Хүнсний бүтээгдэхүүнийг ариутгаж хэрэглээрэй

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирус хүнсний бүтээгдэхүүнээр дамжих эрсдэлтэй учир дараах зөвлөгөөг өглөө.

  1. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. 
  2. Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэргийг болгосон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байлгах.
  3. Хоолны хэрэгслэл, сав суулгыг тогтмол цэвэр байлгах.
  4. Хоолоо хэт их биш хэмжээгээр бэлдэж, сайтар болгох.

Хүнсийг хэрэглэхийн өмнө:

  1. Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших.
  2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байх.
  3. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх ч магадлалтай. Тиймээс ялангуяа хүүхдэд бүү уулга.
  4. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.
  5. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)