Доллар авах гэж бүү яар

МОНГОЛД ГЭРЛИЙН ХУРДААР ӨСӨЖ, БҮР ЦОЙЛЖ БАЙГАА НЭГ ЗҮЙЛ БОЛ ВАЛЮТЫН ХАНШ БАЙНА. ЖИЛЭЭС ЖИЛД ТӨГРӨГИЙН ХАНШ БҮХ ВАЛЮТЫН ЭСРЭГ СУЛАРЧ БАЙГААГ МОНГОЛЧУУД АХУЙ АМЬДРАЛ, АВДАГ ЦАЛИНГААРАА МЭДЭРСЭЭР БАЙНА.

Хоёр жилд доллар 288, юань 54 төгрөгөөр чангарав

Бидэнд хамгийн их нөлөө үзүүлж, хэрэглэдгээр нь ам.доллар, юанийн ханшаар жишээ авъя. Сүүлийн хоёр жилд төгрөг ам.долларын эсрэг 288 төгрөгөөр суларчээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 30-нд нэг ам.доллар 2550 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны аравдугаар сарын 30-нд Төв банкны ханшаар ам.доллар 2852 төгрөг байна. Нэг жилийн өмнө л гэхэд нэг ногооны ханш 2667 төгрөг байсан юм. Юанийн тухайд “Ковид-19” халдвар гарснаас хойш ханш нь “галзуурч” байна. Жилийн өмнө юань 373 төгрөг байсан бол өнөөдөр 430 төгрөг болжээ.

Ам.долларын ханшийг цалинтай харьцуулбал, хоёр жилийн өмнө нэг сая төгрөгийн цалинтай байсан хүн 392 ам.доллартай байлаа. Харин өнөөдөр нэг сая төгрөгийн цалинтай хүн 350 ам.доллартай гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд нэг хүний цалин 42 ам.доллар буюу 119 мянган төгрөгөөр “буурсан” үзүүлэлт гарч байна. 119 мянган төгрөг бол энгийн орон сууцны хороололд, дундаж метр квадрат байртай айлын цахилгаан, СӨХ гээд хэрэглээгээ өлхөн төлчих мөнгө. Гэтэл ханшийн зөрүүнээс энэ мөнгөө “алдаж” байна шүү дээ.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөв

Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ч өөрчлөлт оров. Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зах, худалдааны төвийн дунджаар гаргадаг. Аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үхрийн цул мах кг нь 12000 төгрөг байна. Энэ бол дундаж үнэ гэдгийг сануулъя. Зарим худалдааны төвд 13-14 мянган төгрөгөөр цул мах худалдаалж байгаа. Тэгвэл 2018 оны аравдугаар сард үхрийн цул мах кг нь 9311 төгрөг байжээ. Хоёрхон жилийн дотор махны үнэ 2700 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс гадна монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг цөөхөн бүтээгдэхүүний нэг талх (Атар) хоёр жилийн өмнө 1156 төгрөг байсан бол одоо 1311 төгрөг болсон байна. Мөн цагаан будаа 2732-аас 3681 төгрөг, элсэн чихэр 2560-аас 2610 төгрөг, сонгино 1170-аас 1867 төгрөг гэх зэргээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тэр ч бүү хэл таксины хөлс ч хоёр дахин нэмэгдсэнийг бүгд хэлнэ. Аж ахуйн нэгжүүд ч ханшийн зөрүүнээс болж нэлээд алдагдал хүлээж байгааг эх сурвалжууд хэлж буй. Харин одоо валютын ханш юунаас болж “тэнгэрт хадаж” байгаагийн шалтгааныг дурдъя.

Тэнцвэргүй урсгал

Аливаа зүйлийн тэнцвэрт байдал алдагдахаар аль ч талдаа хохиролтой болдог. Монголд валютын орох, гарах урсгал тэнцвэргүй болохоор ханш өсөх нэг шалтгаан болсоор байна. Манай улсад валют орох урсгал хуруу дарам буюу нүүрс, зэс, алт, багахан ноолуур, махны экспортын орлогоор л хэмжигдэнэ. Аялал жуулчлал багахан нөлөөлдөг ч энэ онд бүхлээрээ зогссон. Харин шатахуун, автомашин, түүний эд анги тэргүүтэй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, цахилгаан бараа, хэрэгсэл, өндөг, жимс чихэр зэргээр валют гарах түмэн урсгал байна.

Хийрхэл, хөөсрөл

Салхины үзүүрээр л хамхуул зүг чиггүй хийсдэг шиг олны цуурхлын сургаар монголчууд шуурдаг болж. Энэ нь валют дээр ч их илэрч байна. Ийнхүү сургаар шуурч, хиймэл эрэлт үүсгэсэн сүүлийн хоёр жишээг дурдъя. Монгол Улс олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-д орох тухай мэдээлэл өнгөрсөн оны есдүгээр сараас гарсан. Ийнхүү “саарал жагсаалт”-д орсноор Монгол Улс “Гадаадад худалдаа, гүйлгээ хийж чадахгүй, төгрөгийн ханш суларна, ам.долларын ханш чангарна” гэсэн цуурхал ч цахим сүлжээгээр явж, иргэд банк валютын захаас ам.доллар худалдан авч эхэлсэн. Бүр дараалал үүсгэсэн зураг ч цахим сүлжээгээр цацагдаж харагдсан. Ингэснээр тогтвортой байсан ам.долларын ханш сарын дотор 2700 ам.долларт хүрсэн юм. Албаны эх сурвалж нөхцөл байдлыг тайлбарлаж, “Ам.доллар авах гэж бүү яар” гэж сануулж, ямар ч эрсдэл гарахгүйг хэлсэн ч ам.долларын эрэлд гарсан монголчуудын цуваа тасраагүй. Зохиомол эрэлт үүсгэж ханшийг 20-40 төгрөгөөр нэмсэн нь хэдхэн сарын өмнөх үйл явдал. Монгол Улсын валютын хадгаламжийг цөөн хэдхэн хүн эзэмшдэг. Нийт хадгаламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөг байгаагийн 30.5 хувь нь гадаад валютын хадгаламж байна. Үүнээс иргэдийн хадгаламжийн 25.8 хувийг, байгууллагын хадгаламжийн 53.6 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, цөөн хэдхэн хүн өндөр дүнтэй валютын хадгаламж эзэмшээд, ямар нэгэн дуулианаар ханш өсгөж, зөрүүнээс ашиг олдгийг Төв банк ч зөвшөөрдөг. Ийнхүү ам.долларын хадгаламж, хэрэглээг эзэлдэг хэсэг хүмүүсийн “буянаар” ханшийн хөөсрөлтийг нийт монголчууд амсаж байна. Тэр явдлаас хойш өнөөдөр 10 сар өнгөрөхөд ханш өссөнөөс өөр ямар нэгэн хориг мэдэгдээгүй. Ковид дээр ч энэ үйл явдал дахин өрнөсөн. Өөрөөр хэлбэл, коронавирус монголчуудын валютын хадгаламжийг 4.7 их наяд төгрөгт хүргэсэн. Нэг сард л гэхэд 74 тэрбумаар нэмж байгаа юм.

Ийнхүү валютын тэнцвэргүй урсгал, хийрхэл хөөсрөл зэрэг шалтгаанаас валютын ханш ингэтлээ өслөө.

Өөдрөг төсөөлөл

“Валютын ханш цаашдаа тогтворжино. Өсөхгүй” гэдэг өөдрөг төсөөлөл байгааг Төв банк өнгөрсөн долоо хоногт танилцуулав. Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ханш тогтвортой байх төсөөлөлд гурван эерэг үзүүлэлт гарч байгааг нэрлэсэн юм.

1. Эдийн засаг сэргэх хандлага ажиглагдсан

2. Гадаад худалдаанд таатай нөхцөл байдал үүсэж эхэлсэн

3. Экспортын гол түүхий эдийн ханш сайн байгаа.

Түүнчлэн Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарсан, ирэх онуудад төлөгдөх бонд, гадаад зээлийн үлдэгдэл буурсан зэргийг нэмсэн. Валютын орох урсгал нүүрсний экспорт үлэмж хэмжээгээр буурснаас үүдэн хаагдсан ч алтны орлого нүүрсний алдагдлыг нөхөх хэмжээнд өссөнийг дуулгасан нь бас таатай мэдээ. Товчхондоо нүүрснээс 900 сая ам.долларын алдагдал хүлээсэн бол алтны орлого 800 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн байна. Ингээд дүндээ дүн тусаад валютын урсгал хэвийн үргэлжилнэ гэдэг өөдрөг, бодит тайлбар байна. Тиймээс ам.доллар авах гэж яарахгүй бол ойрын үед ханш өсөхгүй нь.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ. Дугаар 456

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. ханш хатуу, нэг л байх ёстой

    0 0 Хариу бичих
  2. савлуулж байгаа нь банк өөрөө. чэнж яахаараа банкны ажил хийх ёстой гэж. чэнж гэж юмыг хэн зохиосын. банк яагаад ажлаа өөрөө хийж болдоггүй юм.

    0 0 Хариу бичих
  3. Валютыг чинь эрсдэлгүй хадгаллаа гээд банкууд нь хадгалсны төлбөр уг нь авах ёстой юм.Гэтэл манайд эсрэгээрээ байх юм даа

    0 0 Хариу бичих
    • манайх чинь пирамид юм чинь. 5 банк дампуурчаад байнээ гэж өчнөөн л ярихын. сүлжээний доодх олонх шатышд

      0 0
  4. энийгээ тэгээд хэнд хэлээд байгаа юм бээ баячуудад уу ядуучуудад уу.хадгаламжийн хүүг тэглээд гадны банк оруулж ирээч баячуудад бялдуучлаад хөгийн хулгайчууд

    2 0 Хариу бичих
    • сүлжээний үг. ашиг чинь маргааш орж иркээдээн. алдагдал байхгүйээ. өнөө маргаашдаа ойрын үед яаааах ч үгүй гм.

      0 0