэх ойлголт хүчтэй яригдсаар удаж байна. Материаллаг үйлдвэрлэл биш оюуны үйлдвэрлэл улам бүр хүчээ авч буй XXI зуунд оюуны баялаг орлуулшгүй үнэ цэнэтэй хүчин зүйл болох нь угаас ойлгомжтой. Оюуны баялаг гэдэгт дээрх ойлголтуудыг хамруулан авч үздэг.

Соёлын яамнаас соёл л нэхнэ

Оюуны баялгийг оймсноос доогуур үнэлдэг оронд урлаг гэдэг зугаа цэнгээний хэмжээнд очдогийн жишээ нь манай улс юм. Хэрэв соёлын бодлогодоо оюуны баялгийн хүчин зүйлийг эн тэргүүнд авч үзэхгүй бол бид элэрсэн баларсан зовлонгоо тоочин энэ хавьдаа хэрэлдсээр оюун санааны хувьд дэлхийгээс таслагдсан хоцрогдмол улс болох нь дээ. Парламентын танхимд хууль барьж орох бүртээ төрийн дэмжлэг нэрийн дор соёлын салбарт хяналт тогтоох санаа дэвшүүлж суудаг Соёлын яамныхан маань энэ талаар соёлтой бодож үзэх үүрэгтэй юм уг нь.

(Үргэлжлэл бий...)

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 455

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Я.Баяраа сайн судалгаатай бичсэн байна. Манай соёл, урлагийн салбарын удирдлагын доройтлыг цаашид хэрхэх талаар шинэ санаа дэвшүүлсэн үргэлжлэл гарна байх гэдэгт найдъя.

    0 0 Хариу бичих